Базарбямбын НЯМСҮРЭН
Зам дагаж хөгжил гэж монголчууд ярьдаг. Тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтыг хэлэлцсэн “Тээврийн долоо хоног” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Тээвэр бол өргөн хүрээг хамарсан том салбар. Тэр утгаараа долоо хоногийн турш авто зам, агаарын тээвэр, төмөр зам, боомт гээд салбарлан хуралдах форумын гурав дахь өдрийн сэдэв “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг байлаа.
Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт” сэдвээр, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Тээвэр логистикийг хөгжлийг хязгаарлагч бус харин хөгжилд хөтлөгч болгоход онцгой анхаарч байгаагаа салбарын сайд онцлов. Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван улирал дараалан өсөлттэй байгаа бөгөөд 2023 онд 11.3 тэрбум ам долларын экспорт хийжээ. Энэхүү эерэг дүнд зам тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна.
Зам тээврийн салбарт 74 хувийн өсөлт гарсан. 2023 оны ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, авто тээвэр 2.3 дахин өссөн үзүүлэлт голлон нөлөөлж байгааг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын илтгэлд онцолсон байлаа. Сүүлийн арав гаруй жилийн дунджаар манай улс жилд 50 сая тн ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ онд ачаа тээвэр хоёр дахин өсөж, түүхэнд байгаагүй өндөр буюу 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Экспорт нэмэгдэж, тээврийн салбар өссөний үр дүнд гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх тоон үзүүлэлтүүд, өсөлт, тэлэлтэд зам тээвэр, логистикийн салбарын хувь нэмэр томоохон жин дарж байгаа нь маргашгүй үнэн.
Тээвэр логистик бол зөвхөн нэг улсын асуудал биш. Энэ утгаараа Монгол Улсын урт хугацааны хөгжлийг тодорхойлох “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. “Алсын хараа-2050” -ын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг томьёолж, түүнийгээ үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа юм.
Энэ хүрээнд тээврийн дэд бүтцийг хөгжүүлж, хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж байгаа. Засгийн газраас сүүлийн жилүүдэд нам гүм байсан Боомтын асуудалд онцгойлон анхаарч, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог өнгөрсөн жил байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 39 боомт бий. Эдгээрийн 27 нь авто замын, зургаа нь төмөр замын, зургаа нь агаарын боомт юм. Харин идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 25 боомт байгаа аж.
Монгол Улс далайд гарцгүй ч далайгаас ангид гэсэн үг биш. Олон улсын худалдаа бүс нутгийг хамаарахгүйгээр дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа. Нийт олон улсын худалдааны бараа эргэлтийн 80 орчим хувь нь далайн тээврээр тээвэрлэгддэг.
Боомт хариуцсан сайд Б.Тулга салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. “Боомтын салбар бол худалдаа эдийн засгийг эрчимжүүлэх хамгийн гол хөшүүрэг гэж ойлгож болно. Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогод онцгой анхаарч, томоохон төслүүдийг эхлүүлээд байгаагийн нэг нь Мянганы замын дэд бүтцийн сүлжээг боомттой холбох зорилтууд юм. 2032 он гэхэд 483 км автозамыг боомтуудтай холбоно. Ингэснээр төмөр зам болон автозамын хүчин чадал хоёр дахин, боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломжтой. Ингэж боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр эхний ээлжинд 2024 он гэхэд 14 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна” гэв.
“Тээврийн долоо хоног” олон улсын форум өнөөдөр “Чөлөөт агаарын орон зай”, Олон улсын тээврийн форумын Азийн бүсийн өндөр түвшний яриа хэлэлцээрээр үргэлжилнэ.
"Үндэсний хөлөг онгоцны багтай болох өөдрөг ирээдүйг хүлээж байна"
Манай улс шинээр найман бүсэд Хуурай боомт байгуулж байгаа. Тэгвэл хуурай боомт байгуулахын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар ЗТХЯ-ны Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Засгийн газрын шийдвэрээр манай улс найман байршилд хуурай боомт байгуулахаар болсон. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Гуравдагч орноос Монгол улсад Тянжинь боомтоор дамжиж ачаа барааг хүлээж авдаг. Тянжинь боомтын ачаа эргэлтийн ачаалал нэмэгдсэн учраас Монголд ирэх ачаа 45-80 хонож ирдэг. Мөн чингэлэг түрээсийн зардал ч их байгаа. Тэгэхээр энэ хугацааг богиносгох, ачаа эргэлтийг сайжруулах нэг том гарц бол далайн боомтын эх газрын үргэлжлэл болох хуурай боомтыг байгуулж, төмөр зам болон авто тээвэр зэрэг эх газрын тээвэрт хүрэлцэж ирэх боломжтой. Ингэснээр тээвэрлэлтийн хугацаа ч богино болно, өртөг зардал буурна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд шийдвэр гаргаж, нийт найман байршилд хуурай боомт байгуулахаар болсон. Эхний ээлжинд Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төв, хуурай боомт байгуулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна.
-Боомт байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байгаа бол?
-Концессийн гэрээ буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу хөрөнгө оруулах уу, олон улсын зээл тусламж байх уу зэрэг олон хувилбараар хөрөнгө оруулалтыг ярьж байна.
-Хуурай боомт байгуулах найман байршлын талаар дэлгэрүүлбэл?
-НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм эдийн засгийн комиссын хэлэлцээрт нэгдэн орсон орнуудын хувьд 269 байршилд хуурай боомт байгуулна гэж тусгасан байдаг. Манай улсын хувьд төвийн коридор буюу Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлд Улаанбаатар, Сайншанд, Хөшигийн хөндий зэрэг таван байршилд, зүүн тийш Бичигт-Чойбалсан чиглэлд хоёр, баруун чиглэлд буюу Ховдод нэг хуурай боомт байгуулахаар тусгасан.
-Эдгээр боомтууд бий болсноор ачаа эргэлт, тээврийн салбарт үзүүлэх хамгийн гол ач холбогдол юу байх вэ?
-Ингэж бүсчилж хуурай боомт байгуулах болсны гол ач холбогдол нь нэг талаар хоёр хөршийн дэд бүтцийг түшиглэх, нөгөө талаар хоёр хөршийн гадаад болон тээврийн бодлоготой уялдуулж байгаа юм. Одоогоор манай улс зөвхөн Номхон далайгаар ачаа бараагаа авдаг бол баруун коридороор дамжиж Төв Азийн орнууд, Пакистанаар дамжиж Энэтхэгийн далайд, булангийн орнуудад хүрэх боломж нээгдэх юм. Мөн Турк, Иранаар дамжиж Газар дундын тэнгист хүрэхээр зорьж байна.
-Монгол талаасаа бэлтгэл ажил багагүй явагдаж байгаа юм байна. Тэгвэл хоёр хөрштэй яриа хэлэлцээ ямар шатанд яваа бол?
-Манай улс далай ашиглахтай холбоотой олон улсын 31 конвенц, протоколд нэгдэн орсон байдаг. Далай ашиглах тухай хуулийг Их хурал мөн баталсан. Энэ гэрээ конвенц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны харьяанд Далайн захиргааны газар ажилладаг. Манай улс далайд гарцгүй хэдий ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийг сүүлийн 20 жилд хийж байна. Энэ хугацаанд 4000 гаруй хөлөг онгоцыг бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн далбаа бүхий 272 хөлөг онгоц эх далайд худалдааны эргэлт, далайн тээврийн салбарт хувь нэмрээ оруулаад явж байна. Эдийн засаг улам хөгжихийн хэрээр цаашид Үндэсний хөлөг онгоцны баг, компанитай болох, ингэснээр ачаа тээврээ өөрсдийн компаниар дамжуулан авчрах өөдрөг ирээдүйг хүлээж байна. Мэдээж далайн тээврийн өөрсдийн багтай болсноор манай улс мал аж ахуй, хөдөө аж ахуйн экспортын бүтээгдэхүүнээ хямд өртгөөр гуравдагч зах зээл рүү гаргах нөхцөл бүрдэх юм. Мөн манай байгууллагын хувьд өөрсдийн зардлаа бүрэн хариуцахын зэрэгцээ улсын төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Далайн тээврийн салбарын хувьд төдийлөн их биш ч гэсэн тодорхой хэмжээгээр орлого олж байгааг бас дурдах нь зүйтэй. Бид энэ жилдээ 3,5 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж төсөвлөснөөс он дуусахад сар гаруйн хугацаа дутуу байгаа ч энэ тоо биелчихсэн явж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (7209)