Цахим орчинд түгэж буй хуурамч, ташаа мэдээлэл, тодорхой зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа нь олон нийтийг төөрөгдүүлж, улмаар хуурамч мэдээлэлд тулгуурлан улс төрийн шийдвэр гаргах үзэгдэл байсаар байна. Зорилготойгоор түгээсэн дуулиан шуугиан дунд олон нийт мэдээлэлд итгэлгүй болж, төр засгийн бодлого шийдвэр, авлига, албан тушаалын хэрэг, төсөв, татвар, хөрөнгө оруулалт гээд олон чухал сэдвийг анхаарлаас гадуур өнгөрүүлэх, бодит байдлаас зөрүүтэй ойлголт авах нь түгээмэл байна. Иймд улс төрийн холбогдолтой хуурамч мэдээллийг бууруулах олон талын оролцоотой хамтын ажиллагаа Монголд байгуулагдлаа.
2022 онд Дэлхийн баримт шалгагчдын есдүгээр форумын Шилдэг хамтын ажиллагааны эзэн болсон Филиппиний Rappler агентлагийн FactFirstPH буюу “Баримт нэн тэргүүнд” гэх нэршилтэй хуурамч мэдээллийг бууруулах сүлжээний загвараар Монгол Улсад цахим орчинд түгэж буй хуурамч мэдээллийн эсрэг ажиллах боллоо. Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв нь Канад сангийн дэмжлэгээр уг санаачилгыг эхлүүлээд байна.
Өдгөө Филлипинд FactFirstPH сүлжээнд 114 байгууллага болон олны танил нөлөөлөгчид, жүжигчид гишүүнээр элсэж, хуурамч мэдээллийн эсрэг, олон нийтэд бодит зөв мэдээлэл өгөхийн төлөө ажиллаж байгаа бол Монголд байгуулсан Хуурамч мэдээллийг бууруулах сүлжээнд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн болон боловсролын байгууллага, хуульчид, засаг захиргааны анхдагч нэгж хороод гээд 14 байгууллага нэгдээд байна.
Тодруулбал, хэвлэл мэдээллийн салбараас Зууны мэдээ сонин, NTV телевиз, “Анлимитэд медиа групп” ХХК-ийн ublife вэбсайт сүлжээний гишүүнээр ажиллахаа илэрхийлсэн бол иргэний нийгмийн байгууллагаас Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, дэмжигч гишүүдээр хүний эрх, хууль зүй, дата шинжилгээний чиглэлийн байгууллагууд ажиллахаа мэдэгдээд байна. Мөн их сургуулиудын дэргэдэх клуб, хороодын ажилтнууд баримтаар шалгагдсан бодит мэдээллийг түгээхэд оролцох юм.
Энэхүү үйл ажиллагааны явцад байгууллагуудад хуулийн ямар нэгэн эрсдэл үүсэх, мэдээлэл цуглуулах явцад сэтгүүлчдэд бэрхшээл тулгарах зэрэгт хууль зүйн зөвлөгөө өгөхөөр Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН нэгджээ.
“Хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ” нь дараах байдлаар ажиллах юм.
Монголын баримт шалгах төв нь Баримт шалгах анхан, дунд, ахисан шатны сургалтыг гишүүн байгууллагуудад орохоос гадна, олон нийтийн үзэл бодлыг өөрчлөх, төөрөгдүүлэх эрсдэлтэй мэдээллүүдэд баримтын шалгалт хийж, бодит байдал, түгээх учир шалтгаан, зорилго, эх сурвалж зэргийг шинжлэн тайлбарласан тайлан мэдээг сүлжээний оролцогчид түгээх юм. Оролцогчид тухайн баримт шалгалтыг олон нийтэд өөрсдийн сувгаар түгээж, редакцууд эх сурвалжийн түвшинд үзэж, мэдээ мэдээлэл бэлтгэх байдлаар уг хамтын ажиллагаа үргэлжлэх юм.
Канад сангийн дэмжсэн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх энэхүү төслийн хүрээнд “Баримт шалгах гарын авлага” номыг хэвлүүлсэн нь сүлжээний оролцогчдод, цаашлаад олон нийтэд хуурамч мэдээллийг таньж мэдэхэд чухал нөлөө үзүүлэх суурь болсон ажээ.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани хуурамч мэдээлэл нь нийгэм, олон нийтийн өмнө тулгамдсан асуудал болохыг онцлоод 2023 онд Канад сангаас дэмжлэг авсан 15 төслийн нэг болох Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол дэмжих үйл ажиллагаанд амжилт хүссэн бол Филиппиний мэдээллийн байгууллага Rappler-ийг төлөөлөн Судалгаа, цахим платформ хариуцсан менежер Жемма Мендоза тус улсад хэрэгжүүлсэн #FactFirstPH санаачилга нь хэрхэн бий болж, ямар үр дүнд хүрсэн талаар сонирхуулж, Монгол Улс уг санаачилгыг үлгэрлэн хэрэгжүүлж буйд баяртай буйгаа цахимаар илэрхийлсэн.
Монголд анх удаа байгуулагдаж буй энэхүү сүлжээ нь цаашид илүү өргөжиж, хуурамч мэдээллийн эсрэг ажиллахыг хүссэн бүхэнд нээлттэй ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)