-Амбицтай, хүсэл тэмүүлэлтэй шинийг санаачлагч, амжилттай бизнес эрхлэгч, авъяаслаг зураач. Энэ бол Уолт Дисней-
Түүнийг биширч эсвэл шүүмжилж болно, гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр бол дэлхийн хүүхэлдэйн кино, энтертайнментийн салбарыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Уулын хаан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Аав нь мужаан, ээж нь багш. Таван хүүхэдтэй ядуу гэр бүлд төрж өссөн түүнд энэ уулын оройд гарах гэж ямар хэцүү байсныг та төсөөл дөө.
Уолтер Элиас Дисней 1901 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чикагод төржээ. Таван жилийн дараа гэр бүл нь тэндээсээ Миссури дахь ферм рүү нүүсэн байна. Хүүхдүүддээ маш их хайртай, гүн шүтлэгтэй ээж нь сүмд хөгжимчин байсан. Аав нь гэр бүлээ тэжээх гэж олон ажил хийдэг байсан ба хүүхдүүдээ хатуу гараар хүмүүжүүлэх аргыг баримталдаг нэгэн байв. Насан туршдаа эцгийн хайрыг тэрбээр ах Ройгоосоо мэдэрч амьдарсан гэж хэлсэн байдаг. Хүүхэд байхаасаа зурах дуртай байсан. Цаас олдохгүй бол жорлонгийн цаасан дээр зурдаг байв. Фермд амьдарч байхдаа амьтныг хайрлах үзэл бодолтой болсон. Хожим нь энэ хайраа хүүхэлдэйн кинон дээр харуулж байсан юм. Нэгэн удаа түүний хөрш зургийг нь 25 центээр худалдаж авчээ. Удалгүй залуу хүү зургуудаа зараад зогсохгүй мөн үсчинд төлбөрөө зургаар төлдөг болов.
1917 онд гэр бүл нь буцаад Чикагод нүүж ирэхэд тэр Дүрслэх урлагийн академид оройн ангид сурч эхлэв. Хажуугаар нь үйлдвэрт ажиллаж, сургуулийн сонинд зураг зурж өгдөг болов. Дэлхийн I дайны төгсгөл үед 16 настай залуу хөвгүүн Улаан загалмайд жолоочоор элсэн Франц руу явсан байна. Түргэн тусламжийн машинаа өөрөө зурж чимэглэсэн байсан гэдэг.
Дайнаас буцаж ирээд Канзас хотод сонинд ажилд орсон боловч нэг сарын дараа түүнийг зурж чаддаггүй хэмээн ажилаас нь халав. Сонины газар тэрбээр Аб Айвериктэй танилцаж улмаар тэд олон жилийн хамтрагчид болсон юм. Аб илүү уран бүтээл тал руугаа, Уолт илүү шинийг санаачлагч, бизнес сэтгэлгээтэй байв. Студи болгон өөрчилсөн гарааждаа инээдмийн зураг нэртэй хүүхэлдэйн кинонууд хийж, кинотеатрт гаргадаг болов. Гэвч 1923 онд тэдний студи дампуурав. Тэр жилдээ камераа зараад 40 доллартай болсон Уолт ах Рой, найз Абтайгаа Холливуд руу явав. Ах нь цэргийн тэтгэврээ дүүдээ зээлэв. Удалгүй Аб, Уолт нар “Алиса гайхамшгийн орноор” цуврал хийх урьдчилгаа авав. Дисней хүүхэлдэйг амьд жүжигчидтэй хослуулж чадсандаа их бахархалтай байв. 1924 онд кино дэлгэцнээ гарсан байна. Холливудад амжилттай бүтээл гаргаснаас жилийн дараа Уолт гэрлэжээ. Түүний эхнэр Лилиан Бонд студид нь ажилладаг байжээ. Ийнхүү 24 насандаа Уолт эхнэртэй, хүүхэлдэйн студийн эзэн болсон байлаа.
Хоёр жилийн дараа Аб, Дисней нар өөрсдийн хамгийн алдартай дүр болох Освальд туулайг бүтээжээ. Удалгүй эрхийг нь дистрибьюторууд нь булаан авч, студийх нь тал ажилчдыг өөртөө урвуулан татжээ. Иймэрхүү урвалт, хямрал түүний амьдралд нэлээд хэдэн удаа тохиолдсон боловч тэр хэзээ ч бууж өгч байгаагүй юм.
Освальд туулайны дараахь бүтээсэн дүр бол Мортимер Маус. Эхнэр нь түүнийг Микки Маус болгож нэрийг нь өөрчлөхийг санал болгов. Өөртэй нь их төстэй баяр баясгалантай хулганын эхнэр эхний хоёр ангид дуугүй байсан ба гурав дахь ангиасаа эхлээд дуутай болсон юм. Энэ цагаас эхлэн Микки Маусын дэлхий даяарх аялал эхэлжээ.
Уолт бол хамгийн түрүүнд шинийг санаачлагч нэгэн. Түүний бүтээл бүхэн дэлхийн хүүхэлдэйн киног нэг алхам урагшлуулсан байдаг байв. 1932 онд тэр анх гурван өнгөт хальсан дээр кино хийжээ. 1930-аад оны эхэн үеээс эхлээд тэрбээр бүрэн хэмжээний кино хийх мөрөөдөлтэй болов. Ажилчид нь үүнийг эсэргүүцэж байлаа. Гэвч 1937 онд “Цасан гоо ба долоон одой” дэлгэцнээ гармагцаа сая долларын ашиг олжээ. Үүнээс хойш маш олон тооны бүрэн хэмжээний бүтээл дэлгэцнээ гарах болсон юм.
1955 онд түүний эртний мөрөөдөл биелж, Калифорнид Диснейланд паркий0н үүд хаалгыг нээв. 1960-1970 он бол Диснейн оргил үе байлаа. Түүний кино, сериалууд телевизийг байлдан дагуулж байв. 1965 оны “Мэрри Поппинс” мюзикл жинхэнэ агуу бүтээл болж чадсан ба түүний кино, хүүхэлдэйн кинонд олон жилийн туршид хуримтлуулсан туршлагыг багтааж чадсан юм. Энэ алдартай бүтээл дэлгэцэнд гарснаас нэг жилийн дараа 1966 онд Уолт Дисней нас барсан юм.
Хөгжил цэцэглэл оргилдоо хүрсний дараа урууддаг жамаар түүний эзэнт улс бас л шүүмжлэлд өртөж эхэлсэн. Гэвч 1980-аад оны төгсгөл 1990-ээд оны эхэн үеэс Дисней студи дахин цэцэглэж олон сайхан бүтээлийг гаргаж эхэлсэн. Үүнд “Араатан ба гоо үзэсгэлэн”, “”Лусын дагина”, “Араатны хаан арслан” гээд олон бүтээл нь дахин сая сая хүүхэд томчуудыг үлгэрийн шидэт ертөнцөд умбуулж эхэлсэн билээ.
Эх сурвалж: www.zms.mn