Н.Жаргалмаа

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, ТББ хамтран “Сургамжит түүхүүд: ТББ-уудын бодит кейс дээр ажилласан туршлага” хэмээх хоёр дахь номын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Канадын Дүфрэснэ Готьерын сангийн санхүүжилттэй хүүхдийн эрх, хамгааллын шууд үйлчилгээ үзүүлдэг 12 ТББ-ын 2000 оны эхэн үеэс өнөөг хүртэл туслалцаа дэмжлэг шаардлагатай, хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлүүдэд нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлж ирсэн арга барил, туршлага, кейс менежментийн арга зүйг тусгажээ. Дээрх байгууллагууд нь 2020 онд анхны хамтарсан “Хүүхдийн эрх хамгаалал: Практик үйл ажиллагаа” номыг гаргасан байна. Үүнд ТББ-уудын санаачлан хэрэгжүүлсэн төсөлт хөтөлбөрүүд, зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаануудын сайн туршлагуудыг тусгасан байна.

Энэ удаагийн арга хэмжээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудалтай холбоотой төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачдын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр холбогдох хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

Дүфрэснэ Готьерын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн зохицуулагч Л.Дулмаа: Үндэсний ТББ-уудад санхүүжилт олгож байна 

-Канадын гэр бүлийн хоёр анх санаачлан өөрсдийн санг байгуулсан. Канадын Квебек, Монтреаль хот болон Монгол Улсад эрсдэлтэй бүлгийн хүүхдүүүдэд чиглэсэн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг санхүүжүүлдэг. Дан ганц санхүүжилт олгох бус тухайн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлдэг. Үүний нэг жишээ бол өнөөдрийн номын нээлтийн өдөрлөг юм. Манай сан анх 2001 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үедээ Их Британийн Хүүхдийг ивээх сангийн олон сонирхолтой төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж байсан. Үүний дараагаар 2010 оноос эхлэн Улаанбаатар хотод албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж үндэсний ТББ-уудад санхүүжилт олгож ажиллах болсон. Анх 2010 оноос үйл ажиллагаагаа эхлэх үедээ зургаан байгууллагатай хамтран ажиллаж байсан бол одоо 16 ТББ, 18 төслийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн манай сангийн зүгээс жилд нэг удаа захын хороололд байрладаг нэг цэцэрлэгт тоглоомын төслийг санхүүжүүлж шинээр тоглоомыг газрыг бий болгодог.

Энэрэлийн түүчээ ТББ-ийн төслийн менежер Л.Диваа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрхүүд ихэвчлэн өрх толгойлсон эхчүүд байдаг

-Манай байгууллага 2012 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Сургамжит түүхүүдэд манай явуулын үйлчилгээнд хамрагдсан нэг хүүгийн кейсээр оролцсон. Тэрбээр 2019 онд таван настайдаа манай үйлчилгээнд анх хамрагдсан. Хоёр жилийн турш үйлчилгээнд хамрагдсаны дараа ЕБС-д амжилттай суралцаад явж байна. Манай зүгээс явуулж буй явуулын үйлчилгээнд амьжиргааны түвшин доогуур, боловсролын үйлчилгээнд хамрагддаггүй, алслагдсан гэр хорооллын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийг хамруулдаг. Долоо хоног бүр гэрт нь очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, боловсрол олгох үйлчилгээ болон гэр бүлд нь нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ явуулдаг. Бид Дүфрэснэ Готьерын сангаас 2016 оноос хойш санхүүжилт авч байгаа. Одоогоор жилд 20 хүүхэд буюу нийт 200 гаруй хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлсэн байна. Харьцангуй хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг жилийн хугацаанд үйлчилгээнд хамрагдсаны дараа дараагийн шатны буюу цэцэрлэг, ЕБС-д хамрагдан суралцаад явдаг. Хүнд хэлбэрийн болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд 5-6 жил хамрагдаад явж  байгаа.

