Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

"Зууны мэдээ" сонин Төрийн хүн булангийнхаа зочноор Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржийг урьж,  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Парламент 2024 оны төсвийн хуулийг хэлэлцэж эхлээд байна.    Энэхүү төсвийг “боож” хэлэлцүүлэн батлуулах ажилд танай яам, тэр дундаа та гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.  Жил бүрийн төсөв өөр өөрийн гэсэн онцлогтой.  Энэ жилийн төсвийн онцлогийг та юугаараа өөр гэж харж байна вэ?

-Жил бүрийн төсөв онцлогтой, ялангуяа сүүлийн хэдэн жилийн төсөв нэлээд савлагаатай явж ирлээ. Тухайлбал, 2020 онд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээс илүүтэй цар тахлыг хэрхэн даван туулах вэ гэдэгт төвлөрсөн төсвийг баталж байв.

Харин 2021 онд геополитикийн нөхцөл байдалтай холбоотой  шатахуун, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэрхэн цэгцлэх вэ гэсэн сорилттой тулгарсан.

Үүнтэй холбоотойгоор үнэ тарифыг тогтворжуулах хууль хүртэл санаачилсан. Харин 2022-2023 оны үед далд эдийн засгийг  ил болгох, Авилгатай тэмцсэн жил болж өнгөрч байна. Харин 2024 он улс орон маань хөгжлийн гольдролдоо орж, төсвөө тэлэх боломж бүрдэнэ гэж тооцооллоо.   Мөн төсвийн зарцуулалтын тодорхой хувь хот хөдөөгийн сэргэлт рүү  чиглэж буйгаараа онцлогтой.

Төсвийн хуульд  хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, “амсуулж” хөрөнгө оруулалт тавьдагийг халсан. Энэ оны  шинэ хөрөнгө оруулалтууд цаад тал нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхдээ үнийн дүнгийн гуравны нэгээс багагүй байх зарчим баримталж байгаа. Мөн нэг төсөл нэг  кодтой байх зарчимтай ажиллана.  Анх тухайн төсөл хэдэн  төгрөгөөр эхэлж, ашиглалтад орох хугацаа хүртлээ хэр хөрөнгө нэмэгдсэн бэ гэдгийг олон нийтэд нээлттэй, ил тод харуулах боломжийг олгож буйгаараа энэ удаагийн төсвийн төсөл онцлогтой.

Харин дотооддоо туршлага багатай, боловсон хүчин бэлтгэгдээгүй байгаа, урт хугацаанд үргэлжилдэг төсөл хөтөлбөрүүдэд  гадаадын зээл тусламжийг чиглүүлж  ажиллана.  Үүнд шинэ мэдлэг, туршлага, инновац, технологи шингэсэн төсөл хөтөлбөрүүд  багтаж байна.   Тухайлбал,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,  баруун аймгуудын  дулааны цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг шинэ мэдлэг шингэсэн  хөрөнгө оруулалтуудыг нэрлэж болно.

-Сангийн сайд Б.Жавхлан Төвсийн хуулийг танилцуулахдаа бүтээн байгуулалтын   төсөв болсон гэдгийг онцолж байсан.  Ирэх жил ямар томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх вэ?

-Ирэх жилийн нийт төсвийн зарлага 27.3 их наяд төгрөг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 38-39 хувьд эргэлдэж байна гэсэн үг.  Харин  төсвийн орлого 36 хувь байна. Нийт зарлагын 5.1 их наяд нь өндөр настны тэтгэвэр тэтгэмжид, 3.7 их наяд төгрөг нь боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдана.  Харин гурван их наяд орчим төгрөг нь боловсрол, эрүүл мэндээс бусад салбарын төрийн албан хаагчдын цалинд тусгагдана. Мөн  гурван их наяд орчим төгрөгийн цахилгаан, дулаан, шатахуун гэсэн зардалд өгдөг.  Харин бүтээн байгуулалтын ажилд 5.2 их наяд орчим төгрөг төсөвлөөд байна.

Төсвийн зорилго нь  нэгдүгээрт,  хөгжлийн боломжийг харсан байх,  хоёрдугаарт, төр зайлшгүй үзүүлэх ёстой чиг үүргүүдийг  чанартай  хангахад оршдог. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрд  тэгш хүртээмжтэй  хүргэх ёстой. Харин бүтээн  байгуулалт буюу хөрөнгө оруулалтын зардалд ач холбогдлын эрэмбэ дарааг чухалчилдаг.  Тухайлбал, Увс аймаг 80-90 мянган хүн амтай. Харин  нийслэлд нийт хүн амын 50-иас  илүү хувь амьдарч байна.  Гэхдээ ингэж харьцуулалт хийгээд нийт хөрөнгө оруулалтынхаа талыг нийслэлд шингээж болохгүй. Өөрөөр хэлбэл,  нэг иргэнд ногдож байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалт хаана амьдарч байгаагаас шалтгаалж ялгаатай байна гэсэн үг. Дахиад нэг жишээ татахад,  боомтын сэргэлтийн  тусламжтайгаар уул уурхайгаас олох орлогоо нэмэгдүүлэх боломжтой.  Тэр ч утгаараа боомтын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түлхүү тусгах шаардлагатай гэж үзсэн.

Хөрөнгө оруулалтын зардлаа задалбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 3.2 их наяд, гадаад зээл тусламжаас 1.7 их наяд,  төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа хөрөнгө оруулалт бас тодорхой хэмжээнд орж ирдэг. Улсын төсвийн  хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэндийн салбар болон  гурван жилээс бага хугацаанд гүйцэтгэх боломжтой хөрөнгө оруулалтад чиглүүлж байна. Тэр дундаа зам тээврийн салбарт нэлээд их хэмжээний хөрөнгө хуваарилсан.

-Төсөв хэлэлцэх үеэр янз бүрийн санал, шүүмжлэл яригддаг. Энэ жил ч гэсэн гарч байна.  Ер нь иргэдийнхээ амьдралд хэр ойрхон төсөв болсон бэ?

-Сангийн яам асуудалд илүү бодитой хандаж, судалгаагаар нотлогдсон зүйлүүдийг төсөвт суулгахыг хичээдэг. Төсвийн зарлага  тэлж байна. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Цалин, халамж нэмж, зардлаа хасмаар байна. Дарга нарын зарцуулалт нэмэгдээд байна гэдэг. Гэтэл төсөв өөрөө эдийн засгаа тэтгэж тэтгэвэр, тэтгэмж, цалин, хэрэглээгээ нэмж байдаг.  Гадаад зээл, тусламжийн хүү нь жилийн 5-6 хувь, сарын 0.3 орчим буюу маш бага хүүтэй. Энэ нь манай улсад ам.доллараар орж ирж байдаг. Тиймээс ханшийн хувьд зөв бодлого барьж чадах  юм бол  гадаадын асар хямд эх үүсвэрийг татаж байна гэсэн үг. 2012-2016 онд авсан Чингис бондын хөрөнгийг  юунд зарцуулах тухай тооцоо судалгаагүй авсан нь том алдаа болсон. Тиймээс цаашид хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгаа тэлэх, эдийн засгийн багтаамжаа томруулах бодлогыг төсөвт тусгах бодлого барина.  Мөн төсвийн бодлогоос гадна мөнгөний бодлого гэж бий. Төсвийн бодлого нь халамж, цалингаар дамжуулж иргэдэд эдийн засгийн өсөлтийг мэдрүүлэх, орлогыг хамгаалахад чиглэдэг. Учир нь төрийн албан хаагч, өндөр настны тэтгэвэр мөнгөн дүнгээр хэвээр байгаа боловч инфляцдаа идэгдээд байдаг. Инфляцийн эсрэг бодлого мөнгөний бодлогоор илүү их явдаг. Харин татварын бодлого ААН-д чиглэсэн байдаг. Татварын таатай нөхцлийг яаж үзүүлэх вэ, далд эдийн засгийг хэрхэн ил болгох вэ, Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхгүй байгаа эдийн засгийг яаж оруулж ирэх вэ, гадаадын хөрөнгө оруулагчдыг яаж оруулж ирэх вэ  асуудал татварын бодлого дээр илүү их орж ирдэг.

Мөн төсвөө алдагдалтай батлаад байдаг.  Энэ нь дараагийн өр, зээлийг нэмээд байна. Яагаад олсныхоо хэмжээгээр зарцуулж болдоггүй юм бэ гэж ярьдаг.  2020  онд төсвийн  алдагдал 12.5 хувьтай батлагдаад гүйцэтгэл нь  маш өндөр буюу 12 хувьтай гарч байсан.  2022 онд  5.1 хувийн алдагдалтай баталж гүйцэтгэл нь 1.9 болсон. 2023 онд  3.6 хувийн  алдагдлын хязгаартай байна. Одоогийн байдлаар 2.6 хувьтай байгаа. Жилийн эцсээр 1.9-2 хувьтай болно гэсэн  хүлээлттэй байгаа.  2024 онд төсөв өргөн барьсан хязгаар 2.8 хувь байгаа. Гэхдээ орлого давсан тохиолдолд зээл авахгүй байхад анхаарна. Зарлагаа буюу цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг огцом хасаж чадахгүйгээс хойш орлого нь зарлагаа гүйцэх хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оноос -2  хувь буюу ашигтай байх хуулийн заалт орж ирж байгаа. Үүнээс харахад 2025 оны төсвийг алдагдалгүй  түвшинд хүргэх найдвар байна гэж харж байна.

-Гадаад өрийн асуудалд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаад өр тавихгүй. Өөрөөр хэлбэл, зорилго нь тодорхойгүй гадаад өр авахгүй. Зөвхөн төсөл хөтөлбөрүүдэд зориулж авах бодлого барьж байна. Өрийг өрөөр санхүүжүүлж байгаа  асуудал шүүмжлэл дагуулдаг. Энгийнээр хэлэх юм бол ломбарданд тавьсан зээлээ банкны зээлээр  сольж байна гэсэн үг. Тиймээс өрийн дахин санхүүжилт хийхдээ тодорхой хувийг нь буюу боломжтой бол 10-40  хувийг төлөх хэрэгтэй. Харин үлдсэн хувьд нь өрийн зохицуулалт, дахин санхүүжилт хийх  бодлого баримталж байна.

-Манайх уул уурхайг түшиглэн төсвийн орлогоо бүрдүүлдэг улс.  Ирэх оны төсөвт орлогыг хэрхэн тооцсон бэ?

-Орлоготой холбоотой шүүмжлэлүүд нэлээд өрнөдөг л дөө. Орлогыг дэндүү өөдрөг төсөөлсөн байна. Ирэх жил ийм орлого орохгүй. Үүнээс болж тодотгол хийгээд зарлагаа хасаад хийсвэр юм боллоо. Мөн орлого их тавьж байгаа нь ААН-үүдээ татвараар дарамтлах гэж байна гэх зэргээр хардаж, төсөөлдөг. Гэвч зарлага, орлого өмнөх жилээсээ байнга өсөж байдаг. Эдийн  засгийн чадавх энэ хэрээр томорч байна гэсэн үг.  Тухайлбал, 2020 онд  ДНБ 37 их наяд төгрөг байсан. Харин 2024 онд 74 их наяд төгрөг болохоор байна.  Мөн орлого, зарлага тухайн үеийнхээс 1.8 дахин өссөн дүр зурагтай байна.  Орлогын  тал дээр татвар нэмсэн зүйл огт байхгүй. Эдийн засгийн идэвхжил бий болж байгаа нь татварын орлого нэмэгдэж байгаа хүчин зүйл болж байгаа юм. Тухайлбал, хагас жилийн судалгаанаас харахад аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого  өмнөх жилээс 50 хувиар өссөн байна. Мөн орлого ДНБ-ий 36 хувь дээр сүүлийн  жилүүдэд тогтмол хадгалагдаж байгаа. Энэ нь өсөлт нь хэвийн хэмжээнд байна гэсэн үг.

Орлого ярингуут давхар нүүрсний асуудал ярьж байгаа. Нүүрсний асуудал дээр бидний хувьд азтай нэг зүйл нь БНХАУ-д хэрэгцээ шаардлага асар өндөр. Монгол Улс, БНХАУ хоорондын харилцаа сайн байна. БНХАУ-ын талаас хэр их хэмжээний нүүрс авчирна тэр хэмжээгээр нь худалдан авах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ирэх жилд 60 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцсон. Өнөөдрийн байдлаар 54.4 сая тонн нүүрс БНХАУ руу экспортлосон  байна. Үүнээс харахад БНХАУ руу  ирэх жилд 60 сая тонн нүүрсээс илүү ихийг  экспортлох боломж байна гэсэн үг.

-Ер нь уул уурхайн орлогоос хараат төсөв баталдаг байдлыг та мэргэжлийн хүний хувьд  юу гэж дүгнэдэг вэ?

-Орлогын 25 их наяд төгрөгийн гуравны нэг буюу найман их наяд нь уул уурхайн салбараас шууд хамааралтай.  Бид их азтай юм шиг мөртлөө  нөгөө талдаа бас эрсдэл  бий.  Байгалийн баялгаа ашиглах ёстой юу гэвэл ёстой. Ирээдүйдээ байгалийн баялгаа хадгалж байна гээд өнөөдөр бид ядуу амьдарч болохгүй. Мөн  эрсдэлээ бодоод орлого олохгүй эсвэл, олсон орлогоо зарцуулахгүй хадгалаад байж болохгүй.

