Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Монгол Улс газар зүйн  байршил, эх газрын эрс  тэс уур амьсгал зэргээс  үүдэн уур амьсгалын  өөрчлөлтөд хамгийн эмзэг  10 орны нэг гэж судлаачид  үздэг. Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээрх хорхой шавжийн 18 хувь, ургамал, зүлгийн 16 хувь, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох эрсдэлтэй гэсэн тооцоолол бий. Гэтэл манай орны уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилийн хугацаанд 2.5 градусаар нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Энэ удаа "Зууны мэдээ" сонин ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга, доктор Д.Дуламсүрэнтэй Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Уур амьсгалын өөрчлөлт манай оронд хэрхэн нөлөөлж байна?

-Цаг уурын анхны станц 1937 онд байгуулагдсан. Үүнээс хойш 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын температур 2.5 градусаар нэмэгдсэн нь манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд хамруулж байна. 1988 оноос хойш энэхүү үзүүлэлт эрчимтэй нэмэгдсээр байна. Хур тунадасны хэмжээ хэвийн. Дулаарал нэмэгдэж байна гэдэг нь хур тунадас нэмэгдэхгүй гэсэн үг. Монгол орны жилийн нийлбэр хур тунадас 1940-2023 оны хооронд тодорхой өссөн буурсан хандлага илрээгүй ч нийт хандлагаар бага зэргийн өсөлт ажиглагдаж байна. Агаарын температур нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны хэмжээ буурсан нь цөлжилт хуурайшилтыг нэмэгдүүлж, бэлчээр, усны нөөцийг багасган, байгалийн бүс бүслүүр шилжихэд хүргэлээ.

-Арваннэгдүгээр сард бороо орлоо шүү дээ. Энэ нь юунаас шалтгаалж байна?

-Өнгөрсөн аравдугаар сарын 30-нд цас, бороо орсон нь онцлог байлаа. Арваннэгдүгээр сарын эхээр бороо орсон нь Монголын цаг уурын түүхэнд анхны үзэгдэл. Одоогоор манай орны нийт нутаг дэвсгэрийн 58 хувийг цасан бүрхүүл бүрхээд байна. Өмнөх жилүүдээс маш эрт цасан бүрхүүл тогтоод байна. Цаг агаар огцом хүйтэрлээ. Хүмүүст улирал хоорондын шилжилтийн зургаан градуст дасан зохицох боломж олгосонгүй. Тиймээс огцом хүйтрэлийг даван туулах нь хүний бие махбодод тодорхой хэмжээний стресс үүсгэж байна. 

-Энэхүү огцом хүйтрэл үүсэх шалтгаан нь юу байв?

-Цас их орж, огцом хүйтрэх нь манай бэлчээрийн мал аж ахуйд хүндрэл үүсгэлээ. Сүүлийн таван жилийн хугацаанд зуны улиралд хур тунадас ихэнх нутгаар бага орсон. Ерөнхийдөө нутгийн хойд талаас эхлэн төв, зүүн бүсийн нутгаар хур тунадас дайран өнгөрч баруун өмнөд хэсгийн нутгаар ган тохиосон. Энэ жил мөн адил. Зун нь ган тохиовол, өвөл нь төдий хэмжээний зудтай байдаг. Манай орны баруун болон өмнөд хэсэгт олон жилийн дунджаас темратур дулаан хур, тунадас багатай байлаа. Үүнтэй холбоотой ургамлын бүрхэвч нэлээдгүй бага байна. Тиймээс малын тарга тэвээргэ мөн адил тааруу байна.

-Газар зүйн хувьд аль бүс нутагт дулаарал эрчимтэй, хур тунадасны хэмжээ илүү өөрчлөлттэй байна вэ?

- Хойд талаас Сибирийн хүйтэн агаар огцом түрэн орж ирэх, урд талаас дулаан агаарын урсгал орж ирэх нь агаарыг хэм өөрчлөгдөхөд нөлөөлж байна. Саяны огцом хүйтрэлт нь Сибирийн хүйтэн агаар орж ирсэнтэй холбоотой. Монгол орны хойд өндөр өргөрөг болон баруун талд дулаарал илүү эрчимтэй, говийн бүс нутгаар харьцангуй бага. Хур тунадасны хэмжээ төвийн бүс нутгаар буурсан, зүүн болон баруун өмнөд хэсгээр багахан өссөн гэх ерөнхий өөрчлөлт сүүлийн 80 жилд гарсан.

Энэ арваннэгдүгээр сар олон жилийн дунджаас хүйтэн сар болох магадлалтай.

-Энэ сарын цаг уурын урьдчилсан нөхцөл байдал ямар төлөвтэй гарсан байна вэ?

-Өнгөрсөн аравдугаар сар ажиглалтын хугацаа буюу сүүлийн 80 жилийн түүхэн хугацаан дах Монголд хамгийн дулаан сар болж өнгөрлөө. Харин 11 сар эсрэгээрээ олон жилийн дунджаас хүйтэн сар болох магадлалтай байна. Монгол орны эрс тэрс байдал улам нэмэгдэж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд иргэд хэрхэн дасан зохицож амьдрах хэрэгтэй вэ?

-Манай цаг уурын байгууллага болон дэлхийн цаг уурын байгууллагаас “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд хүргэе” гэсэн уриа нь дор ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой цаг агаарын тогтворгүй хэлбэлзэл үүсээд байна. Манай орны зарим бүс нутагт хэт халалт явагдаж байхад эсрэгээрээ зарим нутгаар хэт хүйтрэлт явагдаж байгаа нь уур амьсгалын хэлбэлзэл үүсгээд байгаа юм. Тиймээс бид эртнээс дасан зохицож аль болох цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээлэлтэй ойр байх хэрэгтэй. Сэрэмжлүүлэг шуурхай хүргэж чадна төдий чинээ хариу арга хэмжээ авч чадна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)