П.АМГАЛАН
“Цемент шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өчигдөр мэдээлэл өглөө.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг олон жил яригдаж байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-2019 оны гуравдугаар сард өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ард нь нуугдсан санхүүгийн схемийг олон нийтэд анх удаа зарласан. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь байгаагүйг бид ойлгосон. Үүний ард “Цемент шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэртэй холбоотой асуудал байсан. Сүүлийн 2-3 жилд олон ч хулгайн асуудал ил болж байна. Гэхдээ эдгээр хулгайн хэрэг шүүх дээр очоод гацдагийг бид харж байна. “Цемент шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг сүүлийн 30 жил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, маш өргөн цар хүрээг хамарсан луйврын схем бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Дарханы төмөрлөг”, “Цемент шохой” ТӨХК хамтад нь авах ордлого байсан. Энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох учир олон нийт анхаарлаа хандуулах ёстой.
-Өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэртэй холбоотой хэрэгт ямар процесс үргэлжилсэн бэ?
- “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг Засгийн газраас төрд буцаан авсан. 2011 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, “Бэйзмент” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус компанийн цаад эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг байсан. Хөгжлийн банкнаас улмаар 61 сая ам.долларын зээл авсан. 2015 онд УИХ, Засгийн газраас “Цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулагчдаа шууд өгөх тогтоол баталсан байдаг. Төр сонгон шалгаруулалт явуулж байж өмчөө хувьчлах ёстой. Гэвч хөрөнгө оруулагч компанид нь шууд хувьчилсан. Улмаар гуравхан сарын дотор энэ үйлдвэрийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсэн “Бэйзмэнт” компанид хувьчилсан. 61 сая төгрөгийн зээлээс нэг ч төгрөг одоо хүртэл төрд төлөөгүй. Мөн Цемент “Шохой ТӨХК -аас хохирлын хэмжээгээ 664 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
“Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан. Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулсан. Улмаар “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Төмөр зам, цахилгаан шугам, гангын цогцолбор барьж ашиглаж шилжүүлэх нөхцөлөөр байгуулсан. Дэд бүтцээ бол нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэр баригдаагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг. Энэ нь мөн л 2016 оны сонгуулийн өмнө болсон үйл явц.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан хэргийг сонгуультай холбож ярьдаг?
-“Монгол Улсын төсвийн хамгийн том орлогыг 40 жил “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж ирсэн. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг.
Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан. Иргэдэд 49 хувийг хэн авав гэсэн асуулт гарч ирсэн учраас сонгуултай холбож ярьж байгаа. Нөгөө талаас “Цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэж байгаа шохой, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн ган бөмбөлөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн тогтвортой үйл ажиллагааг явуулахад ханган нийлүүлэлтийг хийдэг учраас хоорондоо холбогдож байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)