Б.БОЛОР

 

Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайвантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Чингэлтэй дүүрэг “Камерын хяналтын төв”-тэй. Энэ төв ажиллаж эхэлснээр ямар үр дүн гарч байна вэ?

-Манай газар дүүргийн аж ахуйн чиглэлийн бүх ажлыг хариуцдаг. Энэ хүрээнд “Камерын хяналтын төв” ч багтаж байгаа. Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын санаачилгаар “Камерын хяналтын төв”-ийг Нийтлэг үйлчилгээний газарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс өмнө нь дүүргийн камерын хяналт цагдаагийн хэлтсүүдэд байрладаг байсан юм шүү дээ. Бид хяналтын төвийн засвар, үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг болсон.

ЦЕГ “Ногоон бүс” төсөл хэрэгжүүлэхдээ манай дүүргийн удирдлагуудад хам¬тарч ажиллах хүсэлт тавьсан юм билээ. Дүүргийн удирдлагын зүгээс камерын төвийг байгуулахаар шийдвэрлэсэн учраас хүсэлтийг хүлээж авсан. Учир нь манай дүүргийн I хороо буюу Их дэлгүүр орчимд хулгайн гэмт хэрэг маш их гардаг. Тиймээс камержуулахад хамгийн тохиромжтой бүс гэж үзсэн. Эхний ээлжинд I хороогоо бүрэн камержуулснаар “Ногоон бүс” болгосон. Ингээд өнгөрсөн оны арван¬хоёрдугаар сар хүртэл “Ногоон бүс”-ээ бусад хороотой харьцуулж үзэхэд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэх зэргээр эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, байшин хороололд туршилт амжилттай болсон учраас дүүргийн гэр хорооллын бүсийн XII, XXI хороог камержуулсан. Гэр хорооллын тухайд газар нутгийн хэмжээ томоос гадна шугам, дэд бүтэц хүрэлцээгүй байдаг. Камер 80 градусын өнцгөөр 60-80 метр урт талбайг хардаг.

-Камержуулалтад хэдий хэмжээний төсөв зарцуулсан бэ?

-Мэдээж чамгүй хөрөнгө шаардлагатай болсон. Тиймээс тухайн хороодын хоёр жилийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар камерын хяналтад оруулан 70-110 камер суурилуулсан. Түүнээс гадна энэ оны гуравдугаар сар гэхэд хотын төвийн зургаан хороогоо бүрэн камержуулж “Ногоон бүс” болгосон. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 19 хороог бүхэлд нь камержуулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна. Хороодын газар нутгийн хэмжээнээс хамаараад камерын тоо харилцан адилгүй байгаа. Тухайлбал, IX хороонд 110 ширхэг камер суулгахад хорооны нутаг дэвсгэрийг бүрэн хянах боломжтой болж байна. Тэгэхээр бид энэ ондоо багтааж дүүргийн хэмжээнд 2000 орчим камертай төв болгохоос гадна ухаалаг системтэй болгохоор зорьж байна.

-Камержуулах бүсийг хэрхэн тодорхойлдог вэ. Камер суулгасан бүсэд ямар өөрчлөлт, үр дүн гарч байна?

-Гэмт хэрэг ихээр гардаг буюу “хар цэг”-ийг тодорхойлдог программ бий. Түүний тусламжтайгаар цагдаагаас өгсөн мэдээллийг үндэслэж, цэгээ тогтоолгоно. Мөн хороодын хэсгийн ахлагч нараас камер суурилуулах шаардлагатай цэгийг санал болгодог. Ингээд цагдаа, хэсгийн ахлагч нараас өгсөн цэгийг эхэнд эрэмбэлж, камер суулгана. Камерын хяналтад оруулах шаардлагатай цэгийг ер нь тухайн ойр орчимд амь¬дардаг иргэдийн саналд үндэслэх нь илүү үр дүнтэй байдаг.

Камерын хяналтын тусламжтайгаар гэмт хэргийн гаралтыг бууруулах хөшүүрэг болж байна. Нөгөөтэйгүүр нийтийн хэв журам сахиулахад чухал үүрэгтэй. Гэр хорооллын иргэд зуны цагт угаадас, өвлийн цагт үнсээ гудманд гаргаад асгачихдаг. Хаа сайгүй камер суурилуулчихаар энэ үйлдлүүдийг хийхээ больж байна. Учир нь хажуу хөрш айл болон иргэдийн гомдлын дагуу камер шүүж баримтжуулан хариуцлага тооцдог.

Мэдээж камержуулалтыг хийх ажлыг тендер зарлаж гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулалтаар гаргаж ирсэн. Тэд бидний гаргасан ТЭЗҮ, зураг төслийн дагуу хариуцсан ажлаа хийж байгаа юм. Тиймээс камерын бүрэн бүтэн байдлыг хянах ажлыг Нийтлэг үйлчилгээний газар хийж байгаа юм. Ингэхдээ гүйцэтгэгч  компаниудын төлөөлөл болон цагдаагийн ажилтнууд тогтмол сууж ажилладаг.

Байнгын хяналттай байдаг учраас мэдээллийг хурдан шуурхай авахаас гадна эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварладаг.

-Чингэлтэй дүүрэг бие даасан камерын хяналтын төвтэй болсноор ямар давуу тал гарч байна вэ?

-Өмнө нь Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөгийн төсөв гарган камер суулгахын зэрэгцээ хяналтыг нь цагдаагийн хэсэг хариуцдаг байсан. Энэ үед нийт санхүүжилтийн ихэнх нь цагдаагийн хэсэг рүү шугам татах дэд бүтцэд зарцуулагддаг байсан юм билээ. Тэгэхээр тухайн хороог нэг бүс болгоод 40 цэгт камер суурилуулахад бага зардлаар олон ажлыг цогцоор нь хийх боломжтой болчихож байгаа юм. Тоон дүнгээр илэрхийлбэл 10 төгрөгөөр хийх ажлыг бид нэг төгрөгөөр хийдэг болсон. Ингэж хөрөнгө мөнгөний хувьд зөв зохион байгуулалтад оруулсан. Хоёрдугаарт, камерын гаралт чанарын шаардлага хангахгүй, зарим нь ажиллахгүй байна гэх гомдол байхгүй болсон. Манай дүүргийн хэмжээний камерууд 90-95 хувийн гаралттай. Гэхдээ мэдээж тог тасрах, гэмтэл гарах тохиолдол гарна. Тухай бүрд засаж янзлаад явчихдаг. Гуравдугаарт, серверийн системээр шийдсэн учраас программ хангамжаа ойр ойрхон шинэчлэн илүү дэвшилтэт болгож байна. Энэ бол нэг том давуу тал.

Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хувьд бэхэжсэн гэж ойлгож болно. Нэг хороонд суурилуулсан 125 камераа 145 болгоё гэхэд нэмэлтээр маш бага зардал гаргах хэмжээнд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, найдвартай дэд бүтэцтэй болсноороо давуу талтай. Ер нь камерын төвийг байгуулсан нь иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд нэн чухал алхам болсон нь камержуулалтын үр дүн гэж болно.

-Камержуулалтын ажил энэ түвшинд хүртэл хийгдэхэд тулгамдаж байсан асуудал бий юу?

-Хэдийгээр ажил жигдэрсэн ч энэ хугацаанд бүх зүйл амар, хялбар байгаагүй. Хамгийн их тулгамддаг асуудал нь тендер бөгөөд асар их хугацаа алдаж байна. Тендерийг худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг. Гэтэл тухайн тендерийн ТЭЗҮ-г боловсруулдаг хүн нь мэргэжлийн бус байснаас үүдэн энгийн системээр тендер зарлачихаар дараа дараачийн шат дамжлага нь хүндрэлтэй болчихоод байдаг. Тендерийн тухай хуулиар үнийн дүн нь 100-гаас дээш бол нээлттэй тендер болдог. Яагаад хугацаа алддаг вэ гэвэл, тендерээ зарлаад сар хүлээнэ. Дараа нь үнэлгээ хийгээд 10 гаруй хоног. Тэгж байтал гомдол, санал гарна. Түүнийг шийдвэрлэх гэж хоёр сар орчим болно. Гэх мэтчилэн 365 хоногийн талаас илүүг нь үр дүнгүй өнгөрүүлчихдэг.

Тэгэхээр цаг хугацааг үр дүнгүй зарцуулдаг байдлыг халах нь нэн тэргүүний алхам. Түүний дараагаар тухайн төсөл ямар үр дүнг, хэдий хугацаанд гаргах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй л дээ. Гаднын орнууд ямар ажлыг, хэдий хугацаанд, хэчнээн төгрөгийн төсөв хөрөнгөөр хийж гүйцэтгэх вэ гэдгээ тодорхой бичээд хамгийн боломжит төслийг нь сонгодог юм билээ. Манай улс ч энэ жишгийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ шаардлагатай зүйлсийн мэдээллийг нарийвчлан зааж өгөхийн зэрэгцээ хороо тус бүрээр нь тендер зарласан. Тиймээс орж ирэх компаниуд бүх талаа харж байгаад манай тендерт оролцдог.

-Чингэлтэй дүүргийг “Ногоон бүс” болгох зорилгоор камержуулалтын ажлыг эхлүүлсэн гэж байсан. Та бүхэн зорилгодоо хүрсэн үү?

-Бид зургаан сарын хугацаатай, дөрвөн үе шаттайгаар хоёр жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Эхний ээлжинд цагдаагийн хэлтэст байрлаж байсан хяналтын төвийг нүүлгэж, “Нийтлэг үйлчилгээний газар”-т байршуулж “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг бай¬гуулсан. Дараа нь I, II, XII хороог “Ногоон бүс” болгосон. Энэ явцдаа программ хангамжаа сайжруулах ажлыг мөн хийсэн. Ингээд автомашины дугаар болон царай таних камерын тоог нэмэгдүүлнэ. Улмаар ухаалаг систем нэвтрүүлэх буюу хүнээс хамааралгүйгээр зөрчил гэмтэл бүртгэж, илрүүлдэг камеруудтай болохоор зорьж байна.

Нөгөө талаас камержуулалтыг иргэдээ хянаж мөрдөж байна гэж хардах хандлага ажиглагддаг. Ингэж хүлээж авахаас илүү миний үйлдэл зөв байх нь чухал гэх сэдлийг суулгаж өгөх хэрэгтэй. Сайн бол сайнаараа, муу бол муугаараа мөр тань үлдэх нь байна шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)