Б.ТУУЛ
Томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэн буюу 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг харьяа дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж байна.
Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Тиймээс өнөөдөр эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын сэтгүүлчдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн нар “Томуу томуу төст өвчний нөхцөл байдал, тархвар зүйн онцлог, хариу арга хэмжээ”-ний талаарх сургалтыг хийж, дараах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.
Улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан:
-ДЭМБ-аас жил бүр ханиад, томуугийн тандалт судалгааг хийж, тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн ханиад, томуугийн дэгдэлт дэлхийн аль бүс нутагт илүү тархаж болзошгүйг урьдчилан тооцоолдог. Улмаар тэр жилд дэгдэлт гарах магадлалтай вирусийн омгийг оруулсан вакциныг зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхлээд байна.
Тодруулбал, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинд хамруулж байна.
Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирүсийн тухайн улиралд зонхилон эргэлдэж буй 3 хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Тиймээс томуугийн вакцин нь томуугаар өвдөх, өвдсөн ч өвчлөл хөнгөн тусах, томуугийн халдварыг бусдад тараах үйл явцыг бууруулахад чиглэгддэг учраас ханиад томуугаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын вакциндаа сайн хамрагдах хэрэгтэй.
Монгол Улсын хувьд, цар тахлын дараах сүүлийн хоёр жил томуу томуу төст өвчний гаралт идэвхжсэн, өвчлөл өндөр явсан. Энэ жилийн хувьд, цар тахлын өмнөх жилтэй ойролцоо түвшинд байх болов уу гэсэн таамаглалтай байна. Өвчлөлийн хувьд бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байгаа боловч хүндрэл эндэгдлийн хувьд 65-аас дээш насныханд элбэг тохиолдож байсан. Тиймээс томуугийн дархлаажуулалтын вакцинд энэ насныхан идэвхтэй хамрагдаж байна.
Зарим аймагт томуугийн вирус идэвхжих хандлагатай байна
Одоогоор улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Орон нутагт нийт эмнэлэгт хэвтэгсдийн 12,4 нь амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,5 хувь, өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар тус тус бага байна. Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 21,2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Өвчлөлийн байдлыг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,6 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 2,0 хувиар их байна. Аймгуудын хувьд хүн амын хөдөлгөөн ихтэй, хилийн бүсийн ойролцоох нутгуудад томуугийн вирус идэвхжих хандлагатай байна.
Томуугийн вакцинжуулалтын хувьд, Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт вакжинжуулалт өндөр түвшинд явж байна. Аймгуудын хувьд, Говь Алтай, Дархан Уул, Сэлэнгэ аймаг вакцинжуулалтаа дуусгасан байна.
Томуугийн вакцинд хэн хамрагдах боломжтой вэ?
-Зургаан сараас дээш насныхан хийлгэж болно. Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.
Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон жилийн судалгаа шинжилгээнд суурилсан, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакцин байдаг.
Мөн дээрээс нь томуугийн вирус маш хувьсамтгай учраас жил бүр найрлага нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс улирлын томуугийн вакцины талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал юм гэв.
Эх сурвалж: www.zms.mn