Б.ГАРЬД

 

Гэрээ албан ёсоор бариад авсан АН-ынхан төвхнөх гэж багагүй л юм болж байна. Тэр нь дуусдаггүй. Олон “айл” нийлж нэг гэрт орсон болоод ч тэр үү, эв зүйгээ олох тал дээр учир дутагдалтай явж ирсэн. Юу үнэн, энэ үнэн шүү. 2012 онд арайхийж ялж, засаг барьчихаад жилийн дараа л хөлөө жийлцэж эхэлсэн. Засгаа унагаад, өөр юу юу ч боллоо доо. Тэгээд 2016 онд ялагдсан. Шалтгаан нь шуудайтай үхрийн эвэр шиг байдагтай нь л шууд холбоотой. Энэ нь одоо ч үргэлжилж байна. Уг нь 2023 он гарснаас хойш сүрхий хэлхэлдэж гүйж байгаад намаа босгоод авсан. Өнгөрсөн хавар ҮБХ-гоо бүрдүүлж, намын даргатай ч болсон. Намар дэд дарга нар, бусад бүтцээ нэлээд явуулсан. Саяхан аймаг, Нийслэлийн намын дарга нараа сонголоо. Овоо л урагшлав. Гэтэл сүүлийн хэдхэн хоногт нөгөөх намын даргаа солихоор шийдэцгээх шиг боллоо. АН-ын дарга болоод 10 сар болж буй Лу.Гантөмөр сонгууль үзэлгүй огцорч мэдэхээр болжээ.

Мэдэхээр ч гэж, ер нь шулуудсан шинжтэй байна. Түүний оронд АН-ын дараагийн дарга болох хүмүүсийн нэр ч тодорсон байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр яригдаж эхэлсэн. Одоо түүнээс гадна таван хүний нэр гараад байна. Тодруулбал, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Х.Баттулга,  Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар яригдаж байна. Эдний хэн нь ч АН-ын дарга болж мэднэ. Тус тусдаа туршлага хуримтлуулж, давуу тал бий болгосон улстөрчид л дөө. Тэгэхээр “...Хэн нь АН-ыг 2024 оны сонгуульд авч орох вэ” гэдэг удахгүй тодорхой болно. Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр болдог ардчиллын өдрүүдээр шийдэгдэх бололтой байна. Тэгэхгүй бол дахиад л халах, сэлгэх талаар ярих хэрэг гарна. “...АН бол олон айл нийлж нэг гэрт орсонтой адилхан нам шүү” гэж эхэнд хэлсэн дээ. Ер нь бол АН-ынхан намын дарга дээрээ жинхнээсээ зөв сонголт хийчихвэл сонгуулийн өмнө төвхнөөд авах зай ч бас бий. Даргаа соливол шүүх дээр урьдных шиг удахгүй. Удаах ч шаардлага байхгүй. Учир нь тэр үеэ бодвол АН албан ёсны бүх асуудлаа цэгцэлчихсэн. Тэгэхээр тэд өөрсдөө л өөдтэйхэн “өрхийн тэргүүн” сонгох хэрэгтэй болоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)