Б.БАЯР

 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Хууль хяналтныхан уг асуудлын учир шалтгааныг олохоор ажиллаж байна. Одоогоор шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор уржигдар Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралджээ. Тэндээс хэд хэдэн Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгүүд тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүдийн ар гэр, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх, цэргүүдийн алба хааж буй ахуй нөхцөлийн байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах, бүх ангид эрүүл мэндийн үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах, цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болжээ. Мөн Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Эдгээр ажлыг яаралтай зохион байгуулах үүргийг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгожээ. Түүнчлэн Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр Ерөнхий сайд “Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан. Ер нь Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)