Д.ЦЭРЭННАДМИД
ЭХЛЭЛ БУЮУ ТАНИАГҮЙ ТАНИЛ
Донров нэг л сайхан унтаж амарчээ. Өөрт нь энэ нь сонин л санагдаж. Сүүлийн жил гаруй хугацаанд жаахан ганцаарлын зовлонг эдэлж байсан болоод ч тэрүү тэгж сайхан унтсан нь ховор. Их хотын нүргээн шөнөжин үл тасрах машины чимээг чагнан хэвтсээр үүр цайлгах удаа ч бий. Тийнхүү эргэж хөрвөж хэвтэхүйд хүний санаанд юу эс орох билээ. Хорвоогийн элдэв сонин хачин, солиу гажуу бүхэн толгойд эргэлдэн нойр улам алслуулна. Санах бодохын эхэнд хүний хорвоод ямар нэг ул мөр үлдээсэн 70 гаруй жилийнх нь туулсан зам яг л киноны үйл явдал хөврөх шиг. Тэнгэрт одсон аав, ижий, хайртай ханийнх нь дүр яг л байснаараа сэтгэлд нь тодроод л. Тийнхүү нэхэн санахын үзүүрт "Хүн бол чухаг эрдэнэ юм. Хүн ганц удаа л насална. Эцэст нь би юуны төлөө амьд яваа юм гэхүй дор түмэнд тустай, өөртөө дэмтэй ажиллаж, амьдрахын төлөө энэ нас, биеэ зориулж ирлээ шүү дээ гэж өөртөө дүн тавих. Бараг тэр жил гэхээр болж дээ. Жаахан шар хүү "Би телевизийн мэргэжлийн хүн болно" гэсэн мөрөөдөлтэй тэртээ Москвагийн тэнгэр дор тэндхийн гайхамшигийг сонирхон харж зогссоноосоо эхлээд алд биеийн эрдэм, чадвараа хэрхэн дайчилж ажиллаж, амьдарснаа эргэцүүлэнхэн, хөврүүлэнхэн бодох нэгэн бол Буяндэлгэрийн Донров. Түүнтэй саявтар уулзаж баахан хөөрөлдөв дөө. Донровыг уг нь танина аа гэж бодож явсан юм. Яагаад гэхээр хөдөө орон нутагт сурвалжлах ажлаар аяны замд нэг биш удаа дөрөө нийлж явсан удаатай. Тэр нэг л энгийн сайхан нөхөр байв. Бууралтаагүй ч урьдаасаа үс нь шингэрсэн толгойгоо илэнгээ хэлэх үгс нь нэг үлдэцтэйхэн яриатай хүн санагдуулж байв даа.
Гэтэл түүнийг тун өнгөцхөн таньдагаа сая ухаарлаа. Донровыг нэг л юм камер мөрлөсөн жирийн нэг зураглаач гэж л санадаг байлаа. Тэгвэл тэр мэргэжил нэгтнүүдийн дунд өөр хүн юм. Даяаршлын салхи шуурга, нийгэм ороо бусгаадуу цаг үед ч тэр өөрчлөгдсөнгүй. Донров Донровоо л байж.
Харин түнийг бусдаас өөр хүн гэж дээр хэлсэндээ. Үүнийгээ тайлбарлавал мэргэжилдээ эзэн байж чадсан хүн л дээ. Хажуугаар нь аливаад тун нягт нямбай хандана. Олон талын авьяаслаг чанар түүнд бий. Нэгийг хэлэхэд тун сайн зураач. Хөрөг зурахдаа мэргэжлийнхнээс даанч дутахгүй дээ. Аавынхаа хөргийг зураад хоймортоо залсныг нь харахад зураачийн хувьд сайн уу, муу юу гэдэг нь харагдана.
Бас их уншина. Орос, Зөвлөлтийн зохиолчдын бүтээлийн тухай түүнтэй маргахын ч аргагүй. Хэн л бол хэнийх нь бүтээлийг уншаад толгойдоо хийчихсэн. Яриандаа тэр бүхнээс иш татаж байх юм билээ.
