ХИС-ийн Шинжлэх ухааны
др.проф. Д.Уламбаяр
Шинэ Мянганы босгон дээр олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны төв Ази-Номхон далайн бүс нутагт шилжиж байгаа нь улам бүр илт болов. Сайхь сав нутаг байгалийн асар их баялаг, хязгааргүй гүн цэнхэр далай, өргөн уудам тал, элс манхан, хараа цуцам мөнх цаст оргил, байгалийн тансаг унаган дүр төрх, арслан, барс, заанаас аваад аварга том халим загас хүртэл сэтгэл булаам ан амьтан, хүн зоны үндэсний гайхамшигт өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маяг, түүх, соёлын давтагдашгүй өв дурсгал, шинжлэх ухаан, технологийн хачин сонин бүтээл зэрэг энэхүү өнгөлөг өөдрөг бүхэн «Дорно дахин» хэмээх нэрийн дор алдаршиж гадна, дотны айлчин гийчний сонирхлыг эртнээс инагш эрхгүй татсаар иржээ. Түүнчлэн энэ бүс нутагт түүхий эдийн эх булаг, капитал оруулах хүрээ, борлуулалтын болон санхүүгийн шинэ зах зээл, шинжлэх ухаан-технологийн хамгийн тэргүүлэх салбарт өрсөлдөөн тэмцэлдээн бүр XIX зууны сүүл үеэс эхэлж, эдүгээ ч үргэлжилсээр буй ажгуу. Германы нэрт гүн ухаанч К.Маркс бээр НьюЙорк хотноо 1850 оны 2 дугаар сард «Politisch-őkonomische Revue» сэтгүүлд нийтлүүлсэн «Олон улсын анхны тойм» чансаатай бэсрэг өгүүлэлдээ: «Олон улсын харилцааны аугаа их усан замын үүргийг эртний дэлхий дахинд Газрын Дундад тэнгис гүйцэтгэж байв. Энэхүү үүргийг одоогийн Атлантын далай тээж явна» гэж өөрийн үеийг онцлон тэмдэглээд «Чухамдаа Атлантын далайн одогийн үүрэг нь ирээдүйд Номхон Далайд ногдох болно» гэж урьдчилан таамаглан бичиж байжээ.
Зүүн Ази, Номхон далайн Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг бүлэг орнууд үйлдвэрлэлийн бүтцийг шинжлэх ухаан, технологийн үндсэн дээр шинэчилж, үндсэндээ хөгжлийн Японы загвараар экспортын чиглэлтэй бодлого явуулснаар эдийн засгийн өсөлтийг хурдасгаж байгааг бүр 1975 онд Goldman Sachs группийн судалгаа, дүн шинжилгээг үндэслэн Америкийн ТIМЕ сэтгүүл анхааруулан бичиж байсан. 1980-аад оны дунд үеэс дурдсан орнууд дэлхийн эдийн засагт цойлон гарч ирснээр тэдгээрийг Зүүн Азийн шинээр аж үйлдвэржсэн буюу «Азийн бар» орнууд хэмээн нэрлэх болж, дурдсан орнууд ч эдийн засгийн хөгжлийн бие даасан туршлага, загварыг буй болгосон юм.
1960-аад оноос хойшхи гурван 10 жилд хуримтлагдсан хөгжлийн энэ загвар нь эдийн засгийн ардчилалыг хөгжүүлэх үндсэн дээр улс төрийн ардчилалыг хөгжүүлж ирсэн явдалд түүний мөн чанар оршиж байв. Азийн шинээр аж үйлдвэржсэн Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонг Конг зэрэг орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төрийн хүчтэй зохицуулалттай хослуулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлж иржээ. Үнэхээр ч сайхь орнууд олон арван жил колончлолд байж, дэлхийн II дайны дараа дундад зууны эдийн засгийн харилцаа гүн суурьтай байсан нь Өрнөдийн орнуудын ардчилалыг тэр чигээр нь хуулбарлан авах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй юм. 1950-иад оны сүүлчээр Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур сонгодог либерализм буюу америкийн загварыг туршсан боловч тэр нь хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл биш гэдэг нь удалгүй харагдсан байна. Учир нь дунд зууны нийгмийн харилцаа, колоний системийн үлдэгдэл Өрнөдийн ардчилалыг шууд хуулбарлан нэвтрүүлэх боломжийг үгүйсгэж байсанд оршино.
Хэдийгээр нэр хүндийн дэглэм эдийн засагт хүчтэй оролцож байсан боловч зах зээлийн эдийн засгийн бодит хуулиудыг үр ашигтай хэрэглэж, нээлттэй бодлого явуулж чадвал эдийн засгийн хөгжлийн зохих өндөрлөгт хүрч болохыг энэ туршлага харуулсан юм. БНХАУ, БНСВУ ч коммунист намын удирдлагын дор зах зээлийн эдийн засгийн харилцааг тууштай хөгжүүлж буйгаар дурдсан улсууд дээрхийг дахин батлан харуулсаар байна. Чили улсын эдийн засгийн хөгжлийн туршлага ч аанай л үүнтэй адил төстэй юм. БНАЛАУ ч Лаосын Ардын хувьсгалт намын удирдлага дор зах зээлийн харилцаанд шилжсэн билээ. Нээлттэй эдийн засаг, чөлөөт худалдааны бүс, экспортын чиглэлтэй бүтэц, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн хөнгөлттэй зээл, тусламж чухал хүчин зүйл болсон гэдэг нь өнөөдөр тодорхой билээ.
Хүйтэн дайн дууссаны дараа 1991 оны зургаадугаар сард хуралдсан ВКН-ын VII их хурлын тайлан илтгэлд: БНСВУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндэс нь нэгд, төвлөрсөн хүнд суртлын татаастай тогтолцооны хэв маягаар удирддаг эдийн засаг биш, хоёрт, чөлөөт зах зээлийн капиталист эдийн засаг биш, түүнчлэн гуравт, бүхэлдээ социалист чиг баримжаатай эдийн засаг ч биш, харин “социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжил” мөн гэж тодорхойлсон юм.
Азийн «шинээр аж үйлдвэржсэн» орнууд нийтлэг шинжтэй хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжиж иржээ. Энэ нь нэгд: 1960-аад онд импортыг орлох үйлдвэрлэлийг бүх талаар хөхиүлэн дэмжиж, хоёрт, 1970-аад онд үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөн хүнд үйлдвэр, экспортын чиг баримтласан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, гуравт, 1980-аад оноос оюуны багтаамжтай өндөр технологи, цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдэж иржээ. Өнөөгийн Вьетнам чухамхүү энэ чиг баримтлалаар хөгжиж байгаа ажгуу.
Колумб, Индонез, Вьетнам, Египет, Турк болон Өмнөд Африк зэрэг эдийн засгийн хурдац үзүүлж байсан хөгжиж буй зах зээлийн зургаан орныг CIVETS гэж нэрлэж байсан юм. Энэ нэр томъёог 2009 онд Британий Стратеги судлалын олон улсын хүрээлэнгийн Гео-эдийн засгийн төвийн захирал, Economist Intelligence Unit-ийн шинжээч Роберт Уорд ДНБ-ий өсөлтийн чадавхийг харуулж буй улс орнуудын бүлгийг тодорхойлох зорилгоор дээрх нэршлийг гаргаж ирсэн бөгөөд нийтлэг үзүүлтүүдэд “олон талтай, эрчтэй” эдийн засаг, “залуу, өсөн нэмэгдэж буй хүн ам” болон “харьцангуй боловсронгуй санхүүгийн систем” зэргийг багтаасан байна.
Вьетнам АСЕАН-ы бүрэн эрхт гишүүн 10 улсын нэг, тиймээс тус интеграцийн чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ), нэгдсэн зах зээлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд АСЕАН нь Хятад, Энэтхэг, Япон, БНСУ, Австрал, Шинэ Зеландтай, түүнчлэн ЕХ, Их Британи, ЕАЭЗХ, Энэтхэг, Канад, Мексик, Перу, Чили улсуудтай хоёр талт ЧХХ-ийг тус тус байгуулжээ.
ОУВС 2023 оны хүлээгдэж буй дүнгээр 100 сая хүн амтай Вьетнамын ДНБ худалдан авах чадавхийн үнэлгээгээр 1.4 их наяд ам. доллар, нэг хүн амд ногдох нь 14.2 мянган ам. доллар болно гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Вьетнамын Статистикийн Ерөнхий газрын мэдээллээр цар тахлын өмнө буюу 2018 онд 44.0 сая тн будаа хураасан нь дэлхийд Хятад, Энэтхэг, Индонез, Бангладешийн дараа 5 дахь том үйлдвэрлэгч, 1.6 сая тн кофе үйлдвэрлсэн нь Бразилын дараа 2 дугаарт, 3.8 сая тн гахай мах үйлдвэрлэснээр дэлхийд 5 дугаарт орох үзүүлэлт болжээ. Мөн онд 839 мянган тн тахианы мах, 334 мянган тн үхрийн мах, 936 сая литр үхрийн сүү, 20 мянган тн зөгийн бал үйлдвэрлэжээ. Түүнчлэн 4.8 сая тн эрдэнэ шиш, 2 сая тн гадил жимс, 17.9 сая тн чихрийн нишингэ, 1.1 сая тн байгалийн резин, 852 мянган тн жүрж, 779 мянган тн манго жимс, 654 мянган тн хан боргоцой, 270 мянган тн цай хураан авсан байна.
Цар тахлын дараа 2023 оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам дахь гадаадын нийт хөрөнгө оруулалт 27.72 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Вьетнамын өмнөд хэсгийн төв Хо Чи Мин хот 14.2 хувь буюу 3.94 тэрбум ам. доллараар тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа бөгөөд тэдгээр нь аж үйлдвэрийн парк, суурь бүтэцтэй томоохон хотуудад төвлөрч байна. Хуучнаар Өмнөд Вьетнамын нийслэл байсан Сайгон, өнөөгийн Хо Чи Мин хот болон өмнөд хэсэг нь капитализм хамгийн өндөр хөгжсөн, хүн амын 60 орчим хувь нь оршин суудаг бүс ажээ.
2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 108 улс Вьетнамд хөрөнгө оруулалт хийснээс Сингапур 6.46 тэрбум ам.доллар буюу шинээр бүртгэгдсэн ГШХО-ын нийт хөрөнгийн 23.3 хувийг, БНСУ 88 тэрбум ам.доллар буюу 17.6 хувийг, Япон 4.78 тэрбум ам. доллар буюу 17.3 хувийг эзэлж байна.
1993-2004 онд Олон улсын санхүүгийн институциүд Вьетнамд 29 тэрбум ам.долларын хөгжлийн албан ёсны тусламж амласнаас 14 тэрбум ам.доллар буюу 49 хувийг, 2006-2010 онд 15 тэрбум ам.доллар амалснаас 50 орчим хувийг хүлээн авч үр дүнтэй ашигласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон 2000 оны арваннэгдүгээр сард Вьетнамд түүхэн айлчлал хийснээр хоёр орны харилцаа бүрэн хэвийн болж, 1973 онд АНУ-ын цэрэг тус улсаас гарснаас хойш Вьетнамд айлчилсан анхны ерөнхийлөгч болжээ. Б.Обамагийн засаг захиргаа Вьетнамтай халуун дотно харилцаа хөгжүүлэх талаар нэгдсэн хүчин чармайлт гаргасны дараа 2015 оны долдугаар сард ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Трёнг АНУ-д анхны албан ёсны айлчлал хийжээ.
2019 оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон БНАСАУ, АНУ-ын удирдагч нарын анхны дээд түвшний уулзалтын дараа Доналд Трамп тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
2023 оны есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд айлчлах үеэрээ ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Трёнтэй уулзаж, хоёр орны харилцааны түвшинг “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд хүрснийг нотлов.
2022 онд АНУ-ын Вьетнамтай хийсэн худалдааны эргэлт 142.1 тэрбум ам. доллараар хэмжигдэж, экспорт нь 13.8 тэрбум, импорт 128.4 тэрбум ам.доллар болсноор АНУ-ын худалдааны алдагдал 2022 онд 114.6 тэрбум долларт хүрсэн байна.
Вьетнам дахь АНУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт (хувьцаа) 2022 онд 3.5 тэрбум доллар болсон нь 2021 онтой харьцуулахад 26.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратеги нь үндсэн агуулга нь Хятадыг тойрсон голлох түнш орнуудын үндэсний хөгжил, эдийн засгийг хүчирхэгжүүлэх замаар дурдсан бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй геополитик, гео-эдийн нөлөөллийг саармагжуулах зорилготой юм. Өнөөдөр АНУ-ын томоохон компаниудын хөрөнгийн хөдөлгөөн аажмаар Хятадаас Энэтхэг, Вьетнам руу үе шаттай шилжиж байгааг бид харж байна.
АНУ-ын тинк-танк байгууллага болох Гадаад харилцааны зөвлөлийн мэдээлснээр, Вьетнамын батлан хамгаалах бодлого нь цэргийн холбоотонгүй, нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг байршуулахгүй, бусад улстай тулалдахын тулд гадны гүрэнтэй түншлэхгүй, олон улсын харилцаанд хүч хэрэглэхгүй, заналхийлэхгүй гэсэн “Дөрвөн “үгүй”” зарчимд суурилдаг. Үүнийг гадаад бодлого дахь “гурван үгүй” гэж тэмдэглэж байсан бөгөөд “хүч хэрэглэхийг буруушааж, үл хүлээн зөвшөөрөх” дөрөв дэх “үгүй”-г 2019 оны арванхоёрдугаар сард баталсан “Үндэсний батлан хамгаалахын цагаан ном”-д нэмэж оруулжээ. Батлан хамгаалах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх, хууль сахиулах зэрэг бусад олон салбар дахь АНУ, Вьетнамын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж байна. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан Вьетнамыг АНУ-тай аюулгүй байдлын салбарт улам ойртуулж байгаа бөгөөд тус тэнгисийг нээлттэй байлгахыг АНУ тууштай дэмжиж байгаа юм.
Вьетнамд дайны галыг зогсоож, энхтайван байдал тогтоох тухай Парисын энхийн хэлэлцээрт 1973 оны нэгдүгээр сард дөрвөн тал гарын үсэг зурсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал байв. Дурдсан үйл явцад гаргасан хүчин чармайлтынхаа төлөө 1973 оны Энхтайвны Нобелийн шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжер, ВКН-ын Зохион байгуулах Төв Комиссын тэргүүн Ле Дык Тхо нар хамтран хүртсэн билээ.
1976 оны дөрөвдүгээр сард нэгдмэл Вьетнам улсын Үндэсний хурлын анхны сонгууль болж, зургаадугаар сард Үндэсний хурлын анхдугаар чуулган төрийн удирдах байгууллагыг сонгон БНСВУ гэсэн улсын шинэ нэрийг баталж, тус улс 1977 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхтэй.
БНСВУ бол Монгол Улсын түүхэн болон уламжлалт найрсаг харилцаатай Зүүн Өмнөд Ази, АСЕАН-ы интеграцийн чухаг гишүүн түнш орон юм.
1966 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн МАХН-ын ТХ-ны 323 дугаар тогтоолоор «Вьетнамын ард түмний тэмцлийг дэмжих Монголын хороо» байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж Монголын ард түмний сайн дурын үндсэн дээр хуримтлагдсан хөрөнгөөр улаан буудайн гурил, лаазалсан мах, эм хэрэгсэл, боловсруулсан арьс шир, ноосон бөс бараа, ХАА-н машины сэлбэг хэрэгсэл зэргийг захиалан үйлдвэрлэх буюу худалдан авч илгээж байжээ. 1964-1975 оны Вьетнамын дайны жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 28 цуваа эд материал, хүнсний болон эмийн зүйл илгээжээ. 1956-1985 онд зөвхөн БНМАУ-ын Засгийн газрын шугамаар БНСВУ-д тухайн үеийн ханшаар 200.0 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Мөн олон нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр тус улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөв. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Хамтарсан Мэдэгдэлд: 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр тохиролцов.
Төрийн айлчлалын ач холбогдлыг тодорхойлсон олон ажлуудаас онцлон дурдвал “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан нь бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын хөгжилд өргөн боломжийг нээж байна.
Түүнчлэн Монгол Улсаас БНСВУ-д нийлүүлэх ямаа, хонины мах болон БНСВУ-аас Монгол Улсад нийлүүлэх шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”-г харилцан тохиролцсон нь хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний солилцоог өргөжүүлэх таатай нөхцлүүлж бүрдүүлэхээр байна. Өөр нэг чухал зүйл нь чанартай цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай мэргэжлийн холбогдох яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлтийг олон эх сурвалжтай болгох чиглэлд чухал ач холбогдолтой болов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)