Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

 

-Та дэд сайдаар томилогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө.  Анх таныг энэ албан тушаалд очиход  олон нийт янз бүрээр хүлээн авч байв.  Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд залуу хүн орж ажиллах болсон нь улс төрд шинэ жишиг болсон. Ер нь энэ албан тушаалыг анх хэрхэн хүлээн авч байв?

-Дэд сайдаар  томилогдоод нэг жил орчмын хугацаа өнгөрч байна. Монголын уламжлалт салбарт залуучуудын хандлага, оролцоог нэмэгдүүлэх даалгаврыг хүлээж авсан. Манай яам газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн үндсэн таван гол салбарыг хамаарч ажиллаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь манай салбартай шууд хамааралтай байдаг. Тэдний цаана байгаа 800 мянга орчим хүний ахуй амьдралд шууд нөлөөлдөг гэсэн үг.  Энэ утгаараа  ч хүлээлт, хариуцлагын хамтаар ажлаа эхлүүлсэн.

-Танай яам таван гол салбарыг  хариуцаж байна гэлээ. Та ямар чиглэлд  анхаарч, санал санаачлага дэвшүүлж байна вэ?

-Өнгөрсөн жилийн хугацаанд салбарын суурь үзүүлэлтүүд өссөн. Монгол орон даяар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар УИХ-аар батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” 36-р тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдсэн. Махны экспорт эрчимжсэн. Хөнгөн үйлдвэрлэлийн чадамж сайжирсан.

Нэг жилийн хугацаанд долоон аймаг, 15 орчим суманд ажиллалаа. 20 орчим үйлдвэртэй танилцсан байна. Мөн хэд хэдэн чухал ажлын хэсгүүдийг ахлан ажилласан. Тухайлбал, махны экспортыг эрчимжүүлэхэд шаардлагатай экспортын нэг цонхны системийг хийх ажлын хэсгийг ахалж ажилласан. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мах экспортлогч аж ахуй нэгжүүд цахим системээр дамжуулж экспортын бичиг баримтуудаа бүрдүүлж эхэллээ. Тэд заавал биеэр очиж, олон байгууллагатай харилцахаас гадна авлигал, хүнд сурталын асуудалтай ч их тулгардаг байсан. Экспортын нэг цонхны системд шилжсэнээр 72 цагт багтаан долоон байгууллагын зөвшөөрөл олгох боломжтой болсон. Цаашид экспортын бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэмж оруулна.

-Том салбарыг удирдлагаар хангаж ажиллах амаргүй байлаа гэж ярилаа.  Ер нь ямар үзэл баримтлал, зарчим баримталж ажиллав.  Танай салбарт уялдаа холбоо, харилцаа, хандлага ямар түвшинд байна вэ?

-Бид чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшил, малчин, тариаланчдын манлайлал дээр хөдөө аж ахуйн салбар тулгуурлан урагшилж байна. Бодлогын яам хувийн хэвшилтэйгээ өрсөлдөлгүй, төрийн өмчийн янз бүрийн компаниудыг нэмж байгуулалгүй улам бүр оролцоогоо багасгаж, илүү бие даан хөгжих бололцоог олгохын төлөө ажиллах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулж, тодорхой санхүүгийн дэмжлэг, урамшуулал нь зөв системээр зохих түвшинд хийгдэх ёстой.

Өнгөрсөн  нэг жилийн хугацаанд салбарын суурь асуудлуудад өсөлт бий болсон талаар би дээр дурьдсан.  Махны экспортын квотыг бүрэн чөлөөлсөн. Ингэснээр 2022 онд 16 мянган тонн махыг экспортолсон бол өнөөдрийн байдлаар 65 мянган тонн махыг экспортод гаргаад байна. Жилийн эцсээр энэ тоо нилээд нэмэгдэнэ. Бид жил бүр 170-180 мянган тонн мах экспортод гаргах боломжтой. Мөн малын түүхий эд бүтээгдэхүүн арьс шир үнэгүйдэж буй асуудал байна. Засгийн газраас хоёр жилийн хугацаанд арьс ширийг түүхийгээр нь экспортод гаргахаар болсон. Цаашид боловсруулах үйлдвэрүүдийн дэд бүтцүүдийг төрөөс гүйцэтгэхэд анхааран ажиллаж байна. Ирэх оны төсөвт тодорхой санхүүжилт тусгагдсан. Шинэ Ховд аж үйлдвэрийн парк,  Дархан арьс ширний цогцолбор, Эмээлтийн аж үйлдвэрийн парыг эрчимжүүлнэ.

Хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн чадамж сайжирсан. Гадны томоохон худалдан авагчидтай өрсөлдөх хэмжээнд очиж эхэлсэн. Энэ жил нэг кг ноолуурын үнэ дундажаар 140 мянга орчим байлаа. Тухайлбал,  нарийн ширхэгтэй ноолууртай зүүн аймгаар 150-165 мянган төгрөг. Баруун аймгаар 115-120 мянган төгрөгөөр худалдаалагдлаа. Одоо бид шат дамжлагаа ахиулан самнасан ноолуурыг экспортод гаргах зохицуулалтыг мөрдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрүүд бэлэн болсон.

-Өнгөрсөн хугацаанд төрөөс арьс, шир боловсруулах хэд хэдэн үйлдвэр барих гээд бүтэлгүйтсэн тал бий. Гэтэл саяхан салбарын сайд  төр арьс ширний үйлдвэр барихгүй дэд бүтэц дээр дэмжлэг үзүүлж ажиллана гэж хэлсэн. Ер нь энэ чиглэлд яамнаас ямар бодлого  баримталж ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Төрөөс арьс ширний үйлдвэр барихгүй. Тухайн аж үйлдвэрийн паркын дэд бүтцийг төр хариуцан бүтээн байгуулж өгнө. Харин тэрхүү дэд бүтцийг ашиглан хувийн хэвшлүүдээ урьж ажиллана. Гацаад байгаа Дарханы арьс ширний цогцолборын ажлыг идэвхжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дархан арьс ширний цогцолборын хувьд хувийн хэвшил 180 га газарт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зургаан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Барилга  хөгжлийн төв, эрчим хүчний төвийн мэргэжлийн байгууллагынхантай хамтарсан дүгнэлтүүдийг гаргаж, одоо хийсэн ажлыг тодорхой мөнгөн дүнгээр хүлээн авах боломжтой юм байна гэсэн дүгнэлт гаргаад явж байна. Хөгжлийн  банк болон  хувийн хэвшлийнхэн хоорондоо ажиллаад үүнийг хүлээлцэх,  саналаа хоорондоо гаргахаар ажиллаж байна. Ингээд тодорхой тохиролцоонд хүрч, одоогийн байгаа дэд бүтцийн ажлыг шилжүүлэн авснаар ойрын 1-2 жилийн хугацаанд дэд бүтцийн асуудал нь бүрэн дуусна.  Ингэснээр  хувийн хэвшлийнхэн дэд бүтцийг ашиглаад арьс ширний үйлдвэрүүдээ бариад, ажиллах боломж бүрдэнэ. Ингэж чадвал бид  дэлхийн стандартад нийцсэн арьс ширэн бүтээгдэхүүнүүд, эцсийн бүтээдэгдэхүүнийг нийлүүлэх, цаашлаад Монгол Улсад тэр хэмжээний үйлдвэрүүд  бий болох боломж бүрдэнэ.  

-Энэ жил тариа ногоо хэр ургасан бэ. Өмнөх жилүүдээс ямар онцлогтой жил болж байна вэ. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломж, бололцоотой болсон уу?

-Хүнс хөдөө, аж ахуйн үйл ажиллагааг зөвхөн цахим орчинд явж байгаа байдал, цөөн хүмүүсийн үйл ажиллагаагаар битгий дүгнээсэй. Энэ жил газар тариалангийн салбарт 1992 оноос хойш аваагүй ургац хураан авлаа. Газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн тодорхой бодлогын үр дүнд улаанбуудай, төмсөө дотооддоо бүрэн хангах боломж бүрдсэн. Хүнсний ногооны  дотоодын хангалт өнгөрсөн жил 73 хувьтай байсан бол энэ жил нийт 81.3 хувийг дотооддоо хангахаар байна.  Мөн өнгөрсөн жилээс 40 хувиар илүү ногоон тэжээл хураан авсан байна.

-Нэг үеэ бодоход Засгийн газраас газар тариалан эрхлэгчдээ нэлээд  дэмждэг болсон.  Хөнгөлөлт, зээл, урамшуулал зэргийг нэрлэж болно.  Энэ ажил хөрсөн дээрээ хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

-Хүнсний хувьсгалын хүрээнд салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдсэн. Энэ нь арилжааны банкууд дээр олгож байгаа зээлийн хүүгийн татаас олгож байгаатай холбоотой. Тухайлбал,  газар тариалангийн бизнес эрхлэгч банкнаас 19 хувийн хүүтэй бизнесийн зээл авах байсан бол үүний 13 хувийг хүүг хөнгөлөх боломж бүрдэж байгаа юм. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл аваад тариалан хүнсний үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг олгож байгаа. Энэхүү зээлд арваннэгдүгээр сарын байдлаар 1800 гаруй ААН-д 667 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ нь 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс цаана нь тодорхой хэмжээний нөөц үлдсэн гэсэн үг.  Жилд  982 тэрбум төгрөгийн зээлийг хүнсний хангамжийн 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны арван банкаар олгож байна.

-Парламент 2024 оны улсын төсвийг хэлэлцлээ. Ирэх онд танай яам дээр хэрэгжих ямар онцлох ажлууд байна вэ?

-Хүнсний хангамжийн 36 дугаар тогтоолын хүрээнд дэх зээлийн үйл ажиллагаа таван жил үргэлжилнэ. Үүний дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид энэхүү хөтөлбөрт үргэлжлээд хамрагдаад явах боломжтой. Мөн ноос ноолуур, бусад салбарууд дээрх тусгайлсан  хөтөлбөрүүд үргэлжилнэ. Сүүлийн жилүүдэд мал эмнэлэгийн үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 2024 оны улсын төсөвт мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 13 тэрбумаар нэмэгдүүлсэн. Мал эмнэлгийн үйлчилгээний тарилгын төлбөрийг нэмэгдүүлнэ. Биокомбинатын үйл ажиллагааг сайжруулах, нэгж вакцины үнэлгээг илүү бодитой болгож,  зах зээлийн зарчимд нийцүүлэн, өсгөх шаардлагууд бий болсон. Үүнтэй холбоотой зургаан тэрбум төгрөгийг тусгасан. Тэгэхээр ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд мал эмнэлгийн салбарыг дэмжсэн, алхамууд орж ирнэ. Газар тариалан болон бусад салбарууд дээр явж байгаа бодлогууд үргэлжлээд явна. Тухайлбал, таван жилийн хугацаанд дотоодын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох  тодорхой зорилт тавьсан байгаа.

-Танай яамнаас үхрийг ээмэгжүүлнэ гэж нэг хэсэг ярьсан. Үүнийг дагаад махаа олон улсад  экспортлох боломж бүрдэнэ гэж салбарын сайд нь мэдэгдэж байв.  Энэ ажил үргэлжлэх үү. Ирэх оны төсөвт тусгагдсан зүйл байгаа юу?

-Энэ бол малд ээмэг зүүгээд орхих асуудал биш. Мал эмнэлгийн үйл ажиллагааг нэгдсэн цахим системд оруулахын төлөө сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж байна. Мал эмнэлгийн нэгдсэн цахим системтэй болж малын гарал үүслийг тодорхойлох боломжтой болсон. Малчин өөрийн нэр дээр  байгаа тодорхой тооны малаа эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа заавал гарал үүслийн гэрчилгээ авч байгаа. Гэрчилгээний дагуу шат шатны шалгалтаар ороод цахимаар бүртгэж байна. Харин одоо тухайн малын нэр, зүсээр таньдаг байж экспортод шууд гаргах хэрэгтэй болчихоод байгаа юм. Малын эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуйн суурь асуудал юм. Манай улсын хөдөө аж ахуйн салбар бусад улстай харьцуулахад нилээд хоцрогдсон. Малыг ээмэгжүүлнэ, ээмэгжүүлэхгүй гэдэг асуудлыг ярих биш  аль дээр шийдсэн байх ёстой. Үүнийг эхний удаад ач холбогдлыг нь ойлгуулах зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах саналууд явагдаад, нийгмийн асуудлуудтай тулгараад яваад байгаа юм. Ирэх жилийн төсөвт малыг бүртгэлжүүлж, нэгдсэн системийг хөгжүүлэхэд зориулж 500 сая төгрөгийг суулгасан. Төсвийн хүрээнд ээмэгжүүлэлтийн асуудал гэхээс илүүтэй зохион байгуулалтын үйл ажиллагааг хийнэ.

-Хөдөө аж ахуйн салбарын анхаарах гол хүчин зүйлийн нэг нь залуу ажиллах боловсон хүчин. Үүн дээр яамны зүгээс  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Энэ салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн салбар дахь боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгаа нь үнэн. Намайг ХААИС-д сурч байхад бакалаврын  сургалтын 10 мянган оюутан суралцдаг байсан. Харин одоо 3500-4000 оюутан суралцаж байна. Манай улс хөдөө аж ахуйн орон. Тэр утгаараа зах зээлд олон боломж бий. Гэсэн ч энэ чиглэлийг сонирхон суралцагчид багасаж байгаа нь асуудал дагуулахаар байна. Тусгайлсан богино, урт хугацааны хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Орон нутагт анхан шатан дээр ажиллаж байгаа боловсон хүчин дутагдалтай байгаа. Тухайлбал, нэг суманд гурван хөдөө аж ахуйн мэргэжилтин ажиллах ёстой бол дийлэнх нь хоёр, зарим нь орон тоо сул байна. Залуу малын эмч, аграномич, зоо техникчийн эрэлт хэрэгцээ цаашдаа улам өснө. Тиймээс энэ чиглэлийн хүрээнд  бакалавраас гадна мэргэшүүлэх сургалтыг явуулах чиглэлээр санаачлага гаргаж ажиллах шаардлагатай байна.  “Залуу малчдын зөвлөгөөн”-ийг ахалж  ажилласан. Тус зөвлөгөөнөөс гарсан арван гол ажлын нэг нь малчин гэдэг тусдаа мэргэших боломжийг олгосон  сургалтыг зохион байгуулах. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг нэмэгдүүлэх саналыг хэлж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)