Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч , яруу найрагч С.Оюуныг урьж, түүний амьдралын арвин баялаг түүхийн зурвасхан хэсгийг онцоллоо.
“Хүний амьдралын өдөр бүхэн шинэ юм”
С.Оюун гуайтай уулзах цаг тохирч, “Монголын зохиолчдын эвлэл”-ийн байрыг зорив. Түүнээс юу асуух, хэрхэн ярилцах тухай бодсоор гадаа хүйтэн байгааг ч анзаарсангүй, нэг л мэдэхэд эвлэлийн байрны үүдэнд очсон байв. Монголын зохиолчдын эвлэлийн байр “Болор цом” наадам болох гэж байгаа гэхэд нам гүм, ажин түжин. Зохиолч, яруу найрагчид ч харагдсангүй.
Өмнө нь хэдэн онд ч билээ дээ, “Болор цом” наадмын өмнө эвлэлийн байраар ороход зохиолч, яруу найрагчид цуглаад, наадам болохын өмнөх орой шиг догдолсон, бужигнасан газар байдаг байж билээ. Энэ дүр зураг жилээс жилд холдож байгаад жаахан харамсангуй хаалгыг нь татан оров. С.Оюун гуай халуун аарц аягалан, “Эгч нь буцалгаж ирсэн юм, Уу” гэсээр инээмсэглэн угтав. Түрүүний эмзэг бодол, тэрхэн зуур алга болж, зохиолч, яруу найрагч эмэгтэйтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцахдаа ихэд баярлан бид ширээний ард сууцгаав. Тэрбээр “Амьдралын тойрог” гэсэн булан гэл үү. Би тэгэхээр юу ярих билээ” гэнэ. “С.Оюун гэдэг яруу найрагч, зохиолч эмэгтэйн “Амьдралын тойрог”-оос онцлох түүх, дурсамжуудыг хүргэнэ” хэмээн бидний яриа эхэлсэн юм. Тэрбээр “ Би амьдралын багагүй хугацааг туулжээ. Амьдралын энэ их урт замыг туулахад хүн гэдэг амьтан маш их өөрчлөгдөж байдаг юм байна. Залуу Оюун өнөөдрийн Оюун хоёр үзэл санаа, амьдралыг үзэх үзлийн хувьд тэс өөр. Хүн өдөр бүхэн шинийг сурч мэдэж байдаг юм байна. Намайг одоо шинэ юм сурна гэж юу байх вэ гэж хүмүүс бодож магадгүй. Үгүй юм. Хүний амьдралын өдөр бүхэн шинэ юм. Ялангуяа уран бүтээлийн зам их гэгээтэй, тэмүүлэлтэй. Хүнийг сэтгэл зүйгээр нь үзэл санаагаар нь мөнхийн залуу байлгадаг увидастай юм даа. Би одоо нас явсан ч залуучуудаа их сонсож мэдрэхийг хичээдэг. Тэртээ тэргүй миний үеийнхэн бол амьдралын “гадаа” байна. Залуучууд та бүхэн шиг оройны шоунд орохгүй, ажлын хамт олон гэж байхгүй, үеийнхэн минь ч цөөрчээ. Ийм нөхцөлд уран бүтээлчийг, намайг цэнэглэдэг зүйл бол энэ тэнд болж байгаа эрдэм шинжилгээний хурал, лекцүүд юм даа. Ер нь ирсэн урилга бүхэнд очиж , нийгмээ мэдрэхийг хичээдэг” хэмээн ярина.
