Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Шинэ жил айсуй... Үлгэрийн ертөнцийн гайхамшиг. Энд л ид шид бүрэлдэж, бяцхан хүүхдүүдийн хүсэл биелэх ажээ. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хүүхэлдэйнүүдийг бяцхан багачуудад бэлэглэх ажээ. Харин гэнэн цагаахан сэтгэлтэй Мария охинд самар цөмөгч Цөмөөхэй буюу буюу Щелкунчикийг бэлэглэжээ. Түүнд зүгээр ч нэг өгөөгүй нь лавтай. “PRO” театрын уран бүтээлчид тэдний төсөөллийн ертөнцөд үлгэрийг хэрхэн үргэлжлүүлэх бол.

 

А.Гофманий үлгэрээс сэдэвлээд, өөрсдөө зохиолоо бичсэн

Монголын театрын урлагийн отгон бүрэлдэхүүн бол “PRO”. ОХУ-ын Санкт-Петербург хотын урлагийн сургуулийг төгссөн нэг ангийн зургаан найзын хүсэл мөрөөдөл дээр боссон театр билээ. Байгуулагдаад дөнгөж жил болох гэж байгаа ч эдгээр залуус “хатуу самар” гэдгээ “Инээмтгий хүн” визуал драмаар харуулсан билээ. Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр төгссөн нь давуу тал болж, уран бүтээл бүхэндээ мэргэжлийн онцлогоо тодотгож байсан нь гайхалтай. Тиймээс ч “Гэгээн-Муза” наадмаас дөрвөн төрөлд цом хүртсэн билээ. Яг л энэ янзаараа зогсолтгүй хөдөлмөрлөж, Монголын театрын урлагийн нэгэн тод өнгө, ондоошил нь болж буй залуусын ээлжит уран бүтээл нь үлгэрийн ертөнцөөр аялуулах “Щелкунчик” жүжиг байх нь ээ. Энэхүү бүтээлийг монголчууд балет хэлбэрээр нь мэддэг. Жил бүрийн шинэ жил дөхөх үеэр УДБЭТ-ын тайзнаа “амилсаар” олон жил болжээ.  Шинэ жилийн баярыг ч “Щелкунчик”-гүйгээр төсөөлөхөд тун бэрх. Тус бүжгэн жүжиг анх манай тайзнаа 1982 онд морилж байжээ. Удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагчаар В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байсан түүхтэй. Харин энэ удаад балет бус драмын жүжиг хэлбэрээр тавина гэхээр тун сонирхолтой. Тиймээс ч жүжиг нээлтээ хийхийг хүлээж тэсэлгүй “PRO” театрыг зорьсон минь энэ. РЦНК-ийн хаалгаар ороход үл мэдэг хөгжмийн чимээ эгшиглэнэ. Тэднийх аль хэдийнэ гацуураа засчихаж. Өнгө өнгийн бөмбөлөгөөр чимсэн гацуур модыг харахад цаанаасаа л дулаахан мэдрэмж төрж, “Хурдхан шинэ жил болоосой” гэж өөртөө шивнэчихээд цааш явлаа. Хоёр давхарын хонгилд жүжигчид тулааны бэлтгэлээ хийж байв. Урт сэлэм гялтганах нь сүртэй гэж жигтэйхэн. Тайз руу орох хаалган дээр “PRO” гэж бичжээ. Тайз гэрэлтэй байх бөгөөд зритель харин харанхуйлсайн байв. Тайзан дээр гол дүрийн жүжигчид бэлтгэлээ хийж харагдана. Харин найруулагч Б.Анхбаатар тэднийг ажиж зарим үед тоглолтыг тасалж, зөвлөгөө өгч байсан юм. “PRO” театрын нэг онцлог нь тэд хөрвөх чадвар тун сайн. Учир нь “Инээмтгий хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, драмын төрөлд “Шилдэг найруулагч” шагнал хүртсэн Б.