Яагаад гэвэл энэ хүүхдүүдийг дараагийн шатанд хүлээж авах байгууллага байдаггүй. Жишээлбэл, саажилт болон оюуны бэрхшээл хавсарсан хүүхдэд тохирсон цэцэрлэг, сургууль байдаггүй. Долоо хоногт нэг удаа очиж буй явуулын үйлчилгээнд маань хөгжүүлэгч багш, хөдөлгөөн засалч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны  бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Хороо дүүргүүдтэй хамтран мэдээллүүдээ авдаг ч үндсэн шаардлага буюу дээр дурдсан амьжиргааны түвшин доогуур үзүүлэлттэй айлуудад санал тавиад эцэг эх зөвшөөрсний дараа үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг. Бидний үйл ажиллагаанд найрсгаар ханддаг өрхүүд байхад танайх юу өгөх вэ гэх зэргээр мөнгө өгөхгүй бол хэрэггүй гээд гаргаж байсан айл ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрхүүд ихэвчлэн өрх толгойлсон эхчүүд байдаг. Тэдэнд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж төрөөс чиглэсэн хангамж үйлчилгээний талаар мэдээлэл олгодог. Үүнийг мэдэхгүй эцэг эх ч байдаг. Тэд хүүхэд маань өвдөхгүй л байвал болно. Нэмж битгий өвдөөсэй, өдрийн хоолтой л байлгах юмсан гэдэг. Гэвч хүүхэд сурч боловсрох, нийгэмших, өөрт байгаа чадваруудаа хөгжүүлэх ёстойг ойлгуулж хүүхэд, гэр бүлд цогц үйлчилгээ үзүүлсний дараа тэдний сэтгэл зүй, сэтгэл ханамж өндөр байдаг.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлүүдээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэлзүйчээс үл хайхрах хүчирхийллийн талаар ярилцсан билээ. Иргэд, нийгэм өмнөхөөсөө харьцангуй мэдээлэл ихтэй болсон ч яг бодит байдал дээр үл хайхрах хүчирхийллийн хэмжээ багассан уу. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулсан юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны сэтгэлзүйч Б.Дөлгөөн: Иргэн бүрийн оролцоо чухал

-“Хууль эрх зүйн орчин өмнөхөөсөө харьцангуй сайжирсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл заалтууд нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхэд авах арга хэмжээ, ял шийтгэл, зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Хүүхдийн хүчирхийллийг сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн, үл хайхрах гэж хувааж байгаа. Энэ үл хайхрах хүчирхийлэл нь дотроо дөрвөн ангилалтай гэж ойлгож болно. Бие махбодын, эрүүл мэндийн, сэтгэл санааны дэмжилгийн хувьд боловсролын үл хайхрах гэсэн агуулгыг хамруулдаг. Үүнээс эрүүл мэндийн үл хайхрах нь харьцангуй илрэх боломжтой. Мэдээж хүүхэд өвчлөөд эмнэлгийн үйлчилгээ авах хэрэгтэй учраас шүү дээ. Харин сэтгэл санааны болон боловсролын үл хайхрах хүчирхийлэл нь илүү далд хэлбэрийн байдаг учраас маш хэцүү. Түүнчлэн хүүхэд гэлтгүй гэр бүлийн хүчирхийлэл өөрөө далд хэлбэрээр нууцлагдмал явагддаг.

Гэр бүлийн зарим гишүүн хүртэл хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд  өртүүлж байгаагаа мэддэггүй. Эмээ өвөө нар ач, зээ нарт нь тохиолддог гэдгийг мэдэхгүй байна. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэдэг нэгэнт тогтоогдсоны дараагаар тэнд хорооны хамтарсан баг ажилладаг. Үүнд цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид багтдаг. Далд хэлбэрийн хүчирхийлэл нь илрэлт бага мөн тухайн хүүхдийн нийгэмшил том асуудал үүсгэж байдаг. Жишээлбэл, боловролын үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулдаггүй. Албан ёсоор бүртгэлтэй хэдий ч хүргэж өгдөггүй байх зэргээр явагддаг. Сэтгэл зүйн дэмжлэгийн хүрээнд хүүхэд өөртөө итгэлгүй, дуу сул эсвэл гэнэт чанга орилдог. Энэ үйлдлүүдэд эцэг эх, асран халамжлагч нар энэ маань их сахилгагүй, энэ хүүхэд өөрөө болдоггүй гэх хандлага гаргах нь элбэг. Гэвч дээрх зан байдлууд нь тэр цаана байгаа асуудлын наана гарч буй илрэл юм. Үүнийг л ойлгож мэргэжлийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Сэтгэлзүйчдийн хувьд тухайн хүүхдэд тохиолдсон асуудал ямар байх нь тэр хүүхдийг тодорхойлох тодорхойлолт болохгүй гэдэг. Энэ утгаараа хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээллийг нийгэмд ил гаргах нийтлэх өөрөө маш буруу. Нийгэм сэтгэл хөдлөл, эмоцоороо асуудалд хандах тал бий. Харин тэр бүрийн цаана нь нэг хүний амьдрал яригдаж байдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд нийгэм бүхлээрээ анхаарал хандуулдаг байх ёстой. Энэ бол дан ганц нийгмийн ажилтан сэтгэлзүйчдийн хийх ажил биш иргэн бүрийн оролцоо чухал гэв.

Эх сурвалж www.zms.mn