Хүний их эмчээс зохиолч яруу найрагч болсон түүх
С.Оюун Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Үндэсний телевизид эрүүлийн мэндийн нэвтрүүлгийн редактораар томилогдон очсон тэр цагаас уран бүтээлээ эхлүүлжээ. Эрүүл мэндийн нэвтрүүлгийг энгийн хүн хийж чадахгүй гэсэн үзэл санааны үндсэн дээр их эмч С.Оюуныг 1971 онд Монголын анхны эмч сурвалжлагчаар томилсон түүхтэй. Тэрбээр багадаа шүлэг бичдэг, сонинд мэдээ, нийтлэл хэвлүүлдэг байсан гэдэг. Гэхдээ телевизийн ажил амар байгаагүй гэлээ. “Би тухайн үед телевизийн нэвтрүүлгийн ямар ч дөргүй, бас болоогүй ээ. Хүнээс өөр, гайгүй сайн нэвтрүүлэг хийх гэж их хичээнэ. Анх зураачийн тухай “Дөрвөн бодол” гэдэг нэртэй нэвтрүүлэг хийсэн. Тухайн үед телевизийн даргаар Чойжил гэдэг хүн ажиллаж байлаа. Нэвтрүүлгийг дарга нар үзэж батална. Гэтэл телевизээр хүний бодол гаргана гэж юу байдаг юм гээд “Дөрвөн бодол” нэрийг маань өөрчлөх гээд болдоггүй. Манай хэлтсийн дарга Зориг гээд одоогийн алдартай найруулагч байлаа. Хэлтсийн дарга маань бидний бүтээлийг их хамгаална. Ингэж хамгаалсаар “Дөрвөн бодол” нэрээр нь нэвтрүүлж байлаа. Удирдагч хүн уран бүтээлчийнхээ үзэл санааг ойлгоод дэмжих их сайхан юм байна” гэдгийг би тэр редакцад тухайн найруулагчийн удирдлагад ажиллаж байхдаа мэдэрсэн юм шүү дээ. Тэнд ажиллахдаа би маш олон нэвтрүүлэг хийж, тэндээс маш их зүйл сурсан даа” гэв. Ийнхүү их эмч мэргэжилтэй ч уран бүтээлийн замыг сонгосоноо С.Оюун гуай хувь тавилан хэмээн бодож явдаг. Онц сурлагатан байлаа. Сайн багш нартай байсан учраас их сайн эмч болох байсан. Дунд нь нэг хэсэг Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйд ерөнхий эмчээр нэг жил орчим ажилласан. Баянцогтын ард түмэн надад их сайн байсан юм шүү дээ хэмээн эргэн бодож, ярина лээ. Үнэхээр түүний хувь тавилан уран зохиол, утга зохиолыг зам байсан гэлтэй.
Эвлэлийн тухай бодол
Сурагч байхаасаа утга зохиолын дугуйланд явдаг, ном их уншдаг, утга уран зохиолд жигтэйхэн хайртай нэгэн байжээ. Тэр ч утгаараа Анагаах ухааны дээд сургууль төгсөөгүй байхдаа буюу 1970 онд Зохиолчдын эвлэлийн гишүүн болж байж. Тэр үед эвлэлийн гишүүн болно гэдэг маш том шалгууртай. Гэсэн ч С.Оюун гуайн үеийнхэнд нэг сиймхий гарч, маш азтайгаар эвлэлд элссэн гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Монголын зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг миний үеийнхэнд давшгүй зүйл байлаа. Хоёр ном гаргасан байх ёстой. Тухайн үед ном гаргана гэдэг хэцүү. Төв хорооны үзэл суртлын хэлтсээр батлагдаж байж гарна. Тэгэхээр хоёр ном гаргаад эвлэлд элсэх гэсээр байтал зохиолчид 40, 50 нас хүрчихдэг байсан юм шүү дээ. Харин бид 20 гаруйхан настай, голдуу оюутнууд элсэж байсан. Б.Хүрэлбаатар, Д.Урианхай гээд залуучууд орж байлаа. Монголын зохиолчдын байгууллагыг залуужуулъя гэсэн бодлого хэрэгжиж, ийм өнгө аясыг салхи сэвэлзэж эхлэхэд бид гишүүн болсон. Тэр үед зохиолчдын байгууллага маань төрөөс санхүүждэг. Номыг нь улсаас хэвлэж өгдөг. Эвлэлийн гишүүн ном зарна гэж мэдэхгүй. Улсаас шагналаа аваад л дараагийнхаа бүтээлд орчихдог сайхан цаг үе байсан. Энэ сайхан байгууллагын гишүүн болоод 53 жил өнгөрчээ” гэв. “Болор цом” дөхөхөөр зохиолчдын эвлэл бужигнадаг сан. Энэ жил яасан нам гүм байх юм” гэхэд “Харин тийм ээ. Миний үед бол өдөр бүхэн бужигнаантай байлаа. Том том зохиолчид шатар нүүгээд л, зохиолоо ярина. Миний Дулмаа үхэх гээд байна, яах вэ гэх зэргээр зохиолынхоо гол дүрүүдийг ярьцгаадаг, шүлгээ уншина, цэвэр уран бүтээлийн лаборатори байгууллага байлаа. Энэ байшингаар ороод гарсан хүн ямар ч байсан нэг шүлэг, зохиолын сэдэв санаатай гардаг. Зохиолч яруу найрагчдыг эрлэдэг, хурцалдаг, цэнэглэдэг ийм газар байжээ. Одоо ч нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалж, тийм дүр зураг харагдахаа больжээ” хэмээн санаа алдангуй өгүүлнэ лээ.