Донровын номын санд голдуу альбомууд харагдана. Тэр нь дандаа гэрэл зураг юм уу гэтэл тийм биш юм аа. За тэр олон зузаан альбом чинь гэвэл "Миний хобби л доо" гэж даруухан хэлсэн. Тэгээд л бичигч би өөр хэнд чинь байгаагүй өвөрмөц тэмдэглэл, хайчилбаруудтай нь танилцсан юм. Нэг зузаан альбом гэхэд тэр чигээрээ Монголын үе үеийн зураач нарын бүтээлээр дүүрч. Зураач Г.Одон, Б.Цэвэгжав, Б.Гаваа нараас эхлээд үе үеийнхний намтар түүхийн тухай хайчилбар, гол гол уран зургууд нь бүгд байна. Өнгөрсөн зууны сүүл үеийн сонин хэвлэлд гарч байсан зураач нарын дүр зургийг үзээд олон танилуудтайгаа уулзсан юм шиг л санагдаж байлаа. Тэгээд Б.Донров өөрөө уран зурагт авьяаслаг нэгэн болоод тийм олон зургийг зураачийнх ажил үйлтэй нь холбон цуглуулжээ гэж ухаарахуйн дараа өөр бусдыг нээн үзэхүл ёстой л дэвэн дэлхийн сонин сайхныг Б.Донровын өөрөө бүтээсэн судраас нь харж болохыг мэдэрлээ.
Дэлхийн 200 гаруй улс орны нийслэлийг бас туг далбаа нь ямар утга учиртай байдгийг мөн дэлхийд алдартай орд, харшууд, музейнүүд болон ховор амьтадын тухай сонины хайчилбар бас ном сэтгүүлээс олборлон өөрийн гараар нямбайлан бичээд зургийг нь зураад наачихсан байх юм. Мөн Монголын хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүхэл бүтэн лавлахыг тэр цуглуулгаас үзэж болно. Монголын түүхэн хүмүүс, газар нутгийн сонин сайхан аль нэг амьтан, ургамлын амьдралын, эрүүл байхын тулд хүн ямар дэг журамтай байх ёстой юм бэ гээд л байхгүй сэдэв алга.
Хамгийн сонирхолтой нь хайчилбар хийгээд авчих боломжгүй зүйлийг хэдэн хуудас болохоор ч байсан гараараа бичиж авсан байх юм.
Ийм цуглуулгынх нь тухай өөрөөс нь лавлабал,
-Энэ миний 30-40 жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн зүйл. Цуглуулгад маань байгаа мэдээ, баримтууд бол хэзээ ч хувиршгүй юм. Түүхэн сэдэвтэй зүйлүүд гол нь байгаа. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд үе үеийн удирдагчдын тухай. Дэлхий ертөнц хийгээд Монгол орны гайхамшиг гэхээр сэдвүүд. Өнөөдөө би сонирхож хадгалж байгаа бол энэ маань хойч үед хэзээ нэг цагт хэрэг болно шүү дээ. Миний үр хүүхэд ач, зээ нарын хувьд бол өвөөгийн маань үед ийм сонин сайхан юмс, үзэгдэл байжээ гэх нь түүх шүү дээ.
Би энэ хоббигоо одоо ч орхиогүй. Хар л даа, өнөөдөр гэхэд Монголын түүхийн нэг сэжим Хотол цагаан гүнж гэдэг барилддаг байсан бүсгүйн тухай түүхэн сэдвийг бичиж авч байгаа нь энэ гээд хоёр гурван хуудас хэвлэчихсэн юм шиг нямбайлсан бичиглэлээ харуулав.
Хөрөг нийтлэлээ "Өөрөө бүтээсэн судартай хүн" гэж нэрлэсний учир энэ билээ. Уншигчдаасаа уучлал эрэхэд Б.Донровын сударласан бүтээлдээ багтаасан бүхнийг дуулгая гэхэд сачий хүрэхгүй нь. Яагаад гэвэл тэр олон боть ном шиг цуглуулгыг бүрэн уншъя гэх юм бол лавтайяа хэдэн сарын хугацаа ч багадаж мэднэ байх.
Түүнээс "Таны хобби тун сонирхолтой юм. Харин ажлынхаа хажуугаар энэ бүхнийг хийхэд их цаг зав ордог байхдаа" гэвэл,
-Максим Горький нэг романаа 20 жил бодоод 10 жил бичсэн гэж уншсан. Би бол бэлэн юмыг хайчилж аваад нэг бол хуулж бичээд байгаа юм чинь ядардаг ч үгүй, цаг заваа хайрладаг ч үгүй гэж хэлнэ лээ.
АХЫНХАА ЗАХИАСААР ТЕЛЕВИЗИЙН ХҮН БОЛСОН
Б.Донров Дорнод аймгийн Дашбалбар сумын унаган хүн. Аав Б.Буяндэлгэр нь хорин хэдхэн насандаа ижийтэйгээ хоёул хойноос орж ирсэн Агийн буриад хүн. Тэгээд Б.Донровын ижий Г.Жавзмаатай ханилан сууж есөн хүүхэдтэй болсон намтартай. Жирийн малчин. Гэхдээ хоёр дайнд оролцож явсан эх оронч нэгэн. Б.Донров багадаа нэг сүрхий өвдөж том ах Б.Дашцэрэнгийнхээ дэргэд очиж эмчлүүлээд сургуулиа жаахан завсардаж хоёр жилийн дараа дахлай банди 1949 оны хүүхдүүдтэй гуравдугаар ангид оржээ. Зураг зурна, гэрэл зураг оролдоно. Энэ талаараа жаахан адтай маягийн нөхөр байв. Тэгээд наймдугаар ангид байхдаа Германд суралцаж байсан Б.Борхондой ахдаа захиа бичиж "Би ер нь хэн болох ёстой юм бэ" гэж асууж. Ах нь телевизийн инженер болоорой гэжээ. Түүнээс хойш багш нар болон асуусан болгонд "Би телевизийн инженер болно" гэж хэлдэг болж. Багш нар нь мөрөөдлийг ойлгосон хэрэг байх. 1967 онд аравдугаар анги төгсдөг жил телевизийн мэргэжлийн нэг хуваарь ирж Москвад бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явжээ.
Байнга хэлдэг байсан инженер биш зураглаачийн ангид конкурс өгөөд тэнцжээ. Сургуулиа төгсөөд ирэх үед нь Монголд телевизтэй болоод дөнгөж зургаан жил болсон байв. Үндэсний телевизид шууд зураглаачаар томилогдож ёстой л гялалзуулж өгсөн гэдэг. Удалгүй зураглаачдын хэсгийн ахлах болсон байна. Техник хэрэгсэл ч сүүлдээ боловсронгуй болж. Сайхан нэвтрүүлгүүд хийдэг үедээ шинэ байгуулагдсан UBS телевизид очжээ. Найруулагч О.Соёлттойгоо санаа нэгдэн томоохон нэвтрүүлэг олныг бэлтгэжээ. Тэр дотроос үзэгч түмэнд илүүтэй хүрсэн нь хорвоогоос эрт буцсан авьяаслаг уранбүтээлчдийн тухай "Хаврын шувууд" сүүлд "ТВ-9"-д ирсэн даруйдаа кино урлагт олноо үнэлэгдсэн дүр бүтээсэн жүжигчин биш хүмүүсийн тухай "Хаа явна" дууны урлагийн тухай "Уянгын гурван холбоо" гээд асуудал дэвшүүлсэн аятай таатай бүтээл зөндөөнийг амьдруулжээ. Тэгэж байтал нэг өглөө Б.Донровыг ажилдаа очиход нь захирал Л.Балхжав,
-За та тойрохоо зурчих гэж. Би яасан юм бэ? Яагаад гэсэн чинь.
-Таныг "ТВ-9" гэдэг бурханы телевизид урьсан гээл л гүйцээ. Ингээд "ТВ-9" шинэхэн телевизийн анхны зураглаач болоод 16 жилийг үдсэн байгаа юм.
Энэ тухай өнөөдөр Б.Донров ярихдаа,
-Тун хүчирхэг телевиз бий болсон юм шүү. Манай зураглаачийн хэсэг гэхэд л 17 хүнтэй болсон. Монголд хаа ямар том үйл явдал, наадам найр, бүтээн байгуулалт өрнөнө. Тэнд манайхан бэлэн очдог. Хийсэн нэвтрүүлэг нь ч даацтай байдаг байлаа. Мөн О.Соёлт найруулагчтайгаа хийхээ хийж явлаа. Бид хоёр гавьяат болж төрдөө үнсүүлсэн. Ер нь "ТВ-9" даангүй уралдаан тэмцээнийг өргөн нэвтрүүлдэг байлаа.
Тиймдээ ч хөлбөмбөгийн Балжинням, чөлөөт, жүдогийн Шижирбаатар, морины Ц.Оюунбаатар, үндэсний бөхийн Батнасан гээд үзэгчдийн хайртай танил таайлбарлагч зүтгэлтнүүд төрсөн юм даа. Даанч нэг удаа энэ телевизийнхний дунд хагарал гарч 60 хүн бөөнөөрөө халагдаж түүнээс хойш үйл ажиллагаа жаахан сулдсан даа. Гэвч алдах үе байсан ч өндийх цаг байдаг болохоор манай "ТВ-9" уламжлалаа андаагүй л яваа даа гэлээ.
УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ ДАГАЖ ОЛОН ДУРСАМЖ ХӨВӨРНӨ
Соёлын гавьяат зүтгэлтэн телевизийн нэрт зураглаач Б.Донровын уран бүтээлийн тайлантай танилцвал "Мөнхийн ус", "Шувуухай", "Хэцүү ван Тогтохтөр", "Сумын эмч" болон телевизийн олон ангит "Эзэнгүй айл" гээд долоон уран сайхны кино, "Алаг морьт Дандар", "Хонины хүн", "Халхын гол миний нутаг", "Орхоны хөндийгөөр" зэрэг 27 баримтат киног бүтээлцсэн байх юм. Өөрийнх хувийн тооцооллоор 5000 гаруй мэдээ сурвалжлага хийлцжээ. За тиймээ. Хэн нэг уран бүтээлчийн хийсэн бүтээснийг шүүн үзэхэд иймэрхүүг хэлж болно. Гэхдээ телевизийн зураглаач хүн хоёр талтай ажилладаг. Нөгөө талдаа арын албаны юм шиг. Гэхдээ үзэгчдэд хүртээх чадвар нь түүний авсан дүрс зураг сайн байвал хэрэг багатай олон өгүүлбэрээс илүүг мэдрүүлдэг, үзүүлдэг байх юм. Тиймээс түүний уран бүтээлийн тухай дэндүү нурших хэрэггүй л юм даа. Олон мянган үзэгчид кино, нэвтрүүлгийнх нь нэрийг сонсоод л дурсан санаж таарах биз.
Харин уран бүтээлийн урт замд мөр зэрэгцэн явсан нөхдийнхөө талаарх паянтай хэрнээ гэнэн цагаахан яриа хөөрөө нь цаанаа амттай байсан даа.
Тэр ярианыхаа эхэнд Үндэсний телевизид байхдаа найруулагч Д.Хишигт, зураглаач О.Соёлт, Г.Дугаргарамжав, Элбэгдорж, Тогтох нарын олон сайхан, түшигтай бол түшигтэй, туршлагатай гэвэл туршлагатай олон хүнтэй гар нийлж байж.
Нэг удаа Б.Донров Ардын хувьсгалын 60 жилийн ойн баярын "Цэнхэр дэлгэц" нэвтрүүлгийг Хишигт гуайтай хамтраад хийх болж. Б.Зориг, Санжаахүү, зураач Б.Гоош гээд чадалтай уран бүтээлчид багаараа ажиллаад нэвтрүүлгээ бэлэн болгоотхож . Гэтэл Анастасия Филатова гуай баталж өгдөггүй гэнэ. Бүр би ямартай ч энэ нэвтрүүлгийн зөвшөөрөхгүй. Та нар урлагийн номеруудаа түүж аваад концерт болгож гарга гэжээ.
