Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /11.10/ үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос асуулт асууж хариулж авав. Тусгай сангийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчнийг оношлож, эмчилдэг болох зорилгоор сангийн санхүүжилтыг зарцуулдаг болох юм. Мөн энэ төрлийн өвчнөөр өвчилж, гадаадад эмчлүүлэх тохиолдолд зардлын тодорхой хувийг тус сангийн хөрөнгөөс гаргуулах саналыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гаргажээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:- Гадаадад эмчлүүлэх бол 600-650 орчим сая төгрөг өгөх юм шиг байна. Бид бүх хүмүүсийн зовлонг шийдэж чадахгүй л дээ. Яахав бага хэмжээгээр тус нэмэр болох байх. Гэхдээ С.Чинзориг сайдаа энэ сангийн хөрөнгийг гадагш нь гаргах гэдэг тийм ч сайн хувилбар биш. Цаашид ийм бодлогыг явуулах ёсгүй. Албан бус судалгаагаар бид жилд 300 орчим сая ам.долларыг БНСУ руу гаргаж байна. Энд техник технологи, эмч нар нь байхад гадагшаа явж байна. Манай зарим эмнэлэг сүүлдээ аялал жуулчлалын товчоо шиг ажилладаг болчихлоо. Тэр улсын тийм эмнэлэг сайн гээд л явуулж байна. Иргэд ийм үг сонсох гэж эмнэлэгт очдог болчихлоо. Миний бодлоор нэг хүүхдийн асуудал биш нэлээд олон өвчтэй хүний асуудлыг шийдэхийн тулд гаднаас сайн туршлагатай эмч багийг нь урьж авчраад монголдоо эмчилдэг болмоор байна. Тэр чиглэлд сангийн хөрөнгөө зарцуулах хэрэгтэй. Энэ хэлбэрээр гадагшаа явсан болгонд мөнгийг нь өгөөд байвал манай эрүүл мэндийн тогтолцоо гажуудалд орно шүү. Зайлшгүй ховор тохиолдлын талаар яриагүй шүү.
Дараагийн нэг асуудал нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй эмийн жагсаалтыг яаж гаргаж байна. Альбумин буюу уургийг 100 мянган төгрөгөөр аваад долоо хоногт хоёр удаа тариулахад тэр айлын амьдрал хүндрэлтэй болж байна. Хавдрын өвчлөлтэй хүмүүс дээр түлхүү хэрэглэгдэж байна. Энэ уургийг тэр жагсаалтад оруулах боломж байдаг юм уу?
Эх сурвалж:www.polit.mn