“Үгүйлэн санана” дуу төрсөн түүх
Түүнээс шууд л “Таны уран бүтээлийн оргил үе хэзээ байсан юм бэ” гээд асуучихав. Энэ асуултад түүний нүд сэргэнэ. Тэрбээр “Залуу насандаа онгодоороо бичсэн шүлгүүд маань их сайхан байжээ. Өөрөө бичье гэж бодоогүй, цаанаасаа өгөгдөлтэй гараад ирчихсэн уран бүтээлүүд байна. “Томоогүй явж боллоо” гээд л дуундаа бичиж байхад Монголын дууны яруу найрагт энэ үг орж ирээгүй, цоо шинэ өнгө аяс байсан. “Хол газар хилийн дээсэн дээгүүр Хоёр биенээ үгүйлнэ” гээд бичлээ. Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа бичиж байсан. Энэ дууны үг нь тухайн цаг үедээ утга уран зохиолын ерцөнцөд шинэ өнгө аяс байсан юм шүү. “Үнсье чамайгаа” гээд л дууны шүлэг бичжээ. Тэр үед монголчууд даруухан ичимхий, ийм үгтэй дуу дуулах нь битгий хэл, сонсоход ч амар байгаагүй. Гэсэн ч би яруу найргийн залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа зоригтой хэлж дуугарч бичсэн. Олон түмэнд ч их хүрсэн. Миний багш П.Лувсанцэрэн “Ер нь хүн насаараа уран зохиол бичлээ гэхэд хэний ч мэдэх таван бүтээл хийж чадсан байвал тэр хүн яруу найрагч мөн” гэж хэлдэг байсан. Одоо бодоход би бас яруу найрагч явжээ. Бүх бүтээлээ сайн хийнэ гэж байхгүй ч нэрийн хуудас болсон хэдэн бүтээлтэй болж, үүргээ биелүүлжээ хэмээнэ. Таны “Төрийн соёрхол хүртдэг “Санана даа” дуу эзэнтэй байх даа” гэхэд “Мэдээж эзэнтэй. Тухайн үеийн ЗХУ-ын удирдагч М.Горбачёвт зориулсан гэж би хошигнодог юм. Жинхэнэ эзнийг нь хэлэх цаг үе гэж бий. Одоогоор болоогүй байна” хэмээн халгаасангүй. Тэрбээр энэ дуугаараа Төрийн шагнал хүртэж байв. 1986 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа шүлгийг нь бичсэн гэдэг. 1990-ээд онд “Харанга” хамтлаг ая хийж, 1993 онд энэ дуугаараа нэрлэсэн тоглолт хийж байжээ. Тэр үед С.Оюун гуай дуу болсон гэдгийг ч мэдээгүй “Ардын эрх” сонинд сурвалжлагч хийгээд гүйж явсан гэдэг. Нэг өдөр хэлтсийн дарга Сонинтогос нь “Оюун эгчээ таны “Санана даа” дуу хит болж байна” гэхэд нь “Надад тийм шүлэг байхгүй дээ гэтэл “Үгүйлэн санана” шүлэг нь дуу болчихсон байжээ. Тухайн үед “Харанга”-ын Ц. Чулуунбат сонин дээрээс шүлгийг нь олоод дуу зохиочихсон гэдэг. Мөн Чукагийн гэргий гадаадад сурч байсан учраас тэр шүлэг сэтгэлд нь их туссан хэмээн дурсан ярьсан билээ.
