Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тоогоо алдсан их хулгай гарлаа.  Дунд шатныхан дээд дарга нар нь ингэж хулгайлж байгаа юм чинь бид нар ч гэсэн яадаг юм гэсэн байдлаар асуудалд ханддаг болсон.  Төрийн албаныхан МАН ирэх сонгуульд ялагдаж магадгүй юм байна.  Тэгэхээр бушуухан байгаа дээрээ идэж уугаад авъя гэж ярьдаг болсон.  Ганцхан нүүрсний хулгай гэхэд 29 км газар 120 сая төгрөгөөр тээвэр хийж байна.  Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд одоогийн байдлаар 350 сая тонн хүрсэн байна.  Зөвхөн нүүрсний хулгайтай тэмцсэнийх өнөөдөр төсвийн орлого 23 хувь нэмэгдсэн байна. Тийм учраас авлига хээл хахууль яах аргагүй Монголын хөгжлийг хойш татаж байна.  Түүний араас баахан хулгай байна.  Концесс, ЖДҮ, Төмөр зам, ногоон автобус, боловсролын зээлийн сан гээд бүгд дээрээ нэг нэгэндээ барьцаалагдчихаад байна. Дээрээ хариуцлага тооцохгүй учраас дунд, доод албан тушаалтнууд аргагүй ш дээ.  Тийм учраас ялын бодлогыг чангаруулаад энэ асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзээтэй байна. Асуудал гаргасан нэр холбогдсон хүмүүсээ авчраад шалга л даа. 2016-2020 онд асуудал гаргасан АН-ынхан өнөөдөр ямар хамгаалалтгүй гудамжинд явж байна.  Тэднийг авчираад шалга л даа. Өөрийн намынхнаа ч гэсэн шалга. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:- Таны үгийг би асуулт гэхээсээ илүү байр суурь хэмээн хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн туршлагатай улстөрч,  нам дотроо авлигачиддаа нэлээд шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол улс төрийн тэр нам энэ нам гэхээсээ илүү Монголын зовлон хүний эрхийн дайсан. Авлигаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал.  МАН чичлүүлээд шүүмжлүүлээд өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ.  Шийдвэрлэсээр ирсэн.  Үе хурдтай солигдож байгаа. МАН-ын парламент  Үндсэн хуулийг өөрчилсөн.  Парламентын хяналтыг сайжруулж, хяналтын түр хороо байгуулах эрх зүйн орчныг бий болгосон.  Энд намчирхал, ямар нэг дарга цэргийн албан шахалт байхгүйгээр авлигачдын үнэн нүүр царайг илчилнэ.  УИХ-ын танхимд яригдаж, олон асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх санаархалд АН битгий татан ороогдоорой. Танай нам харин одоо хүртэл энэ хулгайчдаасаа салж чадахгүй байна.  Танай нам өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байгаа.  Өөр намын дотоод асуудалд орох соёлгүй хэрэг.  Гэхдээ нэгэнт ард түмэн мэдчихсэн мафийн эздээсээ хамтдаа салъя гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn