Н.Жаргалмаа
Цахим технологи хиймэл оюун ухаан өдрөөс өдөр хачин сонин зүйл байхаа больж бид хэдийнээ дасан зохицож эхэллээ. Үүнийг дагаад олон төрлийн хиймэл оюун ухаан бидний эргэн тойронд өдөр тутамын амьдралд оролцож байна. Жогсоолын автомат дугаар уншигч хаалт бол бидний мэдэх хамгийн энгийн хиймэл оюун ухаан билээ. Харин технологийн компаниуд хэсэг бужигнах болов. Энэ салбартаа дэлхийд дээгүүрт орж байгаа “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч захирал Сэм Альтманыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ингэхдээ тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл түүний удирдах чадварт итгэл алдарсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн тодотгов. Гэвч тэдний хийсэн энэ мэдэгдэл тийм ч ойлгомжтой тайлбар болж чадсангүй. АНУ-ын технологийн компани хөгжүүлэгч тэрбумтан Илон Маск ч мөн хариулт эрэлхийлэв. Тэрбээр “Хиймэл оюун ухааны цаашдын хөгжил, аюулгүй байдал чухал ач холбогдолтой дээрх шийдвэрт дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй” хэмээн X цахим сүлжээнд бичсэн юм. Түүний хувьд “OpenAI” компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг хэдий ч өөрийн компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр 2018 оноос нэрээ татаж авсан. Дээрх олон асуултад хариулт өгөөгүй байж зөвлөл дараагийн гүйцэтгэх захиралыг томиллоо. “OpenAI” компани нь “ChatGPT” хиймэл оюун ухаанд суурилсан платформыг хөгжүүлж өнгөрсөн жилээс эхлэн энэ салбарын тэргүүлчидийн эгнээнд нэгдэн олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ч татаж чадсан. Зөвлөлөөс “Twitch”-ийн гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг томилохоор болсон гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд батлав. Харин дээрх мэдэгдэлд “Microsoft”, “Tiger Global”, “Thrive Capital” зэрэг томоохон хөрөнгө оруулагчид ихэд цочирджээ. Тэд энэ удирдах зөвлөлд багтдаггүй учир тус зохицуулалтыг мэдээгүй байна. Гүйцэтгэх захирал асан Сэм Альтман хиймэл оюун ухаан хөгжүүлэгч төдийгүй бүтээгдэхүүний танилцуулга сурталчилгаа зэрэг компанийн нүүр царай болж байсан.
Хуучин хөрөнгө оруулагч шинэ хамтрагч
Шинэ захирлын дуулиан дуусаагүй байхад дахин нэг мэдэгдэл гарав. “OpenAI” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Microsoft”, корпораци хиймэл оюун хөгжүүлэлтийн төслийн удирдах албан тушаалд Сэм Альтманыг томилжээ. Энэ талаар “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла X цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэд “OpenAI”-ийн технологийг ашиглан бүтээгдэхүүнүүдээ шинэчилж нийт 13 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж компанийн 49 хувийг эзэмшдэг. Мөн дээрх томилгоо нь хоёр компанийн хамтын ажиллагаанд ямар нэг асуудал үүсэхгүй гэдгийг онцоллоо. “Microsoft” компанийн хувьцаа энэ сарын эхний хагаст 376,35 ам.доллар хүрч өссөн бол дээрх мэдээллийн дараа 2,74 хувиар “Nasdaq” бирж дээр өссөн үзүүлэлт гарчээ. Сэм Альтманы удирдах шинэ хөгжүүлэлтийг багт “OpenAI”-ийн ерөнхийлөгч асан Грег Брокман болон өөр хэд хэдэн ажилтан багтжээ.
“Төр”-ийн эргэлт эхлүүлэв
“OpenAI” төлөөлөн удирдах зөвлөлийнхөн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарав. Тэднийг гаргасан шийдвэрээ цуцалж Сэм Альтманыг эргүүлэн албан тушаалд нь томилж, өөрсдөө ажлаа хүлээлгэн өг гэх шаардлагыг хүргүүлжээ. Мөн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаяна хэмээн 700 гаруй ажилчид гарын үсэг зурж нэгдээд байна. Харин “Microsoft” компани “OpenAI”-аас гарсан хүмүүсийг ажилд авна гэж мэдэгдэв. Компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргаж буй сайхан сэтгэл байж болох ч бизнесийн хачирхалтай хэрэг юм. Гэвч эдгээр технологийн салбарынханы дундах хачин сонин зүйл үүгээр дуусахгүй. Ажилчдын эсэргүүцэл шаардлагад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Илья Суцкевер нэгдсэн байна. Тэрбээр гүйцэтгэх захирал Сэм Альтманыг албан тушаалаас буулгахад гол үүрэг гүйцэтгэж байсан нэгэн билээ. Түүний энэ шийдвэрээс харахад гаргасан шийдвэртээ харамсаж байгаа бололтой. Энэ талаар өөрийн X цахим хуудаснаа “Би “OpenAI”-д хохирол учруулахыг хүсэхгүй байна. Тиймээс компаниа эргэн нэгтгэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. ТУЗ-ийн гаргасан энэ алдаатай шийдвэрт харамсаж байна” гэжээ. Одоогоор зөвлөл ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Ердөө тавхан өдрийн дотор болж өнгөрсөн бүхэн нэгэнт буцаах боломжгүй. Хиймэл оюун ухааны салбарт шинэчлэл авчирч гайхалтай хөгжүүлэлтийг хийж байсан компани хаалгаа хаах уу үгүй юу гэдэг асуулт л үлдэж байна.
Эх сурвалж: www.zms.mn