С.УЯНГА

 

Хотын удирдлагын  баг ойрын өдрүүдэд Төрийн ордонд “уяатай” өнжиж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг батлуулахаар Байнгын хорооны гишүүдэд асуугдаж явна. Хотын хөгжлийн алсын харааг тодорхойлох эл хуулийн төсөл төлбөртэй бүс бий болгох зэргээр нийгэмд нэлээн “гал”-тай эхэлсэн. Тэгвэл хот руу орохдоо 27500 төгрөг төлнө хэмээн иргэдийг бухимдуулаад байсан  заалтыг хуулийн төслөөс хасахаар болжээ. Харин утаа, түгжрэл зэрэг 1.5 сая иргэний амьдралын чанарыг сайжруулах талаар ямар бодлого баримтлах талаар хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

НАРИЙН ХЭСЭГТ НЭГ ЭГНЭЭ ЗАМ НЭМНЭ

 

Хотын төв тойруулж нэмж өндөр барилга бариулахгүй, газар олгохгүй гэнэ. Тиймээс их, бага тойруу тойрсон нягтаршил ихтэй бүсэд барилга барих асуудлыг Засгийн газрын журмаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нийтээр хэлэлцүүлнэ. Их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг  зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно гэлээ. Түгжрэлийг бууруулахын тулд их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэнэ. Энэ талаар сургуулиудад санал тавьж судалгааны ажил хийж эхэлсэн байна. Түүнчлэн ирэх оны эхнээс автомашины улсын дугаар нэмж олгохгүй. Төвийн бүх зогсоолыг төлбөртэй болгоно, нийслэлийн замын нарийн хэсэгт нэг эгнээ нэмнэ, орон нутгийг машинуудыг хотод олон хонуулахгүй байх зохицуулалтыг хийх юм байна. Төрөх эмнэлгүүдийг хотын харьяанд байсныг Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн. Тэгвэл буцаагаад хот руу шилжүүлэхээр болжээ. Дараагийн заавал хөндөх ёстой асуудал бол Дулааны станцууд. Дулааны станцуудын өр их наяд хүрсэн. Өр төлбөртэйгээ нийлээд 1.4 их наяд болсон. Тиймээс либералчлах шаардлагатай гэлээ. Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлыг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ агаарын бохирдлыг бууруулах эхлэл цэг нь болно гэж үзжээ.

 

“АВЛИГА” ХОРООЛЛЫГ ГУРАВДУГААР САРД БАГТААЖ  НУРААНА ГЭВ

 

Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тэгвэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах хугацаа энэ баасан гарагт дуусна. Автобуснууд орж ирэхээр нийслэлчүүдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж, энэ чиглэлд дорвитой ажиллана. Иргэдэд карт тарааж эхний зургаан сар төлбөргүй зорчуулах бодлого баримталж байгаа гэв. Утааг бууруулах яндангийн тоог цөөлөх  чиглэлд байгаа нөөцдөө тулгуурлаад 198 мянган өрхөөс 20 гаруй мянган айлыг цахилгаан халаагуурт шилжүүлэх хөтөлбөрийг гаргасан. Амьжиргааны түвшнээс доогуур, зуух пийшин нь асуудалтай 80 мянган айлыг нэн яаралтайгаар давхар шаталттай буюу утаан дахь хорыг давхар шүүлтүүрээр шүүж гаргадаг зуухаар хангана. Энэ тал дээр Эрчим хүчний яамтай ойлголцсон байна. Түүнчлэн “Авлига” хорооллыг нураах талаар Хотын дарга “Шүүхийн шийдвэр удахгүй гарна. Мөн сар гаруй хугацаанд инженерүүд ажиллах шаардлагатай юм билээ. Гадны мэргэжилтнүүдийг авчирч нураалгана. Ирэх оны гуравдугаар сард багтаад “буулгах” төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

 

УЛААНБААТАРТ 200 УЗБЕК ТОГООЧ УРИНА

 

Нийслэлд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хоолны амт, чанарыг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс Улаанбаатарт 200 узбек тогоочийг урьж 200 зоогийн газар ажиллуулна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ ажлыг хийх боломжтой гэж үзжээ. Өвөл болохоор хамгийн их шүүмжлэл дагуулдаг гялгар замын өнгөлгөөг солино. Үүний тулд Авдрантын ордыг нийслэл авч ногоон өнгөөр замын өнгийг солихоор төлөвлөж буйгаа дуулгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)