“Тань руу нүүж явна” киноны хөгжим одоо ч сэтгэлд минь эгшиглэдэг”
Мөн С.Оюун гуайн нэрийн хуудас болсон бүтээл бол яах аргагүй “Тань руу нүүж явна” кино. Ирэх жил тус киноны 40 жилийн ой тохионо. Энэ киноны зохиолыг бодит түүхээс сэдэвлэн бичжээ. Түүний бага нас Булган аймгийн Могод суманд өнгөрсөн. Халуун рашаантай, хоёр сайхан нууртай. Булганы айргаараа алдартай хоёр сумын нэг гэдэг. С.Оюун гуайн нутагт малын эмч хүү нь нас барсан, хүүхдийн мөрөөсөл болсон эмэгтэй байсан гэдэг. Тэр түүхийг С.Оюун гуай амилуулж, Монголын ард түмний сэтгэлийн утсыг хөндсөн билээ. Тэрбээр Үндэсний телевизийн ажлаа өгч Улсын ариун цэврийн ордонд ажиллаж байхдаа эрүүл мэндийн зөвлөгөөгөөр хэвлэмэл бүтээл, ном гаргадаг байж. Мөн телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонууд бэлдэнэ. Ажлын шугамаар байн байн кино үйлдвэр дээр очно. Тэр нь энэ кино бүтээл хийх эхлэл болжээ. “Тань руу нүүж явна” киноны зохиолоо бичээд Сумхүү найруулагчид өгсөн гэдэг. Долоо хоногийн дараа “Кино үйлдвэрээс залгаад “Зохиол тань кино болно. Ирж уулз ”гэжээ. Тухайн үед С.Оюун гуайн киноны зохиол, сэдэв их сонин содон байсан учраас уран бүтээлчдийн анхаарлыг татсан байж магадгүй юм. Хүний хувь тавилан, сэтгэлийн драмыг хөндсөн сэдэв ховор байсан гэдэг. Энэ тухай тэрбээр “Тэр үед кино үйлдвэр жилд долоон кино хийдэг. Түүхэн, социализмын бүтээн байгуулалтыг харуулсан, нэгдэлжих хөдөлгөөн, үйлдвэрийн сайн ажилтны тухай, сайн малчны тухай ч юм уу. Ийм сэдвүүд зонхилдог байсан. “Тань руу нүүж явна” бол тийм биш. Тухайн үед кино үйлдвэрийнхэн энэ киног хүн үзэхгүй, эсвэл бүр их хүн үзнэ гэж ярьж байлаа. Гэтэл хамгийн их хүн үзсэн. 10 хоногт киноныхоо зардлаа олсон, ийм бүтээл болж байлаа. Хангал хөгжмийг нь их сайхан бичсэн нь одоо ч хааяа сэтгэлд минь эгшиглэдэг” хэмээнэ. Тэрбээр киноныхоо шагналын мөнгөөр булган захтай пальто худалдаж авсан. Тухайн үед 700 төгрөгийн пальтог баргийн хүн өмсөхгүй, нүдний гэм байлаа. Тэр пальтогоо өмсөөд л жигтэйхэн ганган хүн ОХУ-д сургуульд явж байснаа мөн дурслаа. Энэ түүх түүний нүдэнд инээмсэглэлийг нь урам тодруулж байгаа нь таатай санагдана.
Онгодоор биш ухаанаар бичдэг цаг үе иржээ
“Та онгод гэдэг зүйлийн талаар ямар ойлголттой явдаг вэ. Эрэгтэй яруу найрагчид энэ тухай янз бүрээр тайлбарладаг л даа” гэхэд “Шүлэг,яруу найраг бол яалт ч үгүй залуу насных юм даа. Залуу насандаа хамгийн их онгодтой явсан. Одоо надад онгод орно гэж байхгүй. Яагаад гэхээр бүх зүйлийг хараад мэдчихэж байна. Залуу байхад юм бүхэн сонин байдаг. Хараагүй уулс, гатлаагүй гол мөрөн, уулзаж учраагүй хүн хүртэл сонин байдаг. Тэр нь залуу насыг хөглөж, догдлуулж байдаг. Тэр сэтгэлийн догдлол нь өөрөө онгод юм шүү дээ. Нас яваад үргэлжилсэн үгийн зохиол руу ороод ирэхлээр өөрийнхөө уран бүтээлд ер нь их шүүмжлэлтэй хандаад эхэлдэг юм байна. Залуу насныхаа шүлгүүдийг засмаар санагдана. Яруу найраг бичихээр бол сэтгэлийн догдлолоор биш ухаанаар бичихийг хичээдэг болдог юм байна. Үргэлжилсэн үгийн зохиол гэдэг өөрөө бодож байж бичдэг, сэтгэлгээний төрөл жанр шүү дээ. Өөрийн туулсан амьдрал, уншсан ном зохиол, харьцуулалт, цаг хугацааны шалгуураар сэтгэлд үлдсэн бүтээлүүд хүнд их зүйлийг ойлгуулж, ухааруулж, уран бүтээлийн сэдэв санаа болдог юм байна” гэдгийг ойлгосон С.