Б.ТУУЛ
Дэлхийд хүн амын нас баралтын багагүй хувь нь хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй гэсэн судалгаа мэдээлэл байдаг. Тэгвэл Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэдгийг ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний IV судалгаанд дурдсан байдаг билээ.
Тиймээс “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубээс гишүүдийнхээ нөхөрлөлийг бэхжүүлэх, ажил ихтэй, цаг зав муутай явдаг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийнхээ эрүүл амьдрах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор "Зааландаа цуглая #2" чөлөөт арга хэмжээг өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион байгууллаа.
Спорт өдөрлөгт хүрэлцэн ирсэн сэтгүүлчид энэ өдөр сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисээр нөхөрсгөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
“Спиртлэг бус Спортлог амьдарцгаая” уриатай ээлжит спорт арга хэмжээний талаар Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны тэргүүн Д.Ариунцэцэг, тус холбоог үүсгэн байгууллагч, сэтгүүлч Б.Ундрах нараас тодруулбэл“ Спортоор хичээллэхэд ямар нэгэн зорилго хэрэггүй. Мөн та тамирчин байх ч албагүй. Хүн бүр өдөр тутамдаа энгийнээр идэвхтэй хөдөлгөөн хийснээр эрүүл чийрэг байхаас гадна өөртөө итгэлтэй, өөдрөг үзэл бодолтой, эрч хүчтэй болох, цаашлаад урт удаан амьдрахад нэн тустай гэдгийг анагаах ухаанд хүртэл нотолсон байдаг. Тиймээс Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубээс гишүүдийнхээ нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдрах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Зааландаа цуглая” спорт арга хэмжээг ийнхүү тогтмол зохион байгуулах болсон. Бидний зүгээс сэтгүүлчидээ, залуусаа амьдралыг зөв хэвшилд уриалсан, спортоор давалгаалуулсан олон ажлыг хийсээр ирсэн. Энэхүү арга хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид идэвхтэй хамрагдах болсонд баяртай байна. Залуустаа амжилт хүсье” гэсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn