Баатарын НЯМСҮРЭН

 

Цэргүүд жагсаалын бэлтгэлээ хийхийг холоос харахад содон. Шугам мэт эгнээ алдахгүй зогсож, алхах нь цэргийн зохион байгуулалт, жагсаалын дүрэм ямар байдгийг илтгэнэ. Аавын алдрай хөвгүүд цэргийн амьдралд хөл тавьснаар  дасгал хийх, хоолоо идэх, спортоор хичээллэх, хувийн ариун цэврээ сахих, анги руугаа орох гээд бүх зүйлд төлөвшсөн байгаа нь үйл хөдлөлөөс нь харагдаж байв.

Сүүлийн үед нийгэмд цэргийн албыг харанхуй төсөөллөөр бодох болсон. Учир нь алба хаахаар яваад гэртээ эсэн мэнд харихгүй, бэртэж гэмтэж байгаа бараан мэдээлэл цацагдсан. Тиймээс “Хэвлэл мэдээллийн ажилтны нээлттэй өдөр”-ийн хүрээнд Хошууч генериал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан туг, Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус анги нь 1929 онд байгуулагдаж, зэвсэгт хүчний хээрийн холбоо системийн бэлэн байдлыг хангаж, мэргэшсэн цэргийн алба хаагчидтай болох зорилготой юм. 1936 онд Ардын хувьсгалын цэргийн ангиудаас цэргийн сургалт бэлтгэл, сахилга зохион байгуулалтаараа шалгарч Алтан гадас одонгоор шагнуулсан түүхтэй. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид бидний сайн мэдэх “Тусгай салаа” киноны зураг авалтыг хийсэн. Энэ ангиас олон алдартан эрхэм төрж гарсан байдаг. Тухайлбал, үндэсний бөхөөс улсын аварга Б.Түвдэндорж, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Н.Мустафа нар алба хаасан аж.

Хугацаат цэргийн алба хаагч Б.Баярбилэг “Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас ирж алба хааж байгаа. Өөрийн хүсэл сонирхлоороо алба хаахаар ирээд нэг сарыг үджээ. Багаасаа цэрэгт явж эх орноо хамгаалах эр хүн болно гэж боддог байсан хүслээ биелүүлж явна. Цэргийн амьдралдаа хурдан дассан, энд ирсэндээ баяртай байна. Анх ирэхэд хоолондоо дасах амаргүй байлаа. Учир нь хүнсний ногоо хэрэглэдэггүй байсан. Мөн ирээд гурав хоногийн дараагаас захны давуугаа хадаж сурсан. Олон найзтай болж, нийтэч байх занд суралцаж байгаа шүү” гэж сэтгэгдлээсээ хуваалцав.

Цэргүүд чөлөөт цагаараа соёл амралтын өрөөндөө даам тоглож, ном сонин уншиж, зурагт үзэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна. Цэрэгтэй олон боломж нээлттэй байдаг юм билээ. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн онд албаа хаасан ч ангидаа үлдэж ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй П.Отгонбаяр юм. Тэрбээр Дундговь аймгаас цэргийн албыг зорьж иржээ. Түүний ойр тойронд цэргийн мэргэжилтэй хүн байгаагүй учраас цэргийн талаар ямар ч ойлголтгүй байжээ. Харин цэрэгт ирснээр цэргийн амьдралд дуртай болж бахархаж омогшдог гэдгээ хэлж байв. П.Отгонбаяр цэрэгт ирэхээсээ өмнө давилуун, түргэн ууртай байсан ч цэрэгт ирснээр энэ зангаа засаж, бусадтай зөв харилцаж сурсан гэв.

ЗХЖШ-ын холбоо мэдээллийн хэлтсийн дарга М.Золзаяа “Монгол тусгаар улс. Тиймээс эр хүн эх орноо хамгаалах үүрэгтэй. Цаашлаад эх орноо гэсэн үзэл төлөвшилтэй, айл гэрийн эзэн болохдоо амьдралаа хайрладаг, улс орноо хөгжүүлэх иргэн болж төлөвшихөд нь цэргийн алба бэлддэг. Бусдыг хүндэлдэг, ойлгодог, эерэг хандлагыг цэргийн алба суулгаж өгнө. Мөн хамтарч ажиллахын давуу тал, нөхөрлөлийн үнэ цэн, хариуцлагыг ойлгож, зөв төлөвшлийг олж авна. Цэргээс халагдсан залуус нийгмийн амьдралд орохдоо ёс зүйтэй, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй халагддагаараа онцлог. Алба хаахаар ирж буй залуус харилцан адилгүй зан чанартай. Нэг нэгэндээ уурлаж, стрессдэхийг үгүйсгэхгүй. Үүнийг цэргийн дүрэм буюу эелдэг харилцаа зохицуулж өгдөг. Тухайлбал, ямар ч хүнтэй “та” гэж хүндэлж харьцахаас эхэлдэг. Харин албаны харилцаанд “эрхэм байлдагч” гэж харьцах жишээтэй. Зэвсэгт хүчний сүүлийн үед гаргасан хөгжлийн бодлогын нэг нь өөрчлөлтийн шинэчлэл. Ажиллаж буй удирдлага, ахлагчаа сэтгэлгээний өөрчлөлтөд оруулах, зөв хандлагатай болгох, боловсрол мэдлэгийг нь сайжруулна” гэсэн юм.

Ангийн алба хаагчдыг гарын хоолоороо “дайлдаг” тогооч Г.Чанцал “Би 013 дугаар ангид ажиллаад 21 жилийг үджээ. Энэ хугацаанд ажлаа сэтгэлээсээ хийхийг зорьж ирсэн. Манай анги найман тогоочтой үйл ажиллагаагаа явуулдаг. Өдрийн дөрвөн хоолоор үйлчилдэг. Үүнд нэг, хоёрдугаар хоол багтана. Сонголттой хоолоор үйлчилдэг” гэж байлаа.

Цэргүүдийн үйл хөдлөл бүр нь цагийн хуваарьтай байх аж. ЕБС-ийн сурагчдын дунд болдог “Дөл” тэмцээнд оролцдог байсан залуус цэргийн албыг зорьж ирэхдээ анхан шатны зүйлүүдээ төвөггүй хийж чаддаг байна. Амьдралын эерэг дадлыг цэргийн алба сургадаг. Цэргийн албанд татагдаж ирээд удаагүй байгаа алба хаагчдыг албанд нь дасгах, цэргийн ерөнхий эрдэм буюу буудах, жагсах, дүрэм заавар дагах, эх оронч хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахаар анхан шатны бэтгэл сургуулилт үргэлжилж байлаа. Алба хааж эх орноо хамгаалахаар ирсэн эрэлхэг хөвгүүд энэ сарын 25-нд тангаргаа өргөнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)