Оюун болжээ хэмээн инээмсэглэнэ. Тэрбээр одоогоор хоёр роман бичсэн. Уншигч, үзэгчгүйгээр уран бүтээлчид хэн биш шүү дээ. Гэхдээ уншигчийнхаа сэтгэлийн цараад хүртэл уран бүтээл хийх гэдэг бас нэг өөр төрлийн хүндлэл юм. Одоо цагт хавар намар жилд хоёр удаа номын баяр болж байна. Надаас и хүмүүс шинэ ном байна уу гэж асуудаг. Шинэ ном бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм аа. Сэдэв дүрээ олно. Уншиж судалж харьцуулалт хийнэ. Маш их шандас сорьсон ажил юм даа. Би Цогт хун тайжийн тухай романаа бичихдээ түүх, соёлын 40-50 ном уншсан. Тэгэхээр гайгүй сайн бүтээл хийе гэвэл маш их зүйл мэдэж байж, тэрнээсээ зах цухыг нь гаргаж өөрийн оюун санааны лабораториар оруулж, боловсруулж, өөрийн болгоод гаргадаг юм. Тийм учраас зохиолч хүнд амьдралын туршлага, ухаан, мэдлэг, хандлага их чухал л даа” гэлээ.
“Болор цом” наадамд гурван удаа шүлгээ уншжээ
Түүний аав нутагтаа нэгдэл, сургууль байгуулсан шинэ монгол хэл, төвд хэлтэй, уйгаржин монголоор их сайхан бичдэг, их эрдмийн хүн байжээ. Хэл бичгийн хүрээлэнд төвд хэлтэй хүн хэрэг болоод орох гэсэн ч дипломгүй учраас орж чадаагүй гэдэг. Ээж нь дээл хувцас их сайхан оёдог, уран хүн байж. С.Оюун гуай аав, ээжээс тавуулаа. Гурав нь тэнгэрийн орноо явж, одоо хоёулаа үлдсэн гэнэ. Тэрбээр “Намайг ОХУ руу сургуульд явахад ээж минь бурхан болсон. Харин аав дөрвөн хүүхдийг минь хараад үлдэж байлаа. Би Москвад хоёр жил сураад ирсний дараа жил аав минь тэнгэрийн орноо морилсон доо” хэмээн дурсана. Москвад байсан хоёр жил С.Оюуны үзэл санаа уран бүтээлийн хувьд их өөрчилсөн гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Горькийн сургуулийн хаалгыг нь татаад яваад ороход л тэр чигтээ утга уянга мэт санагдаж байсан. Энэ сургуулийн оюутан гээд бодоход л уран бүтээл хийхээс өөр аргагүй болдог байж билээ. Тэнд сураад 1987 онд эх орондоо ирсэн. 1990 онд өөрчлөлт болоод л бүх л зүйл эмх замбараагүй мэт болсон. Уран бүтээлчид маань ч ороо бусгаа санагдаж байсан. Гэсэн ч уран бүтээлээ орхиогүй. Яг тэр үеэс уран бүтээл маань ч яруу найргаас хүүрнэл зохиол руу шилжсэн. Нас маань ч явсан. Олон нийт ч яруу найраг нээх сонирхохоо больсон байна. “Болор цом”-ыг үзээд л яруу найргийнхаа хэрэгцээг хангачихдаг болсон байсан. Энэ байдал ер нь нэлээд үргэлжиллээ. Удахгүй үзэгчдийн хандлага өөрчлөгдөх байх аа. 1980-аад оны үед роман гэдэг төрөл жанр хэрэггүй боллоо, цаасан хэвлэл хэрэггүй гээд л барууныхан бичиж байсан. Гэтэл өнөөдөр цаасан хэвлэл шиг хэрэгтэй зүйл алга, роман маань хөгжсөөр хүмүүс уншсаар. Тэгэхээр аливаа цаг үед яаран дүгнэлт их хийдэг юм байна. Гэтэл ямар байхыг амьдрал, нийгэм заагаад л өгчихдөг юм шүү гэлээ. Тэрбээр “Болор цом” наадмын тайзан дээр гурван удаа шүлгээ уншжээ. Сүүлдээ наадам санаанд нь хүрэхгүй, орхисон гэдэг. Энэ тухайгаа “Наадам сүүлдээ ил доль болж, яруу найрагчид шүлгээ бичиж чадахаа больсон. Уралдаанд л зориулж шүлэг бичээд байвал тэр хүнээс жинхэнэ шүлэг гарахгүй л дээ. Энэ наадам хүнийг их эвддэг юм байна. Тэгэхээр уран үгсийн чуулган гэж нэрлээд, яруу найрагчдыг жилийн дотор “Болор цом” бодохгүйгээр уран бүтээлийг нь хийлгэдэг болчихвол Монголын уран зохиолд хэрэгтэй ч юм шиг санагддаг даа” гэнэ лээ.
