Баатарын НЯМСҮРЭН

 

Хуудсыг нь сөхөөд унших бүрт шинэ бодол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа хөдөлмөрийн шимээр бүтсэн ном бүр  үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буланд  “Араатан” номын орчуулагч Б.Нямдоржийг урилаа.

 

"Planeta"-ийн оны шилдэг номоор шалгарчээ

 

-Би “Араатан” зохиолыг Испани хэлнээс орчуулж уншигчдад хүргэсэн. Ер нь нэг бүтээлийг 5-6 сар орчим хугацаанд орчуулдаг. Харин “Араатан” ном мэндлэхдээ долоон сарын хугацаа шаардсан. Гэхдээ дунд нь бага зэрэг завсарласан үе бий. Энэ ном нь Испанийн томоохон хэвлэлийн газар болох "Planeta"-ийн 2021 оны шилдэг номоор шалгарсан байдаг. Гурван зохиолчийн хамтын бүтээл гэдгээрээ онцлог. “Араатан” номыг уншсан хүмүүс эерэг сэтгэгдэл илгээж байгаа. Тухайлбал, нэрэндээ тохирсон сонирхолтой бүтээл байна гэж дүгнэдэг. Үйл явдал нь таатай бус ч салж чадахгүй уншиж дуусгасан гэж ярих хүн олон. Уншигчдын сэтгэгдлээс сайхан бүтээл орчуулснаа ойлгож урам авдаг. Орчуулагч хүн монгол хэлээ сайн эзэмшсэн байхаас гадна тухайн улсын хэлийг тултал эзэмших нь чухал.

 

Триллер зохиол

 

-Зохиолд 1830 оны Испани, Мадрид улсын талаар өгүүлнэ. Тухайн үеийн нийгмийн амьдрал гарах ба испаничууд хаан ширээгээ булаацалдаж иргэний дайн өрнүүлж байсан түүх гардаг. Огцом эргэлттэй зохиол гэж онцолмоор байна. "Араатан" номноос испанийн түүхийг мэдэх боломжтой. Уншигчдыг догдлуулж түгшээдэг, үйл явдал нь сонирхол татдаг сайн зохиолыг триллер гэдэг. Энэ шаардлагыг хангасан зохиолын нэг бол "Араатан". 

Аймшигтай тахал дэгдэж, сэргэж ядаж байсан хот дахин үймж бужигнана. Гэвч иргэдийг айлгаж буй зүйл нь тахал биш. Хотын захын хорооллоор мөчлүүлсэн охидын цогцос олдох ба хэн ч тэднийг нэхэж, хайхгүй. Араатан энэ хэргийг үйлдсэн гэж ярих боловч түүнийг харсан хүн байдаггүй. Клара сураггүй алга болж эгч Лусия нь өрөөсөн нүдэт цагдаа Доносо, тууштай сэтгүүлч Диего нарын хамт дүүгээ хайж олохоор эрэлд гарна. Замд нь ламтны дүр эсгэсэн дайчин эр Томас Агирре таарч олон аймшигт хэргийн учиг ээдрээг тайлахад тусална. "Араатан" хэмээх нэрийн цаана нуугдаж байгаа, толгойноос салахгүй сэтгэлийг түгшээж байгаа цор ганц зүйл нь айдас.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 223 (7208)