Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга "Ард иргэд болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг танилцуулъя. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. Гэвч хүний эрх зөрчигдөх явдал гарсаар байна. Монгол Улс хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51-т эрэмбэлэгдэж байна. УИХ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг анх баталсан. Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан цагаас хойш 22 илтгэлийг УИХ-д ирүүлсэн.
2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт сайнгүй байна. УИХ өөрийнхөө бүрэн эрхээс татгалзаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэн томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Энэ бүхний гол зорилго нь хаана хүний эрхийн зөрчил байна түүнийг илрүүлж дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх. Сүүлийн үед хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөх асуудал их гарах боллоо.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчлэлийн нэг зорилго нь комиссын гишүүний зөвлөмж, шаардлага заавал биелдэг байх явдал. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болсон. Хүний эрхийн комиссын дарга хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн гомдол ирж байгаа.
Хүний эрхийн үндэсний комисс жилд нэг л илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Дүгнэлтэд нь үндэслээд УИХ тогтоол баталдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын энэ байдлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо энэ долоо авч хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай бол Хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчлөх хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn