Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Бид өнөөдөр боловсролын салбарт хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдийг тойрсон олон асуудал бий.  Өсвөр насныхны дунд ялгаварлан гадуурхалт, үе тэнгийнхний дээрэлхэлтээс эхлээд сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлүүд байсаар байна. Тиймээс ч салбарын яамны зүгээс энэ хичээлийн жилд сургууль бүрийг сэтгэлзүйчтэй болгохоор зорьсон билээ. Харин энэ дунд орхигдоод байгаа нэг гол асуудал нь багшийн сэтгэл зүй юм. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Боловсрол” буландаа энэ тухай хөндөж байна. Бид өмнөх дугаартаа Японд явуулын сэтгэл зүйчид багш нартай түлхүү ажиллаж эхэлсэн тухай онцолсон. Тэгвэл энэ удаад АНУ-д хэрэгжиж буй багшийн сэтгэл зүйг тодорхойлох шинэ санаачилга хэрхэн үр дүнгээ өгч буй талаар хүргэе.

 

Анги дүүргэлт 38-45 байна

 

2023-2024 оны хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангид 75 мянга гаруй хүүхэд элссэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 суралцагч суралцаж байна. 

Харин 25 мянган залуус оюутан болоод амжжээ. Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбар багшийн хомсдолд ороод байгаа нь үнэн. Ялангуяа байгалийн ухааны физик, газарзүй, хими болон бага ангийн багшаар суралцах хүүхдийн тоо жилээс жилд буурсан үзүүлэлттэй байна. Боловсролын үнэлгээний төвийн дарга Т.Ням-Очир “Өнгөрсөн жил улсын хэмжээнд бага ангийн багш гэхэд 700 гаруй дутагдалтай байсан. Харин энэ чиглэлээр 620 бага ангийн багш төгсөх судалгаа гарсан. Ингээд 70 гаруй багшийн зөрүү үүссэн. Тиймээс багш мэргэжилтэй мөртлөө өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой багш нарын судалгааг гаргаж, дээрх тоог нөхөж ажилласан. Мөн МУБИС-тай хамтран ажиллаж, төгсөх дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулсан. Энэ жил бас энэхүү арга хэмжээнүүд үргэлжилнэ гэж ойлгож болно” гэж байв. Ганцхан жишээ дурьдахад  Дундговь аймгийн хэмжээнд бага ангийн багш 15, математикийн багш найм, орос хэл, англи хэлний багш 10, монгол хэлний багш долоо, бусад мэргэжлийн багш нар 1-4 дутагдалтай байна гэж тус аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд онцолж байсан юм. Нэгэн цаг үед багшийн мэргэжил нэр хүнд, үнэ цэнтэй байсан. Хамгийн онц сурлагатан л багш болдог гэсэн дүр зураг харагддаг байв. Гэтэл одоо эсрэгээрээ. Энэ мэргэжлээр ажиллах боловсон хүчин байхгүй болох эрсдэлд тулаад байна. Үүний шалтгаан юу вэ. Өнөөдөр бодит байдал дээр нэг ангийн дүүргэлт хамгийн багадаа 38 байна. Захын дүүргүүдийн сургууль бол доод тал нь 42. Нэгдүгээр анги гэхэд 45 сурагчтай хичээллэж байна. Харин ганцхан багштай. Ялангуяа зургаан настай, 45 хүүхэдтэй ганцаараа харилцаж, ойлголцож, хичээл заана гэдэг багшийн хувьд чанга даваа. Хэдий туршлагатай, олон жил ажилласан байлаа ч хүн л юм чинь ядарна, бухимдана. Тиймээс сэтгэл зүйд нь тодорхой хэмжээгээр өөрчлөлт гардаг.

 

Бага ангийн багш гурав дахин илүү ачаалалтай ажилладаг

 

Энэ тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш Б.Батчимэг “Манай анги 42 хүүхэдтэй. Яг үнэндээ энэ олон жаахан хүүхэдтэй ажиллана гэдэг хүнд. Нэг удаа дундуур нь явж хичээлийг нь шалгахад багадаа 20 минут зарцуулдаг. Энэ хугацаанд мэдээж бухимдах, ядрах хааяа бие тавгүйтэх гээд сэтгэл зүйн хувьд олон асуудалтай тулгардаг ч тэр бүхнийг гадагшаа гаргаж, хүүхдүүддээ мэдэгдэхийг хүсдэггүй. Нэгэнт миний сонгосон мэргэжил учир ажлаа хийж, түмний хүүхдийг эрдэм мэдлэгтэй, зөв хүн болоход нь чадлаараа тусалъя гэж өөртөө хэлдэг” гэсэн юм. Б.Батчимэг багшаас “Та сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө авч үзсэн үү” гэж асуухад “Манай сургуульд сэтгэлзүйчид ирж, зөвлөгөө мэдээлэл өгдөг ч ихэнх нь хүүхдэд чиглэсэн байдаг. Багш нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө авч үзээгүй” гэсэн юм. Харин Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Бямбасүрэн “Би 30 гаруй жил бага ангийн багшаар ажиллаж байна. Залуу нас эрч хүч, мэддэг бүхнээ хүүхдүүдэд зааж, зөв хүн болгож төлөвшүүлэхийн төлөө энэ амьдралаа зориулж явна. Энэ хугацаанд сэтгэл зүйн хувьд ядрах, туйлдаа хүрэх үе бишгүй байсныг үгүйсгэхгүй. Ялангуяа бага ангийн багш нар илүү ачаалалтай ажилладаг. Учир нь бага насны хүүхдүүдтэй ойлголцож, 40 гаруй хүүхдийг төлөвшүүлнэ гэдэг хэцүү. Өмнө нь найман настай сургуульд ордог байхад харьцангуй гайгүй байсан бол одоо зургаан настангуудтай ажиллахад хааяа ээж нь, эгч нь, найз нь болох тохиолдол бий. Хэдийгээр хичээлийн цаг бага байдаг ч бусад багш нарыг бодвол оюуны хувьд гурав дахин илүү ядардаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс ачаалал болон сэтгэл зүйн хувьд дийлэхгүй гэсэн шалтгаанаар энэ мэргэжлийг сонгох хүүхдийн тоо өдрөөс өдөрт багассаар байна” гэсэн юм. Өнөөдөр мэдлэг боловсролоос гадна зөв бодол, эрүүл сэтгэхүйтэй багшаас ирээдүйн алдартнууд төрнө. Тиймээс багшийн цалин, нийгмийн амьдралаас илүү сэтгэл зүйд нь анхаарах цаг ирээд байна.

 

D4 гэсэн үнэлгээг авсан бол зөвхөн бага ангийнханд хичээл заана

 

Өнөөдөр Монголын боловсролын салбарт хүүхдийн эрх, сэтгэл зүйн тухай ярьдаг мөртлөө багшийг нь орхичихдог нь тоогүй. Гэтэл олон улсад эсрэгээрээ ажээ. Жишээлбэл АНУ-д сурагчийн сэтгэл зүйг эрүүл байлгах хүн нь багш гэж үздэг учир багшийн ур чадвар болоод сэтгэл зүйн онцлогт онцгой анхаарал хандуулдаг байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хичээл заах багшийг D1-D5 гэсэн сэтгэл зүйн тестээр шалгадаг болоод долоон жил болж байгаа аж. 6-9 ангийн сурагчдад хичээл заахын тулд багш заавал D5 гэсэн дээд үнэлгээнд хүрсэн сэтгэл зүйтэй байх ёстой. Энэхүү шалгуурт нь олон төрлийн тест багтдаг бөгөөд ихэвчлэн бухимдлаа хэрхэн илэрхийлдэг, уурлахдаа гаргадаг үйлдэл, хэлэхийг хүсдэггүй хараалын үгний жагсаалт зэрэг сонирхолтой асуулт багтдаг гэнэ. Хэрэв энэхүү сэтгэл зүйн тестэд тэнцэхгүй бол хичээл заах эрхийг нь хасдаг тогтолцоо тогтжээ. Харин багш D4 гэсэн үнэлгээг авсан бол зөвхөн бага ангийнханд хичээл заах эрх үүсэх аж. Энэхүү арга нь ч үр дүнгээ өгч, багш нар сэтгэл зүйдээ ихээхэн анхаарч, хамгийн тогтвортой, эрүүл сэтгэл зүйтэй хүн хүүхдүүдэд хичээл заах болсон тухай www.bfr.mn сайтад бичжээ. Харин Калифорниа мужийн ахлах сургуульд баасан гараг бүрийн хичээлийн хоёр цагийг багш нарт зориулдаг болжээ. Энэ цагаар мэргэжлийн сэтгэлзүйчид ирж, багш нарт зөвлөгөө өгч, стрессээ тайлах боломжийг олгодог байна. Мөн стресс тайлах тусгай өрөө гэж байдаг бөгөөд багш нар тэнд орж, өөрийнхөөрөө бухимдлаа тайлах нөхцөлийг бий болгожээ. Ингэснээр багш нарын хандлага болон сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гарч, багш сурагчдын ойлголцол илүү нэмэгдэж, сургалтын чанар болон сурагчдын үнэлгээ нэмэгдсээр байгаа тухай тус сайтад онцолсон байна. Тэгвэл яг үүн шиг тогтолцоо манай боловсролын салбарт үгүйлэгдэж байгаа юм. Багш нарынхаа сэтгэл зүйг анхаарч, хамгаалж чаддаг улсын ирээдүй илүү гэрэлтэй, итгэлтэй харагдаж байна. Тиймээс Монголд олон улсад хэрэглэж буй багшийн сэтгэл зүйн тестийг нэвтрүүлэх шаардлага үүсээд буйг уламжлая.

 

Кейс 1
-Би 2012 онд “Гурван-Эрдэнэ” багшийн сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ гурван жил ажиллаад, өдгөө хувийн бизнес эрхлэх болсон. Мэргэжлээ сольсон шалтгаан нь шударга хэлбэл шантарсан. Учир нь багш үнэхээр ачаалалтайгаас гадна сэтгэлзүйн хувьд хүнд ажил. Би өдөр бүр дунд ангид найман цагийн хичээл заадаг байлаа. Ингээд тарахад толгой байнга өвддөг болчихсон байсан. Тиймээс өөрийн эрүүл мэндийг хамгаалахыг хүссэн. Мөн сэтгэлзүйн хувьд тайван, стресс багатай ажил хийхийг чухалчилсан даа.

 

Кейс 2
-Би МУБИС-ийг Физикийн багш мэргэжлээр дүүргэсэн. Гэхдээ мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй. Учир нь манай эгч надтай адил багш хүн. Нэгэн хувийн сургуульд ажилладаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд болон оюутнуудаас дарамт их ирдэг болсон тул ажлаа сольсон. Хүүхдүүд төлбөрөө л төлсөн бол хамаагүй гэсэн хандлагатай болчихсон, багшийг үргэлж үгүйсгэдэг учир цаашид ажиллах хэцүү байна гэсэн болохоор мэргэжлээрээ ажиллаад дэмий юм болов уу гэсэн бодол төрөх болсон.

 

Кейс 3
-Би монгол хэлний багш мэргэжилтэй. Одоо нэгэн хувийн дунд сургуульд багшилдаг. Залуу багшийн хувьд аль болох суралцаж, илүү сайжрахын төлөө хичээж байгаа. Гэвч надаас шалтгаалаагүй, сэтгэлзүйн дарамт их байдаг. Ялангуяа сургуулийн удирдлага болоод эцэг эхчүүдээс. Өнөөдөр багш нар хүүхдүүдэд хатуу үг ч хэлэх эрхгүй болчихсон үе. Бүгд л өөдөөс хүний, хүүхдийн эрх гэж ярьдаг. Гэвч нэг нь ч багшийн эрх болоод сэтгэлзүйнх нь тухай ярьдаггүй нь сонин.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)