Даваасүрэн энэ удаад жүжигчний ажлаа хийгээд тайзан дээр гүйж байв. Харин эсрэгээрээ тус бүтээлд зураачаар ажилласан Б.Анхбаатар энэ удаад найруулагчийн үүрэг гүйцэтгэж байна.  Б.Анхбаатар “Бид шинэ жилд зориулсан уран бүтээл хийе гэж ярилцсан. Харин үүнд хамгийн тохирох бүтээл нь мэдээж Щелкунчик байсан. Мөн энэ бүтээлийг сонгох болсон нэг шалтгаан нь манай үзэгчид энэ жүжгийг зөвхөн П.И.Чайковский л бичсэн гэж боддог. Гэтэл дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл А.Гофманий үлгэрээс сэдэвлэсэн шүү дээ. Тиймээс зохиолчийн тухай мэдээлэл өгөхөөс гадна бүжгэн жүжиг биш учир Цөмөгч хүүхэлдэй хэрхэн бий болсон тухай түүх талаас нь илүү харуулахыг зорьж байна. Мөн тус зохиолд олон хүүхэлдэй болон үлгэрийн, төсөөллийн ертөнц гардаг нь бидний мэргэжил болоод зорилготой яг таарч байсан нь энэ бүтээлийг сонгоход ихээхэн нөлөөлсөн” гэсэн юм. “Щелкунчик” бүжгэн жүжгийн тухайд дэлхийн олон театрт жүжиг хэлбэрээр тоглогдож байсан. Ялангуяа ОХУ-ын Хүүхэлдэйн театрууд А.Гофманий үлгэрээс сэдэвлээд өөр өөрийн жанрт тохирсон хэлбэрээр нь тайзны бүтээл болгосон нь бий. Харин “PRO” театрын уран бүтээлчдийн хувьд яг л тэдний адил А.Гофманий үлгэрээс сэдэвлээд, өөрсдөө зохиолоо бичжээ. Тус театрын хувьд өмнөх “Инээмтгий хүн” жүжгээрээ өөрсдөдөө нэлээд өндөр босго тавьчихсан. Тиймээс энэ удаагийн “Щелкунчик” жүжиг ямар байх бол, давж гарч чадах болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байна. Энэ тухай найруулагч Б.Анхбаатараас асуухад “Би Инээмтгий хүн жүжигт ерөнхий зураачаар ажилласан. Харин энэ удаагийн уран бүтээлд театрын хамт олон, найзууд минь ерөнхий найруулагчаар ажиллах итгэл хүлээлгэсэн. Тиймээс мэдээж өмнөх уран бүтээлээсээ дордуулахгүй юмсан гэсэн хүсэл надад байна. Аль болох сонирхолтой тавилтыг хийж, үзэгч хүүхдүүдийг театрт дурлуулахын төлөө зөвхөн би ч бус манай уран бүтээлчид бүгдээрээ хичээж, хөдөлмөрлөж байна” гэсэн юм. “Щелкунчик” бүжгэн жүжгийн хувьд зөвхөн хүүхдүүдэд зориулсан байдаг бол “PRO” театрын драмын жүжиг хүүхдүүд эцэг эхтэйгээ ирж үзэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Жүжгийн утга найруулга, үйл явдал зөвхөн хүүхдүүдэд бус эцэг эхчүүдэд ч ухаарал хайрлаж, үг дайна гэж найруулагчийн зүгээс онцолж байсан юм. Найруулагч Б.Анхбаатар “Инээмтгий хүн” жүжигт тайзны сайн зураач гэдгээ нотолсон билээ. Тиймээс үзэгчдийн зүгээс энэ удаагийн бүтээлээс нь яг л тэр гайхалтай тайзны урлагийг харахсан гэсэн хүлээлт байгаа юм. Энэ тухайд “Щелкунчик жүжгийн ерөнхий зураачаар манай жүжигчин Б.Билгүүн ажиллаж байгаа. Мэдээж бид тайз гэхээс илүү өвлийн улирал, үлгэрийн ертөнцөд ирчихсэн мэт бодит мэдрэмжийг төрүүлэхээр ажиллаж байна. Ялангуяа энэ бүтээлд их олон тооны хүүхэлдэй болон жижиг хэрэглэл шаардагдаж байгаа” гэв.

 

Марри ба эцэг Дроссельмейер

“PRO” театрын уран бүтээлчдийн хувьд энэ удаагийн уран бүтээлээ ирэх сарын 9-нд нээнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Нээлт болоход 20 гаруйхан хоног үлдэж байгаа учир амрах ч завгүй бэлтгэлтэй байгаа гэж байв. Тайзан дээр бяцхан охин Мари гүйнэ. Тэрбээр өөрийн шинэ найз болох цөмөгч цэрэгтэй үлгэрийн ертөнцөөр аялах ажээ. Гэнэт хулганы хаан гарч ирэв....

“Щелкунчик” жүжгийн гол дүрийн нэг нь долоон настай Мари охин билээ. Аливааг сониучирхан харах дуртай, ид шид, үлгэрийн орон байдаг гэдэгт итгэдэг тэрбээр санаанд ч оромгүй аяллыг эхлүүлнэ. Энэхүү жүжгийн долоон настай Мари охины дүрд тус театрын жүжигчин Э.Буд-Эрдэнэ тоглож байгаа юм. Тэрбээр “Щелкунчик бол манай театрын тав дахь уран бүтээл. Миний дүрийн тухайд Мари бол өөрийн тоглоомнуудыг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн. Үлгэр, ид шид гэдэгт итгэдэг. Өөрийн харсан, итгэсэн бүхнээ томчуудад хэлдэг ч хэн нь ч түүнд итгэхийг хүсдэггүй. Жүжигчний хувьд бага насны хүүхдийн дүр дээр ажиллахад чанга байна. Үг хэллэг, хоолойн өнгө харцнаас эхлээд засах, ажиллах зүйл ихтэй. Тайзан дээр хэн ч намайг харсан долоон настай хүүхэд биш. Тиймээс би өөрийн биеэр Мари охины түүхийг ярьж өгч байна гэсэн бодлоор энэхүү дүр дээр ажиллаж байна. Жүжигчин хүн бүр дүрийн судалгаа хийдэг. Миний хувьд гэртээ харихаараа дүүгийнхээ, хүүхдийнхээ хэрхэн тоглож байхыг ажиглаж харахаас гадна би өөрөө жаахан байхдаа хэрхэн тоглодог байснаа эргүүлж санах зэргээр эрэл хайгуул хийж байна. Энэ жүжигт Мари охины хэлэх гэсэн санаа бол хүүхэд хүүхдээрээ байх. Тэд үргэлж ургуулан боддог. Түүнийгээ аав, ээждээ хэлдэг ч бид тоодог бил үү. Гэтэл яагаад нэг өдөр хүүхдийнхээ төсөөллийн ертөнцөөр аялаад, хамтдаа тоглож болохгүй гэж. Манай жүжгийг үзсэн хүн бүхэн хүүхэд насандаа очоосой, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсоосой, ярилцдаг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм. Харин жүжгийн амин сүнс болсон  эцэг Дроссельмейерийн дүр дээр  М.Төгөлдөр ажиллаж байгаа юм. Түүний хувьд мөн л ОХУ-д жүжигчний мэргэжлээр төгссөн, авьяаслаг уран бүтээлч. “PRO” театрын өмнөх “Инээмтгий хүн” жүжиг дээр ч тоглож байв. Тэрбээр дүрийнхээ тухай “Эцэг Дроссельмейер бол эерэг дүр. Мари охинд зааж, зөвлөж, чиглүүлж өгдөг хүн. Тэрбээр яагаад зөвхөн Мариг онцолж байна вэ гэвэл түүнд хүүхдийн ариун гэгээн, ямар ч хир буртаггүй, нандийн чанарууд байдаг. Үүнийг нь л  Дроссельмейер олоод харчихсан. Энэ сайхан сэтгэл л орчлонг аварч чадах юм байна гэдгийг мэдэрдэг” гэсэн юм. Жүжигчин М.Төгөлдөрт “PRO” театрын уран бүтээлчид санал тавьжээ. Залуу жүжигчний хувьд ч эдгээр авьяаслаг, ах эгч нартайгаа хамтарч буйдаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр онцолж байсан билээ.

 

Ид шидийн орон

“Щелкунчик” жүжгийн хувьд тайз засалт мэдээж гайхшируулах нь тодорхой. Учир нь энэ удаагийн бүтээлд зураачаар ажиллаж байгаа жүжигчин Б.Билгүүний ажлын өрөөгөөр ороход л мэдрэгдэж байсан юм. Ширээнээ дэлгэж тавьсан жүжгийн зохиол болоод, жижиг хэрэглэлүүд. Ялангуяа бяцхан хүүхэлдэйнүүд. Зураач Б.Билгүүний хувьд “Инээмтгий хүн” жүжигт гол дүр бүтээж байв. Харин энэ удаад ерөнхий зураачаар ажиллаж байна. Тэрбээр “Мэдээж Инээмтгий хүнээс тэс өөр тайзыг харуулах болно. Ялангуяа жижиг, деталь хэрэглэлүүд шаардагдаж байна. Зөвхөн хүүхэлдэйгээр авч үзэхэд нэлээд их хийх ажил байна. Хуруун хүүхэлдэйнээс эхлээд бүхий төрлийн хүүхэлдэйнүүдийг оруулахыг зорьсон” гэсэн юм. Ийнхүү удахгүй нээлтээ хийх “Щелкунчик” жүжиг үзэгчдэд хүрэхэд ойртсоор байна. “PRO”-ийн залуучууд мэдээж тайзнаа гайхамшгийг мэдрүүлэх нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)