Ч.ГАНТУЛГА

 

Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадам Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын нэгдүгээр шатанд Улаанбааатар, Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий зэрэг 14 аймгийн 77 яруу найрагч 154 бүтээл ирүүлснээc хоёрдугаар шатанд 30 найрагчийн шүлгийг тэнцүүлсэн юм. Тэдгээр найрагч Ханбогд сумын Соёлын төвийн тайзнаа шүлгээ уншиж, нэгэн үдшийг уран яруу үгээр мялаасан юм. Наадамд оролцсон найрагчдаас онцолбол, “Болор цом”-ын эзэд болох М.Амархүү, Ж.Баяржаргал, М.Отгонбаяр болон Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч В.Нэргүй гээд Монголын утга зохиол, тэр дундаа яруу найргийн ертөнцөд өөр өөринйн өнгө аясыг хэзээний бий болгосон энэ цагийн шилдэг найрагчид шүлгээ уншсан юм.  Ийнхүү "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмын тэргүүн найрагчаар "Говь" шүлгээ уншсан П.Нямлхагва тодорсон юм. Харин хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн найрагч Т.Батхүрэл орлоо. I, II байрт шалгарсан шүлгийг хүргэе.

ГОВЬ

 

Говь,

Арал тэнгис мөхөхөд царцаж үлдсэн

Аварга цулбуур загасны сэрвээ юм

Атан олон тэмээдийн бөхнөөс ойсон

Алтан төгрөг хэлбэртэй нар юм

Дээшээ үзүүргүй цэлийх хөх тэнгэр юм

Доошоо ёроолгүй үргэлжлэх гүн тэнгис юм

Мэл шаргал өнгөөр туналзсан алтан өлгий юм

Нэл цагаан цэцгээр туйлсан амин өөжин юм

Говь,

Улбар сарны дүгрэг дээр эвэр нь сэрийж

Урд хөлөөн өргөн зогсоо ооно юм

Ус анирдаж туурайн чийр гаргасан

Унаган сортоо сэргэг зэрлэг хулан юм

Алс холдоо хярхаггүй цэлийсэн их цэнхэр юм

Амин бодолд хялгасын төдий ч сэвгүй их энхэр юм

Хөрсөн доороосоо гэрэлтсэн их эрдэнийн тохио юм

Өрсөн шатар шиг сүүхийлдэх эгц дээшээ цохио юм

Говь,

Алтан салмайн будраандаа найгалзан ганхах

Аймаг аймаг загийн зандан шугуй юм

Үлгэр домгийн тэртээх алин галавт

Үлэг гүрвэлийн таварсан том мөр юм

Залуу ингэний нүд шиг тод тунгалаг юм

Замбуу тивийн чимэг сод уянгалаг юм

Ертөнцөөс түрүүлж тогтоод бурхныг бүтээсэн шүтээн юм

Ерөөсөө миний бичих гээд огтоос чадаагүй шүлэг юм

Говь, говь, говь.

 

ДЭМЧОГ БУЮУ ДЭЛХИЙН УЛААН САХИУС

 

Би-Догшин хутагтын хувилгаан чанарын хэлбэр

Би-Долоон бурхантай ярилцагч газрын хэл

Би-Дэлхийн цээжин дэх ганц хүрэн мэнгэ

Би-Дэмчог хэмээх нэртэй дэлхийн улаан сахиус аа

Уулс бүхэн тэнгэрт хүрэхийг хүснэм

Угтаа тэнгэр гэгч орой үгүй билээ

Ургасан бүхэн мөнхийн насыг мөрөөдмүй

Угаасаа цаг хугацааг хэнд ч ялагдашгүй билээ

Өлмийд оршигч чулуу бүхэн минь тарнийн үсэгтэй

Өндөрт нисэгч жигүүртэн бүхэн минь бурханы хэлтэй

Өвөрт зүүрмэглэгч гөрөөс бүхэн минь бодь сэтгэлтэй

Өөрт сүсэглэгч хүмүүн бүхэн минь буяны гэрэлтэй

Тэнгэрээс намайг харвал миний дүр

Тэгэлж гортиглосон бурханы мэлмий мэт ээ

Дэргэдээс намайг үзвэл миний дүр

Дэлхийд зүүгээд орхисон тэнгэрийн сахиус мэт ээ

Уул минь нураад дуусах вий гэж

Ургуулж дээш нь босгосон харуул суврага билээ

Ус минь ширгээд дуусах вий гэж

Уншлага шингээн бүтээсэн босоо судар билээ

Ган болоход тэнгэрийн хурийг дуудаж

Галбын говийн заяаг дааж оршдог оо

Гай тохиоход зовлонгын үүдийг хааж

Газрын дээрх хүмүүний үйлийг түшиж зогсдог оо

Нүгэлээ наминчлагч хүмүүний үрд

Нигүүлсэл хийгээд өршөөхүйн үрэл өгмүй би

Нуган үр гуйгч хүмүүний хүслэнд

Нэхий хөдсөнд торнигч баатар хөвүүн өгмүй би

Манан буух цагаар тэнгэртэй уулзаж

Магад дэлхийн хувь заяаны тухай ярилцдаг

Марал мичид тохиох үеээр сансарт гарч

Маргаашийн нарыг та нарт авч ирдэг ээ

Орчлонд оршихуйн их шалтаг надад байна

Одод эрхэстэй дэлхийг холбож амьдарнам

Огоорч гээхүйн их ухаан хүмүүнд байна

Одох хийгээд ирэхдээ дэлхийг цоцоож сэрээнэм

Тулгандаа нарыг ноцоож манадаг юмаа би

Тэргүүндээ тэнгэрийг ороож мацдаг юмаа би

Тэрлэгэндээ од эрхэсийг хормойлж түүдэг юмаа би

Тэгэхлээр гарцаагүй би Дэлхийн сахиус аа

Би-Догшин хутагтын хувилгаан чанарын хэлбэр

Би-Долоон бурхантай ярилцагч газрын хэл

Би-Дэлхийн цээжин дэх ганц хүрэн мэнгэ

Би-Дэмчог хэмээх нэртэй дэлхийн улаан сахиус аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)