“Би төрийг ч,Төрийн шагналаа ч хүндэлдэг”
“Та тэгээд ОХУ-аас ирээд нийгмийн шилжилтийн дараагаас хаана ажилласан юм бэ гэхэд” “Үйлдвэрчний төв зөвлөлд байж байгаад “Хөдөлмөр” сонин тарж бутрахад Булган аймаг дахь “Ардын эрх” сонин дахь сурвалжлагч хийж байсан. Удалгүй төв “Ардын эрх”-д шилжин ирж ажилласан. Тэгээд 1993 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар ажилд орсон. “Ардын эрх”-д сурвалжлагчаар ажиллаж байхад нэг өдөр Ерөнхийлөгч дуудаж байна, ирж уулз гэсэн л дээ. Би гайхах, айх зэрэгцээд Булганы айргаа бариад П.Очирбат Ерөнхийлөгч дээр орж байлаа. Анх Ерөнхийлөгчтэй гар барихад их гоё, сайхан сэтгэгдэл төрж байсан. Тэгээд Ерөнхийлөгч маань ном хийх гэж байгаагаа хэлээд “Тэнгэрийн цаг” номыг хянан тохиолдуулаад өгөөч гэсэн. Намайг чадна аа гэж бодож байгаа бол би хийе л гэсэн. Тэр үеэс Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг хэсэг ажилласан даа. Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай хүн гар барихад их дотно болчихдог, сонин сайхан энергитэй хүн. Хажууд нь олон жил ажиллаж, олон хүнтэй гар барьж мэндлэхийг нь харсан учраас онцлог энергитэй хүн гэдгийг нь хамгийн сайн мэднэ” хэмээв. Мөн тэрбээр “Төр засаг надад шагнал урамшууллаа харамгүй өгсөн. Би төрийг ч, төрийн шагналаа ч хүндэлдэг. Одоо нийгэмд Төрийн өндөрлөгүүдээ харааж зүхээд л элдвээр хэлэх юм. Надад аятайхан санагддаггүй. Төрийн хүмүүст алдаа дутагдал байна. Гэхдээ энэ муу данх энэ тэр гээд л хүнд доромж маягаар хандах нь буруу. Ухаандаа Монгол Улсын төрийн жолоог атгах хувь заяа хүссэн хүнд олдоод байдаг хувь тавилан биш юм. Тэр хүнд өгөгдөл байгаа учраас тэр олон хүний итгэлийг олоод гарчээ. Тэр бол сонин ховор хувь тохиол юм. Тэгэхээр хүнийг нь биш юм аа гэхэд хувь тавиланг нь жаахан ч гэсэн хүндлэх ёстой. Монгол хүн төрөө хүндэлж байж, Монгол Улс энэ хоёр том гүрний дунд энх тунх орших юм аа л гэж боддог. Төр нь мөн мэдээж зөв, хүндэлмээр байх ёстой” гэдгийг мөн яруу найрагч, зохиолч С.Оюун гуай залуучууддаа хэлсэн.
Хүн зөв л явах учиртай юм байна. Муу бодол бодохгүй, бусдад атаархахгүй. Хүн муу хэлж байхад түүнийг нь даадаг байх хэрэгтэй. Яруу найрагч эмэгтэйчүүд олны хэл аман дундуур л туучиж ирсэн байдаг. Тэр бүхнийг зөвөөр даван туулах ухааныг аав ээж минь хайрлажээ. Өөрөө сэтгэл амгалан байна гэдэг өөртөө их жаргал, өрөөлд ч сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм байна гэсэн яруу найрагч, зохиолч эмэгтэйн амьдралын зарчим, баримталж ирсэн чиг шугамаар нийтлэлээ өндөрлүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)