Энэ тухай Б.Донров бидний дунд хов зөөгч байснаас Филатова гуайд
-"Таныг юу мэддэгтээ урлагийн юманд дэндүү орж байна. Ингэх учиргүй гэж өөр дундаа ярьсаныг хэлснээс болж шазуурхсан нь тэр байж л дээ гэж ярьсан юм. Тэр атугай "Цэнхэр дэлгэц" нэвтрүүлгийг будаа болгоод зогссонгүй хэд хэдэн хүн хариуцлага тооцоход (Филотовагийн хэлсэн дагуу "Б.Донров зураглаачдын хэсгийн ахлагчаас бууж жирийн зураглаач болсон юм гэдэг.
Дараа нь телекиноны хэсэгт шилжиж Хас-Очир, Ц.Агваанрэнцэн, Дашдондог, Туяа арван хэдүүл "Элсний 13" нэртэйгээр нэг хэсэг ажиллажээ.
Мультфильмийн кино хийнэ. Хөдөөгийн сурвалжлагад бас явна. Ингэснээр Монголынхоо бүх аймаг, сум, яваагүй, очоогүй газар ховор болсон доо гэж ярьсан.
Б.Донровын хамгийн олон жил гар, сэтгэл нийлж ажилласан хүн нь Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч О.Соёлт агсан гэнэ л дээ.
Тэр хоёр UBS телевизид байхдаа "Уруугаа ургасан мод", "Ээ бүү үзэгд", "Зодог шудаг бүсэлсэн жаал" мэтийн нийтлэлийн чанартай, гүн гүнзгий сэтгэлгээ, хөдөлмөр шаардсан нэвтрүүлгүүд хийж байж.
Ухаандаа "Сүүлгүй чоно" гэдэг нэвтрүүлэг нь малын хулгайч нарын тухай аж. Олон адуу бэлчиж байх юм гэнэ. Нэг морьтон адууны хагасыг тасалж хөөгөөд алга болно. Дараа нь чөдөртэй морь байх. Удалгүй тэр морь хэлхээтэй яг болж харагдах, Хослол зургийн аргаар хийсэн тэр шийдэл Соёлт найруулагч бид хоёрын бүтээл байлаа гэх.
Нэг өглөө О.Соёлт найруулагч Б.Донровт хэлж байна гэнэ.
Чингисийн хоёр загалыг тэнгэрээс бууж ирж байгаа зургийг авч болох уу гэж. Донров болохгүй юм гэж байхгүй. Харин хоёр загалаа л ол. Томоохон дэл, сүүлтэй л байх учиртай шүү гэж. Тэгээд Эрдэнэ суманд очоод нэг нов ногоон толгойн араас тэр хоёр загал адуугаа давхиулж нэг камераар болохгүй болохоор нь хоёр камер зэрэгцүүлж байж зургаа аваад санаснаа гүйцэлдүүлсэн байдаг. Энэ дурсамжийг ярихдаа Б.Донров,
-Миний анд Соёлт чинь их сонин сонин юм боддог сэтгэдэг намайг стандарт биш үйлд их хөдөлж байсан хүндээ. Сүүлд "ТВ-9"-д ч хамтран зүтгэж байлаа гэж ярьсан юм.
Бас Халхголд очиж Монгол Улсын баатар Дандарын тухай кино хийж явахдаа хэрхэн адал явдалтай таарч хэсгийг удирдаж явсан "хар" Долгорт зандруулж явсан. Тэнд эх оронч Балдан, улсын баатар С.Төмөрбаатар, П.Чогдон болон хөдөлмөрийн баатар, үхэрчин Н.Алтангэрэл нарын сайхан хүмүүстэй уулзаж учирч, яриа хөөрөө болж явсан тухайгаа амтархан хөөрнө лээ.
Тэр дотор нь Л.Дандар баатар Б.Донровт аминчлан ярьсан нэг дурсамж бас сонин. Мань баатар шийтгүүлээд хаа тэртээ Хан Хэнтийн ууланд гав ганцаар мод хийж байхдаа Дамба гэдэг буриад анчин хүнийг шархдуулсан гахайдаа гэдсээ хүүлүүлчихээд үхлүүт байхад олж авч ургамал, ногоогоор эмчлэн эдгэрүүлж амийг нь аварсан. Тэр хүн нь хожмоо Л.Дандар баатарт өвөл болгон идэшний үхэр өгдөг болсон тухай сонсоход яг л үлгэр домгийн юм шиг санагдаж байсан юм.
Ер нь сурвалжлагч, зураглаачид хаа нэгтэй хачин сонин хүмүүстэй уулзах л даа.
Б.Донров Хэнтийн Биндэрт сурвалжлагч П.Банзрагчтай сурвалжлагаар явж байхдаа нэг эмгэнтэй ярилцсан нь бас л сонин түүх байж.
Жамьянсүрэн гэх тэр эмгэн,
-Наймдугаар богдын хатан Дондогдуламын аав энэ л нутаг орчмын хүн байсан юм. Богд Жавзандамба Дондогдуламыг аваачиж хатнаа болгосны дараахан намайг мөн хүрээнд авчирч Богдын нэг домчийн эхнэр болгосон юм. Тэгээд би чинь хатантай бараг нэг гэрт байлаа. Хөөрхий Дондогдуламаас маань хоёр хүү төрсөн юм шүү дээ. Тэд нь хаана явдаг юм бол. Тухайн үед Богд хүүхэдтэй болох ёсгүй гэгдээд бусдаас хүүхэд өргөж авдаг байснаас өөрийн хүүхдийг нь нууцалдаг байсан юм.
Харин сүүлд Хатан гурав дахь хүүхдээ гаргаж чадалгүй хүндрэлээсээ болоод насан өөд болсон.
Түүний шарилыг найман шарга морь хөлөглөн хойд зүгт уулын аманд аваачиж чандарласан юм.
Би тэгэхэд нь явж чадаагүй. Тэр үйлд хэрэглэсэн найман шарга морийг тэр ууланд нь онголж тавьсан. Тэгээд шарга морьж гэдэг газар бий болсон гэж барин тавин ярьсан юм.
Уг яриаг сурвалжлагч П.Банзрагч бичиж авсан. Харин ашиглаж юм болгоогүй түүхэн үнэнд нийцэхгүй гэж ч бодсон юм болов уу. Хожим нь тэр хүний яриаг яасан бэ гэж асуувал,
-Шар Мягаад л өгсөн гээд өнгөрсөн гэж Б.Донров тийм нэг дурсамж хэлнэ лээ.
* * *
Б.Донров тун эвлэг дуулна. Даангүй буриад дууг би буриад хүн шүү гэсэн шиг аялна.
Альяа хухын дуун урин дуудаад
Аяан холохоо ерээб шамдаа
Анхан түрэхэн талам шинээр
Аршаан сүршээжэ биеийм жигнээд
Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнтэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг гээд л.
Ийм л нутаг усаа гэдэг хүн дээ. Тэрбээр Дашбалбар уулаас тавхан километрт орших "Доргонт толгой" гэдэг газар төрсөн. Тэндээ хааяа очих үед нь аав, ижийгийнх нь нутгийн сэвшээ цэнхэр салхи үнсэн таалах шиг болж тэнгэр нь хүртэл баярлан зөөлөн бороо дусалдаг тухай бас Б.Донров дурсан ярих дуртай.
Тэрбээр бас нэг сонин дурсамж хэлсэн нь Дашбалбар гэдэг өнөөгийн тахилгатай хайрханыг дээхнэ үед "Зүрх хүзүү" гэдэг нэртэй байж. Харин буриад зоныхон хожим нь Далбалбар гэдэг нэр хайрлаж шүтэх болсон юм гэнэ. Дашбалбар гэдэг нэр нь Өлзийцогтбадрах гэсэн аугаа утгатай нэр юм байна л даа. Эрхэм хүн Б.Донров одоо би тэтгэврийн хүн гээд зүгээр суудаггүй. Үр хүүхэд зээ нараа тойруулан удам угсаагаа дээдлэн жаргаж сууна. Мөнхүү хоёр ч дээд сургуульд мэргэжлийн хичээлээ заагаад л гялалзаж яваа юм. Бас дуугаа аяланхан, зургаа зураад л...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)