ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Монголчуудын далай хэмээн нэрийдэж ирсэн Хөвсгөл нууран дээр хамгийн анхны усан онгоц 113 жилийн өмнө хөвж, 1952 оноос эхлэн монгол мэргэжилтнүүд усан замын тээвэрт бие даан явж эхэлсэн түүхтэй. Энэ цаг хугацааг Монгол Улсад үндэсний усан замын тээврийн салбар үүссэн гэж үздэг. Тухайн үед нэг чирэгч, гурван чиргүүл онгоцоор хойд хөршөөс өргөн хэрэглээний бараа, шатах тослох материал болон бусад ачааг Ханх, Хатгал боомтын хооронд тээвэрлэж баруун аймгуудыг хангаж байсан. Мөн Сэлэнгэ мөрнөөр мод бэлтгэл, үр тариа тээвэрлэж байв. Үүнээс хойш усан замын тээврийн салбарын хөгжил зогсолтгүй урагшилж, гадаад их далайг ашиглах, түүн дээр үйл ажиллагаа явуулахад онцгой анхаарч ирсэн. Анх 1966 онд “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай конвенц”-д нэгдсэнээс хойш өдгөө далайн салбарын 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн ороод байна. Харин дотооддоо 1999 онд Монгол Улс Далай ашиглах тухай бие даасан хуулиа соёрхож, 20-оод жилийн өмнөөс хөлөг онгоц бүртгэдэг болсноор 2007 онд Далайн захиргаа байгуулагджээ. Монгол Улсын Далайн захиргаа хэмээх айл дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголд хамгийн том нь Сүхбаатар хөлөг онгоцоос эхлээд 200 гаруй усан онгоц, завь бий. Эдгээрийг бүртгэж хянах, жолоодож байгаа хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна байгаль орчноо хамгаалах, зорчигчдын аюулгүй байдалтай холбоотойгоор томоохон нуурууд дээр хяналтын пост, усан зогсоол байгуулж цэгцлэхээр ажиллаж байна.
Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн “Манай байгууллага далай ашиглах тухай олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын далай ашиглах хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Гуравдагч орнуудаас манай улс руу ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь далайн тээврээр дамждаг учраас Далайн тээврийн салбар маш чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтэд, дэлхийн худалдааны салбарт далайн тээвэр гол орон зайг эзэлж цаашид ч эрчимтэй хөгжинө гэж үзэж байгаа. Далайн захиргаа өдгөө хөлөг онгоцны бүртгэл, хяналт, далайн тээвэр, боомт ашиглалт болон хуурай боомт, усан замын тээврийн бүртгэл, хяналтын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хэдийгээр далайд гарцгүй ч хөрш орнуудаараа дамжуулан далайн боомтуудыг ашиглан олон улсын худалдаанд оролцох, ачаа бараагаа илгээх боломж бий. Энэ боломжийг олон улсын гэрээ хэлэлцээрээр манай улсад олгосон. Энэ тал дээр идэвхтэй илүү их хүчин чармайлттай ажиллах үүргийг Далайн захиргааны газар хүлээдэг" гэсэн юм.
Дэлхий нийтэд, дэлхийн худалдааны салбарт далайн тээвэр гол орон зайг эзэлж цаашид ч эрчимтэй хөгжинө гэж үзэж байгаа. Далайн захиргааныхан өнгөрсөн хугацаанд томоохон ажлуудыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн. Ололт, амжилтуудаас нь дурдвал далайн тээвэр, боомт ашиглалтын чиглэлээр БНСУ-тай хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх талаар цогц судалгаануудыг хийжээ. Мөн БНХАУ-ын Жинжоу хотноо төлөөлөгчийн газраа байгуулсан. Цаашид олон улсын худалдааны эргэлтэд хувь нэмэр оруулсан үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болох, байгаль орчинд ээлтэй, зорчигчдод тав тухтай, аюулгүй дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, далайн тээвэр, боомт ашиглалтыг хөгжүүлэх, олон улсын тээвэр логистикийн төвийг байгуулах том зорилт тавин ажиллаж байна.
Далайн захиргааны Захиргаа удирдлагын хэлтсийнхэн хөлөг онгоцны нээлттэй бүртгэл явуулахдаа олон улсын далайн байгууллагатай шууд холбогдон ажиллаж байна. Тэд суралцсаар, олон улсын түвшинд дуу хоолойгоо хүргэсээр байна.
Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ю.Өлзийжаргал “Байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байна. БНСУ, АНУ, Вьетнам, Хятад, Тайландын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тэр дундаа БНСУ-тай боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, бодлогын баримт бичиг боловсруулахад туршлага судлахаар баримт бичиг байгуулаад байна. Салбарын боловсон хүчнийг шат дараатай бэлтгэж байгаа ч дутмаг тал бий. Далайн тээврийн салбар хөгжиж байгаа учраас ирээдүйд хүний нөөцийн эрэлт улам нэмэгдэнэ. Гэтэл салбарыг сонирхоод энэ чиглэлээр суръя, мэргэжил эзэмшие гэдэг нь цөөн байна. Тиймээс төгсөх ангийн сурагчдад боловсролын өдөрлөгөөр дамжуулан мэргэжлээ сурталчилан таниулж байна. Уг нь ШУТИС-ийн харьяа Механик тээврийн коллежид далайн тээвэр логистикийн чиглэлээр сонгоны анги нээсэн ч элсэлт төдийлөн хангалтгүй байна. Оюутан залуучууд маань манай салбарыг сонирхвол гадны хамтын ажиллагаатай орнуудын тэтгэлэг санал болгох боломжтой” гэлээ.
Хөлөг онгоцны бүртгэл хяналтын хэлтсийн дарга Б.Оргил "Манай хэлтэс тусгай системээр их далай дээр аялж буй хөлөг онгоцыг өдөр тутамдаа алсын зайнаас хянаж байна. Ингэхдээ НҮБ-ын хоригтой улс руу ойртож байгаа онгоцуудыг харах, байршил тогтоогчоо салгасан эсэхийг давхар хянадаг. Хэрэв унтраасан бол тухайн онгоцыг зуучилсан агенттай нь холбогдож мэдэгддэг. Хоёр удаа сануулах арга хэмжээ авбал бүртгэлээ цуцлах арга хэмжээ авна. Монгол Улсын бүртгэлд Монгол Улсын болон бусад орны зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэгт харьяалагддаг хөлөг онгоц мөн загас агнуурын хөлөг онгоц бүртгэдэггүй. Харин худалдааны далайн тээврийн хөлөг онгоцнуудыг бүртгэдэг. Хөлөг онгоцны бүртгэлд энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлөөр хөлөг онгоц бүртгэдэг. Одоогийн байдлаар Сингапур, Хятад, Турк, Солонгос, Вьетнам гэсэн 10 гаруй агенттай хамтран ажилладаг байна. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээг 2024 оноос эхлэн цахимаар олгож эхлэхээр ажиллаж байна. Хүмүүс төрийн далбаагаа ашиглууллаа, түрээслүүллээ гэж шүүмжилдэг. Гэтэл улс орны төрийн далбааг түрээслүүлэх тухай ойлголт хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ олгосны дагуу тус улсын онгоц далайд гарахдаа Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхээ авдаг. Олон улсын хууль журмаараа далайд далбаагүй онгоц явдаггүй. Заавал ямар нэг орны далбаан дор үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс аль нэг орны төрийн далбааг мандуулдаг. Монгол Улс бусад орны хөлөг онгоц дээр далбаагаа мандуулна гэдэг нь олон улсдаа цэвэр өрсөлдөөн. Үнэ, тавьж байгаа шаардлага, стандартаараа далайд гарцтай орнуудтай ч өрсөлддөг" гэлээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгсэл 162 байсан бол энэ жил 206, тээвэрлэсэн зорчигчид 2022 онд 38.158, 2023 онд 64.672 болон нэмэгдэж орлого нь 639.288 төгрөг нь 1.513.906 болж өссөн байна.
Далайд гарцгүй ч манай улсын бүртгэсэн хѳлѳг онгоцны даац болон тоо далайд гарцтай зарим оронтой харьцуулахад илүү байна. Мөн энэ жил болсон олон улсын хурал дээр нээлттэй хөлөг онгоцны бүртгэл хийдэг далайд гарцгүй ганцхан орон оролцсон нь Монгол Улс байв. Түүнчлэн далайд гарцгүй орнууд төдийгүй далайд гарцтай зарим улс ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийдэг туршлагыг манайхаас судлах санал тавьсан нь олон улсын хурлын үеэр гадныхныг гайхашруулжээ.
Сүүлийн үед далайн тээврийн үнэ, боомтын ачаалал нэмэгдэхийн хэрээр чингэлэг тээвэр рүү шилжиж байна. Монголд ирж байгаа ачаанууд далайн тээврээр дамжих, боомтууд дээр хоног хугацаа алдаж торгууль тавигдсанаас зардал нэмэгдэж ачаа барааны үнэ өсөх сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнээс сэргийлэх үнэ өртгийг бууруулах нэг гарц нь далайгаар тээвэрлэх хугацааг богиносгох. Энэ хүрээнд далайн боомтын шууд үргэлжлэл хуурай боомтыг Монголд байгуулах юм. НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хэлэлцээрт хуурай боомт байгуулах найман байршлыг тусгажээ. Үүний дагуу Замын-Үүдэд бүс нутгийн тээвэр логистикийн төвийг байгуулж хамгийн анхны хуурай боомтоор зарлахаар бэлтгэл ажил хангаж байгаа аж. Монгол Улс БНХАУ, ОХУ-ын дунд байрладаг геополитик, Ази болон Европыг холбосон хамгийн дөт зам, газар зүйн байршлын хувьд давуу талтай. Өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол Улс газар зүйн байршлын давуу талууддаа түшиглэн олон улсын хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах. Үүний тулд олон улсын хуурай боомтуудын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого зохицуулалттайгаар хөгжүүлэх цаг үеийн шаардлага бий болж байна.
Хуурай боомт, далайн тээврийн хэлтсийн дарга Б.Өлзийбаяр “Олон улсын хуурай боомт нь ачаа барааг нэгтгэж, олон төрөлт хуурай замын тээврээр далайн боомтуудтай холбох замаар алслагдсан бүс нутаг болон далайд гарцгүй улсын далайд гарах гарцыг хөнгөвчлөх үүрэгтэй. Олон улсын худалдаанд гарах нийт зардлын 10 хүртэл хувь нь тариф, 60-90 хувь нь тарифын бус саад тотгор байдаг. Тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, худалдаа, гаалийн дурэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай, тоггвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үндсэн үүргийг хуурай боомт гүйцэтгэж байгаа олон улсын туршлагууд харуулж байна. Монгол Улсад хуурай боомтыг хэрхэн байгуулж болох талаарх судалгаанд үндэслэн далайд гарцгүй, хуурай боомтыг байгуулан амжилттай ажиллаж байгаа Казахстан улсын Хоргос хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Мөн сургалт, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж байна. Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа, төлөвлөлтийг хийх хүрээнд нэн тэргүүнд Замын-Үүд байршилд худалдаа, тээврийн UN/LOCODE авах зорилт тавин ажиллаж байна. Бид Монгол Улсад дэлхийн түвшний үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндсийг тавьж, олон улсын хуурай боомтуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад олон улсын хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.
Усан замын тээврийн бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр “Бүртгэлээ сайн хийвэл эргээд хангалттай хянаж чадна. Усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хянадаг. Мөн Увс, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий аймагт усан замын тээврийн хяналтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрх авсан хяналтын улсын байцаагчид ажилладаг. Тэдэнтэй хамтарч урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байна. Хөвсгөлд 2007 онд хяналтын пост байгуулсан. Тусгай зориулалтын хяналтын завиар эргүүл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Үүнтэй адил Өгий нуур, Хяргас, Ховд бусад том нууруудад хяналтын пост буюу усан зогсоол байгуулахаар ажиллаж байна. Хүний нөөц бололцоотой холбоотойгоор заримыг нь зөөврийн байдлаар байгуулахаас аргагүй. Мөн эдгээр газарт нэгдсэн усан зогсоолтой болгохоор төлөвлөж байна. Хөвсгөлд гэхэд Сүхбаатар хөлөг онгоцны зогсоолын ойролцоо болон Жанхайд усан зогсоол байгуулах боломжтой. Гэхдээ улирлын онцлог болон өртөг зардлаа тооцохоор хөвдөг байдлаар шийдэх боломжтой гэж үзсэн. Зун ашиглаад өвөл хураагаад авчихна гэсэн үг. Зөвхөн зогсоол гээд орхихгүйгээр зорчигчид түр саатах ариун цэврийн өрөө бүхий байгууламжийг давхар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ жил зураг төсөл бэлэн болоод ирэх жил ажил хэрэг болно. Зөвхөн усан замын тээврийн хяналтаар хязгаарлахгүйгээр илүү өргөн хүрээнд ажиллаж байгаа. Стандартын бус хийлдэг завьтай холбоотойгоор хяналт шалгалтаа эрчимжүүлж, нөлөөллийн аян зохион байгуулж байна” гэлээ. Далайн захиргааны чиг үүргийн нэгэн чухал хэсэг ууган салбарын нэг нь Усан замын тээвэр. Өдгөө 110 гаруй жилийн түүхийг бичээд байна. Тэр дотроо усан замын тээврийг бие даан хийж гүйцэтгэж ирсний 70 жилийн ой өнгөрсөн жил тохиожээ. Манай улс Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд батлуулсан. Усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техник ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж www.zms.mn