Бид барууны орнуудын хөгжил рүү зорьж байгаа.  Хөгжилд богино хугацаанд хүрэх боломж бол уул уурхайн салбараас төвлөрүүлж буй орлого. Гэвч  эдийн засгаа солонгоруулж чадахгүй бол яах вэ гэдэг маш том эрсдэл. Хоёр хөршөөс хамаарал бүхий манай улсын хувьд БНХАУ-д ямар нэгэн асуудал үүсэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогсвол нийт орлогын гуравны нэг эрсдэлд орох аюултай. Нөгөө талдаа бид зарлагаа огцом бууруулж чадахгүй.  Тиймээс энэ эрсдэлд бэлэн байх ёстой. Үүний тулд боомтын үйл ажиллагааг илүү сайжруулах нь зөв. Мөн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдээ арилгах ёстой.  Манай улс эрчим хүчээ хоёр хөршөөсөө импортоор авдаг. Эрчим хүчээ дотооддоо бүрэн  хангаж чадахгүй байна. Тухайлбал,  томоохон үйлдвэр баръя гэхээр хамгийн том асуудал нь эрчим хүчний найдвартай эх үүсвэр байхгүй байна.  Ялангуяа баруун аймгуудад нэлээд асуудалтай байгаа. Мөн манай улс төмөр замын ганцхан шулуун шугамтай байсныг  Гашуунсухайт, Ханги чиглэлд нэмсэн. Төмөр замын шулуун шугам цөөн байгаа нь  улсын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл болж байна. Тиймээс энэ бүхнийг  шийдэхийн тулд уул уурхайн салбараас олсон орлогоо зарцуулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засгаа солонгоруулах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Уул уурхайгаас гадна ямар салбараас орлого олох боломжтой гэж төсвөөс харсан бэ?

-Манай улсын орлогоо төвлөрүүлдэг  гол салбар уул уурхай. Хоёр дахь гол салбар бол хөдөө аж ахуйн орлого. Хөдөө аж ахуйн салбараас ДНБ-д  нөлөөлж байгаа нөлөөлөл нь өндөр. Тухайлбал, мал ихээр хоргодсон жил ДНБ уналттай гардаг.  2022-2023 онд зуд, үерийн гамшиг  болсноос болж  хөдөө аж, ахуйн салбар уналттай гарсан. Гэхдээ  ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл асар өндөр мөртлөө төсвийн орлого нь  асар бага. Энэ нь нэг талдаа татварын тогтолцоогоо боловсронгуй болгох шаардлагатай гэсэн үг.  Хоёрдугаарт, хөдөө аж, ахуйн  салбарт ажиллаж байгаа хүмүүсийг татварын  нөхцөл байдлыг сайжруулж, бизнесийг нээлттэй, албан журмын болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малчин өрхүүдээ албан бизнесийн сектор руу оруулж ирэх шаардлага тулгарч байна. Малчид мал, малын түүхий эдээ ченжээр  дамжуулж борлуулдаг. Намар нядалсан малаа хавар  хүртэл хадгалах зоорь байдаггүй. Мах хадгалах зоорь зөвхөн аж ахуйн нэгжүүд, ченжүүдэд  байдаг. Ченжүүд  махыг хямдхан байхад нь худалдаж аваад үнэтэй болохоор нь зардаг. Гэтэл үүний ашгийг малчид хүртэж чаддаггүй. Тиймээс үнэ тогтвортой байвал энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай улс жилдээ 12-15 сая мал нядалж дотоодын хэрэгцээгээ хангадаг. Гэтэл энэ арьс ширнээс хэдэн ширхэг нь түүхий эд болж эргэлтэд орж  байна вэ гэхээр нэг сая ч хүрэхгүй маш бага тоо гарна. Тиймээс эдгээрийг нээлттэй болгож чадвал  төсвийн орлогодоо нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, эргээд энэ  хүмүүс төсөв, улсынхаа хөгжилд нөлөөлдөг болох боломж байна гэж харж байна.

Мөн даяаршилттай холбоотой IT,  аялал жуулчлал салбар, агаарын тээвэр гээд орлого төвлөрүүлэх боломжтой салбар  бий болж байна. Тиймээс хянаж, цагдахаас илүүтэй  яавал ил тод, зөв бизнесийг дэмждэг болох вэ гэдэг  анхаарах зайлшгүй шаардлагатай  гэж харж байна.

-2024 онд УИХ-ын сонгууль болно.  Сонгуулийн жилийн төсөв гэж харахаас өөр аргагүй л дээ.  Та энэ асуудалд тайлбар өгөх үү?

-Ирэх оны төсөвт сонгуулийн зардлыг  тусгасан. Гэхдээ сонгуулийн жил таараад илүү авъя гэж бодсон бол халамжийг арван хувиар нэмэхгүй байх байсан.  Магадгүй инфляцаасаа өндөр хувиар нэмсэн бол сонгуулийн төсөв болжээ гэж харах байх.  Шинэ төрлийн халамж  тавиад орсон бол сонгуулийн санал авахад зориулалттай байна гэж хардах нөхцөл үүсэх байсан. Гэтэл 2024 оны төсөвт халамж огт  нэмэгдээгүй. Зөвхөн хүн амын тоо хэмжээгээр буюу хүүхдийн мөнгө хүүхдийн тооны өсөлтөөр  нэмэгдэж орж  ирж байгаа. 

Мөн хөрөнгө оруулалтын зардлаас харахад баахан тууз хайчлаад,  шинэ бүтээн байгуулалт барих нь уу гэж харахаар бас тийм биш. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал  2.9- 3.2 их наяд төгрөг болсон. Тэгэхээр сонгуулийн жилийн төсөв гэж заахаар өмнөх жилүүдэд огт тавьж байгаагүй шинэ нэмэгдэл зардал байхгүй.

-Дараагийн нэг асуудал нь аймгуудад тавьсан төсвийн хэмжээ. Яагаад ийм харилцан адилгүй байгаа юм бэ. Ямар шалгуур нөхцөлөөр хуваарилдаг вэ?

-Аймаг бүрийн  газар зүйн байршил, эдийн засгийн чадавх,  орлого ялгаатай.   Тиймээс одоогийн Төсвийн тухай хуулиар тухайн аймгийн орлого,  зардлуудыг тавьдаг.  Зарлага нь  ихэнх аймгийн хувьд ойролцоо. Тиймээс  орлогоороо ялгарна гэсэн үг. Одоогийн хуулиар орлогоосоо давсан зарлагын хэсгийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг болгож татаас өгч тухайн аймгийг алдагдалгүй байхаар санхүүжүүлдэг.  Тухайлбал, Төв аймаг хамгийн их буюу 26 сумтай. Тэр хэмжээгээр засаг, захиргаа, төрийн алба, тамгын газар их байна гэсэн үг.  Харин  Хөвсгөл аймаг хамгийн олон хүн амтай.  Энэ хэмжээгээрээ төрийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага өндөр. Харин Өмнөговь, Орхон, Дундговь  гэсэн долоон аймаг хэрэгцээ шаардлагаа хангаад мөн орлого нь давж чаддаг.  Хөвсгөл, Завхан, Төв аймаг зэрэг аймгууд зарлага нь орлогоо гүйцэж чаддаггүй. Аймаг бүрийн олж байгаа орлого ялгаатай учраас зарлага, санхүүжилтийг нөхөж байгаа гэсэн үг.

Мөн аймаг бүр 3-4 төсвийн их үүсвэрийг улсын төсвөөс дэмжлэгээр авч байгаа. Аймгууд орон нутгийн хөгжлийн сан гэсэн их үүсвэр авдаг. Энэ нь уул уурхайн орлогоос бүрддэг орон нутгийн хөгжлийн  сан буюу ААНОАТ-ын 10 хувь, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийн 100 хувь  гэсэн сангаас уул уурхай илүү хөгжсөн  аймагт түлхүү хуваарилдаг гэсэн үг.  Улсад уул уурхайн орлогоос оруулсан хувь өндөр учир Өмнөговь аймаг хамгийн  их мөнгө авдаг.

Гурав дахь эх үүсвэр тухайн аймаг руу чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт. Улсын төсвийн  хөрөнгө оруулалт Хэнтий аймагт их байна гэж ярьдаг. Учир нь  Дорнод аймгийн Ульхан боомт, Хэнтий аймгийн Батноров, Норовлин сумаар дамжин өнгөрдөг. Энэ нь Хэнтий аймгийн төсвийн 70 хувийг бүрдүүлсэн. Харин үлдсэн 30 хувь нь бусад аймгуудтай адил сургууль, цэцэрлэгт  зориулсан хөрөнгө оруулалт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (7209)