Т.САЙХАН
Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө. Энэ жил 456 мянган тн үр тариа хураан авснаас 435 мянган тн улаан буудай хураан авсан байна. Энэ нь 35 мянган тонн-оор буюу өнгөрсөн жилийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсчээ. Тодруулбал энэ жил 175 мянган тн төмс, 183 000 тн хүнсний ногоо хураан авсан байна. Мөн 253,000 мянган тонн тэжээлийн ургамал, 50000 мянган тонн тосны ургамал хураан авчээ.
Салбарын сайд нь "Дотоодоос хангах буудайг хангалттай буюу 14.2 центр га ургац авсан. Ойрын 7, 8 жилд ийм их хэмжээний ургац аваагүй. Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Таван жилийн өмнө Монгол Улс хүнсний ногооныхоо 45 хувийг дотоодоосоо хангаж байсан. Энэ жилийн хувьд хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна.
Ирэх жилээс 100 хувь бүрэн хангагдана. Иймд хүнсний ногооны үнэ төдийлөн өсөхгүй гэсэн ерөнхий төлөвтэй байна" гэв. Нийт газар нутгийн 60 хувьд нь хүндэвтэр зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байгаа аж.
Энэ жил 123 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлийн хувьд хангалттай бэлтгэгдсэн байгаа юм байна.
Тодруулбал энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 21.6 сая тн сүрэл, 118,000 тн ногоон тэжээл, 61,000 тн үйлдвэрийн тэжээл, 48,000 тн гар тэжээл, 18 мянган тн дарш, 81 мянган тн давс хужир бэлтгэж шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn