Б.Алтангэрэл
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт "Шинэ уужим орд" компанид уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноор экологийн тэнцвэр алдагдаж буй талаар орон нутгийн “Баянмөнх хайрхнаа хамгаалах Тэгш ширээ иргэдийн холбоо ТББ”-аас мэдээлэл хийлээ. Тус сумын Баян баг нь сумынхаа нутаг дэвсгэрийн талыг хамардаг. Энэхүү багт байрлах уул уурхайг тойрсон долоон худаг, хоёр булаг бий. Гэтэл уул уурхайн зохисгүй олборлолтой холбоотойгоор ус, бэлчээрийн цөм хэсэг унаган төрхөө алдах нөхцөлд хүрээд байгаа аж. 2019 оноос эхлэн нутгийн иргэд ус, бэлчээрээ хамгаалахын төлөө тэмцэх хөдөлгөөн өрнүүлсэн ч байгаль орчны байцаагч, дарга удирдлагууд нь ирж иргэдэд торгуулийн арга хэмжээ авч, хүчин мөхөстүүлдэг байна. “Археологийн хайгуул, судалгаа хийхгүйгээр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэдэг. Гэтэл “Шинэ уужим орд” кампани нь 2018 онд ашиглалтын зөвшөөрөл авахдаа мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгээгүй. Тухайн үед Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Дашцэвэг тухайн кампанид давуу байдал олгосон” гэж экологич Д.Туяа хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбайд малчид, экологич, ТББ хамтран экологийн тэнцвэр алдагдах магадлал, соёлын үнэт өв, дурсгал зэргийг тогтоох тандалт судалгаа хийсэн аж. Судалгаагаар хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр байгааг олж илрүүлжээ. Тиймээс сумын Соёлын төвтэй хамтран улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулах хүсэлт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn