Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.  Энэ үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Засгийн газраас авлигатай тэмцэх ажлыг манлайлж, "Таван Ш" ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүгэл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг Баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдтэй уулзан, утсаар харилцаж мэдээлэл авч байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим иргэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, хүнд суртал гарган авлига үүсэх нөхцлийг бүрдүүлж байж болзошгүй салбар, байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажилласан. Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах Шүүр ажиллагааны хүрээнд төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна. Үүний үр дүнд 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлсэн бөгөөд 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бусад 1344 албан тушаалтны зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгууллаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn