Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Өнөөгийн монголчуудын амьдарч буй нийгэм, ажил, амьдралын хэв маягаас харахад л эрүүл хөрсөнд ургасан, баталгаат хүнс хэрэглэх хэрэгцээ нэн түрүүний асуудал болж байна. Гэтэл утаанаас хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг “Зууны мэдээ” сонин цувралаар сурвалжилж байгаа. Өмнөх дугаартаа бид “Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ” сэдвээр нийтлэл бэлтгэсэн бол үргэлжлүүлэн импортын хүнсний ногоонд мөн л пестицидийн хэрэглээ хяналтгүй байгааг хөндөж байна.
Пестицид нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавжаас хамгаалдаг химийн аргаар гаргаж авсан цацлага юм. Хэдийгээр төрөл бүрийн пестицидүүд нь хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ач тустай боловч буруу хэрэглэвэл хүн болоод амьтны бие махбодод хуримтлагддаг. Ингэхдээ хордуулах, бамбай булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулдгаас гадна төрөлхийн эмгэг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэг сүүлийн үед эрс ихсээд буй өвчний нэг шалтгаан болдог нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогоод байгаа юм. Гэтэл энэ бүх өвчнийг үүсгэж байдаг пестицидийн үлдэгдлийг Монгол Улс тодорхойлж чадахгүй байна гэхэд хол зөрөхгүй. Тэр бүү хэл үлдэгдлийг нь тодорхойлохыг шаарддаггүй. Тодорхойльё гэсэн ч чанарын шаардлага хангасан лаборатори хүрэлцээгүй.
Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл мэнддээ анхаарч нарийн ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх нь ихэссэн. Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл янз бүр. Нэг хэсэг нь органик гаралтай байхад зарим нь химийн бордоо болон бодисын үлдэгдэл агуулсан байх нь ч бий. Тэгвэл манай улс импортоор орж ирж буй хүнсний ногоо, жимс жимсгэнэд хяналт хэрхэн тавьж буй талаар сурвалжиллаа.
Хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодисыг хянах, сэргийлэх асуудал олон улсад хурцаар тавигдаж байна. Хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага өсөхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа өчүүхэн төдий үлдэгдлийг ч илрүүлэх мэдрэмж өндөртэй, нарийвчлал сайтай лабораторийн аргууд нэн тэргүүнд шаардагдаж байна. Гэтэл өнөөдөр Монголд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд сорилт гүйцэтгэдэг итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал харилцан адилгүй байгаа юм.
Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, тэдгээрт тавих хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгдэж байдаг.
ХҮНСНИЙ НОГООНЫ ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙГ ШИНЖЛҮҮЛЭХГҮЙ БАЙСАН Ч БОЛНО
Манай улс жимс, хүнсний ногооны 80 гаруй хувийг импортоор оруулж ирдэг. Гэтэл Гаалийн ерөнхий газрын төв лаборатори нь техникийн сааталтай холбоотойгоор импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхгүй байгаа аж. Одоогоор улсын хэмжээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн нэг л лаборатори байгаа. Гэтэл импортлогч байгууллагууд пестицидийн үлдэгдэл тодорхойлох, шавжийн шинжилгээг худалдан авагч байгууллага нь шинжилгээний бичиг шаардсан тохиолдолд хийлгэдэг байна. Харин шаардлага тавиагүй тохиолдолд шинжилгээ хийлгэдэггүй гэх асуудал бий. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон хувийн лабортарид төлбөр төлсөн тохиолдолд шинжилгээ хийлгэх нь нээлттэй аж. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглэж байгаа жимс, хүнсний ногоо пестицидийн үлдэгдэлтэй гэсэн үг. Учир нь хэрэглэгч юм уу худалдан авагчид пестицидийн үлдэгдлийг шинжилсэн эсэхийг хянаж шаардахгүй л бол заавал мөнгө төлөн шинжлүүлэх шаардлагагүй болж байна.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс импортоор жимс оруулж ирдэг томоохон зах худалдааны төвүүд буюу Хархорин, Нарантуул, Барс зэрэг төвүүдэд зарагдаж буй жимс жимсгэнэ, тэр дундаа алимны дээжийг цуглуулан пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийж үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлт гарсан байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулж байгаа жимснээс пестицидийн үлдэгдэл илэрчээ. Энэ талаар удахгүй нарийн мэдээлэл хүргэх болно. Тодруулбал, пестицид, бордооны чанар үлдэгдлийг тодорхойлох, эрсдэлийн судалгаагаар Европын холбооны итгэмжлэгдсэн лабораторийн, Олон улсын пестицидийн аналитик хамтын зөвлөлөөс гаргасан цуврал арга зүйн дагуу дээжийг бэлтгэн, хийн хроматограф, масс спектрометрийн багажит анализын аргаар тодорхойлсон ба пестицидийн үлдэгдэл илэрсэн дээжийг таван удаагийн давталтаар уншуулан баталгаажуулсан байна.
Ургамал, импортын хүнсний ногооны дээжид наймаас 10 нэр төрлийн пестицидийн үлдэгдлийг тодорхойлоход нийт дээжийн 70 хувьд пестицидийн үлдэгдэл илрээгүй ба 30 хувьд пестицидийн үлдэгдэл илэрснээс 10 хувь нь стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их байжээ. Үүний ард дээжид хийгдсэн шинжилгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд тухайн импортоор орж ирсэн жимс, хүнсний ногоог хэрхэх, ямар арга хэмжээ авдаг нь тодорхойгүй байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)