Н.Жаргалмаа

Дэлхийн жорлонгийн өдрийг угтан “Нүхэн жорлонгийн хувьсгал”-ыг Монголын жорлонгийн холбоо, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ.

Монголын жорлонгийн холбоо ТББ-гын ерөнхийлөгч Д.Басандорж “Манай нүхэн жорлонгийн асуудал гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Учир нь хүний ялгадасанд олон төрлийн хортой бодис, нян бактериуд агуулагдаж байдаг. Гэтэл нүхэн жорлонд ямар нэг зохицуулалт хийгдэлгүй өнөөг хүрлээ. Нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12 метрийн радиуст бохирдол тархдаг. Энэ нь хамгийн түрүүнд хөрсийг бохирдуулж цаашлаад агаар болон усны бохирдлыг үүсгэж байна. Тиймд НҮБ-ийн захирамжын дагуу 2030 онд нүхэн жорлонг халсан байх ёстой. Гэвч энэ асуудал тодорхой шаардлагатай төрийн бодлого зохицуулалт хийгдээгүй хэвээр байна. Нүхэн жорлонгийн шийдэл бол зөвхөн ус татдаг орон сууцны жорлон гэх ойлголт хэдийн хоцрогдосон. Дэлхийн бусад орны жишгээс харсан ч технологийн хөгжлөөр нүхэн жорлон шинэчлэх, цэвэршүүлэх 10 гаруй төрлийн шийдэл арга зам бий. Иймд жорлонгийн хувьсгал эхлүүлэхэд иргэн бүр үүрэг оролцоотой байх хэрэгтэй юм шүү” гэв.

Дэлхийд найм хүн тутмын нэг нь нүхэн жорлон хэрэглэдэг гэх судалдаа байдаг бол энэ тоо манай улсад илүү өндөр байна. Тодруулбал, Улаанбаатар хотод хоёр хүний нэг нь нүхэн жорлон ашигладаг ажээ. Дэлхийн жорлонгийн өдөр энэ жил шинэчлэлийг худасгая уриан дор зохион байгуулагдах юм. 2030 онд дэлхий даяар нүхэн жорлонгоос татгалзахад одо хийгдэж байгаа зохицуулалтыг хурдасгах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Усны газрын дарга асан, хууль зүйн ухааны доктор З.Батбаяр “Монголчууд өнөөдөр хамгийн нэгдүгээр эрүүл мэндийн асуудлыг ярих шаардлагатай. Нийслэл ойролцоогоор 680 мянган нүхэн жорлон байна. Гэтэл гүний худаг 17 мянга гаран бүртгэгдсэн байдаг. Дээрх тоог харьцуулаад үзвэл нэг худгийг тойроод 20-30 жорлон байна гэсэн үг. Ийм байхад ундны усны аюулгүй байдлыг ярих нөхцөл бүрдэхгүй. Хамгийн нэгдүгээр жорлонгийн асуудыг шийдэж байж дараагийн усны, хөрсний асуудлыг хэлэлцэж, шийдэл гарц бий болно” хэмээн хэллээ. Бие засах гэдэг бол хүний анхдагч хэрэгцээ. Үүнийг зүй зохистойгоор хангаж эргээд хүний эрүүл мэнд байгаль орчинд хорт нөлөө багатай зохицуулалтыг хийх хэрэгтэй. Монгол орон бол байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нуагтай. Гэвч өнөөг хүртэл аялал жуулчлал сайн хөгжөөгүй нь жорлонгийн зохицуулалт хийгдээгүйгээс улбаатай байх боломжтой гэдгийг онцлон хэллээ.

Эх Сурвалж: www.zms.mn