Баатарын НЯМСҮРЭН
Морь бол монгол түмний бахархалын нэг. Тиймээс бид хурдан хүлгийн хийморийг нь бэлгэшээж, хайрласаар ирсэн билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уяач О.Батзоригийг урилаа. Тэрбээр уяачийн эрдэмд шамдаад 12 жил болж байна. Мөн сүүлийн гурван жил сумынхаа шилдэг уяачаар шалгарчээ.
-Энэ жил Булган аймгийн Хишиг-Өндөр сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой болсон. Түүхт ойдоо одтой сайхан наадав уу?
-Би Хишиг-Өндөр сумын Хүрэнт багт мал маллаж амьдардаг. Төрж өссөн нутгийн минь түүхт ой өргөн дэлгэр сайхан болсон. Би ойдоо таван насны морь сойсон юм. Сонгомол дээд насанд борлог морь таваар давхилаа. Энэ нь н.Ганбаяр ахаас авсан хүлэг. Мөн шүдлэн үрээ дөрөвт орох байсан ч хүүхэд нь унасан. Бусад хүлгүүд 10 гаргаж хурдалсан. Үүний дараа манай аймагт “Айраг” фестивал болсон. Үүнд их насны хоёр морь минь амжилттай хурдалсан. Нэг нь түрүүлж, нөгөө нь гурав дээр ирж наадмыг чимлээ. Мөн Хутаг-Өндөр сум руу очиж уралдсан.
-Анхны гаргасан амжилт хүнд урам өгдөг. Анх ямар насны морь уяж байсан бэ?
Миний морь уяж эхэлсэн нь 2011 оны үе. Энэ үед сумын 80 жилийн ой тохиож байлаа. Хүрэн даагаа уралдуулаад түрүүлж, мотоциклиор шагнуулж билээ. Үүнээсээ их урам авч уяачийн хөдөлмөрт шамдсан даа. Энэ хүлэг нь өвөөгийн минь унаган морь. Одоо 13 настай, адуунд минь бий. Дараа жил нь шүдлэн үрээ болоод сумын наадамд аман хүзүүнд хурдалсан. Харин 2013 оны наадамд гуравт хурдалж байлаа. Ингээд 2014 онд соёолон насанд аман хүзүүдэж, аймгийн наадамд зургаагаар хурдалсан. Мөн мянгатуудын мялаалга наадамд долоо хоногийн зайтай болоход хоёр удаа түрүүлж мотоциклиор шагнуулж байлаа. Дараа жил нь сумын наадамд зургаагаар давхисан.
-Уяачид адууныхаа удам угшилыг сайжруулах нь амжилт гаргахын үндэс гэдэг юм билээ?
-Хүн цаг үргэлж суралцаж, хөгжих хэрэгтэй гэж боддог. Би хүлгээ сайн хурдлуулж байгаа уяачдаас суралцдаг. Тухайлбал, зурагтаар туршлагатай уяач нарын нэвтрүүлэг, зөвлөгөөг үзэх нь бий. Үүнээс морь уях арга барилыг ойлгож авах жишээтэй. Мөн 2017 онд тод манлай уяач Д.Онон ахынд өвөл морьдоо авч очоод хамт уясан. Энэ үед морийг зөв эдлэх, өвлийн цагт хэрхэн унах, тэжээх талаар суралцсан. Хүүхэд байхдаа Д.Онон манлайг харж ийм л уяач болно гэж боддог байж билээ. Буцахдаа ахаасаа нэг даага авсан. Тус хүлэг нь тэр жилээ сумын наадамд таваар хурдалж, дараа жил нь аман хүзүүдсэн. Харин 2019 онд мөн аман хүзүүнд хурдалсан шүү. Энэхүү наадамд их насны гурван морь уяж айрагдуулсан түүхтэй.
-Таны хүүхэд насны дурсамжинд хүлэг морь ямархан байр суурийг эзэлдэг вэ. Хэнээс морь уях арга ухааныг суралцаж байв?
-Бага байхаасаа малд нүдтэй хүүхэд байлаа. Ингээд долоон настайгаасаа эхэлж хурдны морь унаж эхэлсэн. Өвөө минь сумын алдарт цолтой уяач хүн байсан. Би хажуугаас нь харж, суралцаж өссөн хувьтай хүн. Би одоо өвөөгийнхөө тамгаар морио тамгалж байна. Хурдны морь унасан олон дурсамж сэтгэлд үлдсэн дээ. н.Батаа ахын хонгор соёолонг унаж сумын наадамд аман хүзүүнд хурдалсан. Мөн улсын гарьд И.Доржсамбуугийн мялаалга наадамд уралдаж байхдаа ташуураа хаясан. Тэлээгээрээ ташуурдсаар таваар ирж байлаа.
-Унаач хүүхэд хэдтэйгээсээ морь унавал зохистой бол. Та унаач хүүхэддээ хэрхэн зааж зөвлөдөг вэ?
-Манай морийг Н.Эрхэмбаяр гэж 13 настай хүү унадаг. Мөн Б.Даваасүрэн, Б.Мөнхбат, Г.Батнайрамдал гэсэн хөвгүүд бий. Хүүхэд хурдны морийг найман наснаасаа эхэлж унах хэрэгтэй. Үүнээс цааш 13 нас хүртлээ унаад буух нь зөв. Энэ наснаас хүүхэд хүнддээд байдаг талтай. Хөдөлмөрөө гаргаж сойсон морийг хэр давхиулахыг унаач л мэднэ. Би унаач хүүхдүүддээ хандаж морио хайрлахыг захидаг даа.
-Уяачид гал болоод морио уядаг. Та ямар хүмүүстэй ганзага нийлж байна?
-Морь сайн давхихад уяа сойлгоос гадна өвс тэжээлийг нь тааруулах чухал нөлөөтэй. Хэн илүү хөдөлмөрлөж, сайн тэжээнэ тэр хүний морь сайн давхидаг юм. Мөн удам угшил чухал нөлөөтэй. Би 2019 оноос нутгийнхаа уяач ах нартай гал болж морио уяж эхэлсэн. Өнгөрсөн жил манай галын уяачид амжилттай наадсан. Сумын наадмын зургаан насанд айраг түрүү хүртэж байлаа. Мөн аймгийн наадамд манай галын н.Энхтайван ахын морь гуравт хурдалсан. Бид ихэвчлэн нутагтаа наадна. Хааяа ойрхон болохоор Орхон аймаг руу морьдоо машинаар ачаад очдог.
-Өвлийн цагт хурдан морины уралдаан болох нь хэр тохиромжтой гэж боддог вэ?
-Ер нь арваннэгдүгээр сарын 20-ноос тавдугаар сар хүртэл тэжээдэг. Ингээд өвөл хавартаа сойлго уяаг нь тааруулна. Сүүлийн үед өвлийн морин уралдааныг хорьсон. Өмнө нь уралдаанууд болдог байсан. Таван сарын уралдааныг наашлуулах нь зөв гэж боддог. Учир нь таван сардаа зохион байгуулахаар зуны уяа эхэлдэг болохоор давхцаад байдаг юм.
-Сүүлийн үед уяачид эрлийз адууг тэжээх болсон. Уяа сойлго нь монгол адуунаас өөр байх даа?
-Эрлийз адууг уралдуулахдаа сэрвээний өндрөөр нь хэмждэг болсон нь сайшаалтай. Тусдаа сонгомол насаар уралдаж байгаа. Би сүүлийн үед шинэ цагийн хүлэг буюу эрлийз адуу тэжээж байна. Уяа сойлго нь тухайн адуунаасаа шалтгаална. Морь бүрийн уяа өөр. Хялбар, чанга уяатай морь байдаг. Тухайлбал, их насны морь уяа чангатай байдаг. Хамгийн хөнгөн уяатай хүлэг бол даага. Уяа сойлго нь ханасан хүлэг харахад өөрийн эрхгүй сайн давхина даа гэсэн хүлээлт үүсчихдэг. Наадмаар түрүүлж ирж буй морийг харахад огшдог. Гэхдээ хамгийн чухал нь морь хүүхэд хоёр эсэн мэнд барианд орох л сайхан.
-Уяачдыг хархад их завгүй хөдөлмөрлөдөг. Энэ үед ар гэрийн ажил орхигдох тал бий юу?
-Морь уях нь байнгын хөдөлмөр, санхүү шаардана. Тиймээс уяачийг ар гэр нь ойлгож дэмжих чухал. Миний хань гэр орны ажил, үр хүүхдээ харах гээд бүх зүйлийг амжуулдаг. Намайг их ойлгож, дэмжсээр ирсэн. Би уяачийн хөдөлмөрөөс шантарч байсан удаагүй. Аливаа уралдаанд нэг нь түрүүлж, аман хүзүүнд хурдална. Бүх зүйл ээлж дараатай. Үргэлж түрүүлнэ гэж байхгүй.
-Уяач бүрийн туйлын хүсэл улсын наадмын торгон дэнжид морь айрагдуулах. Танд ч гэсэн энэ бодол байгаа биз дээ?
-Өөрийн мэддэг бүхнээ хүнд хэлж өгөхийг хичээдэг. Хурдан морь эрүүл байвал л хурдална. Дөнгөж морь уяж эхэлж байгаа залуусыг тууштай байгаасай гэж боддог. Хөдөлмөртөө үнэнч байвал үр шим нь ирнэ. Би ханагар давхилаар морио уяж байгаа. Эхэндээ унаган адуугаа сойдог байсан үе бий. Харин сүүлийн үед хүмүүсээс угшил сайтай морь үнэ тохирч аваад уяж байна. Эрлийз азарга, сайн гүүнүүд бий. Энэ морьдынхоо төлийг уяж хурдлуулна даа. Ирээдүйд улсын наадамдаа морь айрагдуулна гэсэн зорилготой явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)