С.САРУУЛ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдлийг санаачилсан.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр санаачилсан уг нийтийн өргөдлийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 102 мянган иргэн дэмжиж, санал өгсөн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn