Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хүний амьдралд юу хамгийн чухал вэ. Мэдээж гэр бүл, хайр сэтгэл гээд олон зүйлийг бид онцолж болно. Гэвч үүнтэй дүйцэхүйц нэг зүйл нь эрүүл мэнд юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд нас баралт залуужиж байна. Үүний гол шалтгаан нь цус харвалт болоод удлаа. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэв маяг-Хэмнэл” буландаа цус харвалтын тухай онцолж байна.
Стресс, таргалалтаас үүдэлтэй харвалт зонхилж байна
Тархины цусан хангамж их хэмжээгээр багасах эсвэл зогсох, түүнээс болж тархинд очих хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ огцом буурахад цус харвалт үүсдэг юм байна. Харвалт болсноор хэдхэн минутын дотор тархины эсүүд үхжиж эхэлдэг аюултай. Тиймээс харвалт өгсөн даруйд түргэн тусламж дуудах шаардлагатай. Зовиур нь ихэнхдээ огцом илэрдэг юм байна. Дэлхийд жилд 15 сая хүн харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн судалгаа байдаг ажээ. “Тархинд цус харвасан тохиолдолд компьютер томографи болон соронзон оношилгоог яаралтай хийж, харвалтын шинжийг тодруулдаг. Ингэснээр цус хомсрох болон тархины доторх цус харвалтын аль нь болохыг оношилж, тогтоодог. Цус хомрох гэдэг нь тархины аль нэг артерийн судас бөглөрсний улмаас тархины цочмог дутагдалд орохыг хэлдэг. Харин тархины цус харвалт гэдэг нь судас гэнэт хагарснаас, эсвэл судасны хананы нэвчүүлэх чанар ихэссэнээс тархинд цус хурахыг хэлдэг” гэж П.Н.Шастины улсын III төв эмнэлэгийн эмч Ж.Ариунаа тайлбарлажээ. Харвалт нь хэр хүнд, хөнгөн байгаагаас шалтгаалан тархины гавлыг нээх мэс засал болон цусны бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг ажээ. Харвалт үүсэх хэд хэдэн үндсэн шалтгаан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд стресс, таргалалтаас үүдэлтэй харвалт зонхилох хувийг эзлэх болжээ. Тиймээс цус харвалтаас сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд амьдралын зөв дадал, эрүүл хооллолтоос гадна өдөр тутмынхаа амьдралд дасгал хөдөлгөөнийг дадал болгохыг ДЭМБ-аас уриалж байна.
Саажилт үүсэх нь харвалтын шинж тэмдэг
Тархины голомтот шинж тэмдэг нэг өдрөөс удаан хугацаагаар үргэлжлэхэд бүрэн харвасан гэж үздэг. Ихэнхдээ тархины цусан хангамж тодорхой голомтод л өөрчлөгддөг учир тархины бусад хэсгүүдийн цусан хангамж хэвийн байдаг ажээ. Тиймээс илрэх шинж тэмдэг нь голомтот чанартай байдаг гэнэ. Тархины аль хэсэгт цусан хангамж муудсанаас хамааран илрэх шинж тэмдэг нь янз бүр байдаг. Үүнээс хамгийн элбэг тохиолддог нь
• Тал биеийн мэдээ муудаж, саажилт үүсэх
• Хэл яриа өөрчлөгдөж, огт ярьж чадахгүй, эсвэл ярьж байгаа үгс нь ойлгогдохгүй байх,
• Хараа өөрчлөгдөж, юм хоёр болж харагдах, нэг нүд хараагүй болох, нүд хялар болох
• Тэнцвэр өөрчлөгдөж, толгой эргэх, дотор муухайрч бөөлжих, чих шуугих, сонсгол өөрчлөгдөх
• Хэл залгиурын хөдөлгөөн саажих, хахаж цацах
• Ухаан санаа алдагдах
Эдгээр шинж тэмдэгээс гадна тархины ерөнхий шинж тэмдгүүд илэрч болно гэж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Батсайхан онцоллоо. Жишээлбэл, ой тогтоолт муудах, ухаан санаа балартах, бие сульдах гээд тухайн хүний дархлаа болон биеийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй байдаг гэнэ. Тархины цус хомсрох болон тархинд цус хурах харвалтын шинж тэмдгүүд төстэй байдаг юм байна. Харин харвалтын хамгийн ховор хэлбэр нь торлог бүрхүүл доорхи цус харвалт юм байна. Энэ үед толгой гэнэт хүчтэй, тэсэхийн аргагүй өвдөж, ухаан алдах энүүхэнд. Учир нь тархины бүрхүүл завсар их хэмжээний цус хурсанаас болж цочирдож, амархан хавагнаж байгаа нь энэ юм. Энэ төрлийн харвалтыг эмч нар амь насанд онцгой аюултай гэж үздэг юм байна.
Саажилт хүчтэй илэрсэн тохиолдолд эдгэрэлт удааширдаг
Цус харвах процесс нь ихэвчлэн өдөр болон оройн цагаар явагддаг. Ихэнх өвчтөн энэ үед нүдээ аньсан, царай нь хүрэн өнгөтэй болж, арьс нь улайж эхэлдэг байна. Түүнчлэн зарим хүн цус харвалт явагдсан тохиолдолд хөдөлгөж болохгүй гэдэг. Ингэхдээ эмч ирэхээс өмнө аль болох тайван байлгаж, тухайн хүний амьсгалах замыг чөлөөлж, дэргүй хэвтүүлээд хугацаа алдалгvйгээр аль ойр байгаа эмнэлэгт хандах хэрэгтэй. Энэхүү өвчний эдгэрэлт нь харвалтын байдлаасаа шалтгаалдаг. Тархины гол бүтцийг хамраагүй, бага хэмжээний жижиг цус харвалт бол бүрэн эдгэрдэг. Харин цус харвалтын хэмжээ том, гол бүтцүүдийг хамарч, саажилт хүчтэй илэрсэн тохиолдолд эдгэрэлт удааширч, цаашлаад тахир дутуу болдог аюултай. Мөн өвчтөнд тархины судасны цүлхэн, гадагш байрлалтай цусан хураас, бага тархины цус харвалт тархины баганан хэсгийг дарсан, бөглөрөлт хэрхэн үүсч байгааг нь тогтоож байж мэс заслын эмчилгээг санал болгодог байна.
Эмч зөвлөж байна
Цус харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон харвалт өгсөн үед юуг анхаарах тухай мэргэжлийн эмч нар ийнхүү зөвлөжээ.
УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа: Цусан дахь сахарын хэмжээ их байх нь эрсдэл дагуулдаг
-Манай улсад 2013 оноос хойш жилд дунджаар шинэ харвалтын тохиолдол 5.000-6.500 орчмын хооронд хэлбэлзэж байна гэх статистик бий. Энэ тоо бол цөөн хүн амтай манай улсын хувьд маш өндөр үзүүлэлт. Харвалтаар нас баралтаар улсын хэмжээнд жид 1.000 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага, шат шатны эмнэлгүүд нас баралтыг бууруулах талаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлж, тактиктай ажиллаж байгаа. Цус харвалтаас сэргийлэхийн тулд иргэд цусны даралтаа хянаж сурах нь чухал. Мөн цусан дахь сахарын хэмжээ их байх нь эрсдэл дагуулдаг. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомстол ч харвалтад нөлөөлж байна. Ялангуяа, суугаа ажил хийдэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй, жингийн илүүдэлтэй хүн цус харвах эрсдэлтэй гэсэн үг. Дээрх эрсдэлт хүчин зүйлсийг арилгаж чадвал харвалтаас сэргийлэх боломжтой.
УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо: Харвалтыг эрт үед илрүүлэх нь чухал
-Тархины харвалт гэдэг нь тархины судасны эмгэг юм. Тэрхүү судас бөглөрсөнтэй холбоотойгоор харвалт үүсдэг. Харвалтыг эрт үед нь илрүүлэх нь чухал байдаг. Тархи хүчилтөрөгчид мэдрэг байдаг учраас очих цусан хангамж ямар нэгэн байдлаар алдагдаж, тэжээлийн дутагдалд орсноор тархины эсүүд маш амархан үхжиж, эргэн сэргээх нь асуудалтай болно. Сүүлийн үед залуучуудын архи, тамхины буруу хэрэглээ, түүнчлэн чихрийн шижин ихээр нөлөөлж байна. Тиймээс энэ өвчлөлөөр залуус өвдөх нь элбэг болжээ. Монгол Улс энэ өвчнөөр дэлхийд дээгүүрт ордог. Бусад улс орнуудтай харьцуулахад 100 мянга хүн гэж авч үзэхэд үүнээс 249 орчимд нь тохиолдож байна. Тиймээс цус харвалтаас сэргийлэхийн тулд идэвхигүй амьдралын дадлаа өөрчилж, тамхинаас татгалзаж, аль болох дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)