Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх орны хөрсөнд ургасан, баталгаат хүнс хэрэглэх хэрэгцээ өндөр байдаг билээ. Гэтэл утаанаас хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг энэ удаа хөндөн сурвалжиллаа. 
Пестицид нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалдаг химийн аргаар гаргаж авсан цацлага юм. Хүнсний ногоо, жимс жимсгэнийн төрлөөс хамаарч пестицидийн төрлийн бодис тариалалтад  хэрэглэх тун, хэмжээг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байдаг. Гэвч  манай улс бодлогын хэмжээнд тэр бүр хэрэгжилтийг нь хянах нөөц боломж хомс байна. 

Тариалан эрхлэгчид химийн бодистой харьцах үедээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, хэрэглэх зааврыг мөрдөн ажилладаггүй зэрэг дутагдал нь асуудал дагуулсаар байгаа юм.  Пестицидийг хэзээ, хэн, ямар нөхцөлд яаж хэрэглэх талаарх заавар, журмыг сайтар мөрдөж ажилласан тохиолдолд хэрэглэгчдэд очих хүнсэнд агуулагдах пестицидийн үлдэгдэл хэмжээ үлэмж бага байдаг байна.

Хэдийгээр төрөл бүрийн пестицидүүд нь ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд асар их ач тустай боловч буруу хэрэглэвэл хүн болоод амьтны бие махбодод хуримтлагдаж, хордуулах, бамбай булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулдгаас гадна төрөлхийн эмгэг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэг сүүлийн үед эрс ихсээд буй өвчний нэг шалтгаан болдог нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ.

 

Улсын хэмжээнд итгэмжлэгдсэн нэг л лабораторитай

 

Одоогоор манай улсын хэмжээнд ганцхан лаборатори үйл ажиллагаа явуулж байна.  Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь пестицидийн үлдэгдэл тодорхойлох итгэмжлэгдсэн зөвшөөрөлтэй шинжилгээ хийдэг ганц байгууллага юм. Энэхүү лаборатори шинжилгээ хийдэг хоёр л төхөөрөмж байдаг аж.

Импортоор орж ирж байгаа хүнсэнд пестицидийн үлдэгдлийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж  пестицидийн агууламжийг нь тодорхойлсны дараагаар оруулж ирэх шаардлагатай байдаг. Гэтэл зарим импортлогч байгууллага пестицидийн үлдэгдэл тодорхойлох, шавжийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэг бол компаниас шаардлага тавиагүй тохиолдолд шинжилгээ хийлгэдэггүй байна.

Манайд пестицидийн үлдэгдлийн шинжилгээгээр хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд гарсан ч хяналт тавих байгууллага,хууль эрх зүйн орчин байхгүй.

 

Тариалан эрхлэгчид химийн бодистой харьцах мэдлэг дутмаг байна

 

Манай тариалан эрхлэгчид пестицидийн төрлийн бодис буруу хэрэглэх, тун хэтрүүлдэг, хугацаа алддаг зэрэг мэдлэг муутайгаас үүдэлтэй олон асуудал дагуулж байна.

Судалгааны ажлын хүрээнд хөдөө орон нутгийн бичил тариалан эрхлэгч нартай хамтран үнэ төлбөргүй шинжилгээ хийж өгөх хүсэлтэй байдаг. Том тариалан эрхлэгч нар гадагшаа гаргах гэж буй экспортын бүтээгдэхүүнд өөрсдийн сайн дураар шинжилгээ хийлгүүлдэг. Бусад тариалан эрхлэгчид албан ёсоор шинжилгээ хийлгэдэг байдал хараахан бий болоогүй байна. Тариаланчид нь пестицидийн дээж авч байна шинжилгээ хийлгээч гэхээр сөргөөр хүлээж авдаг. Томоохон тариалан эрхлэгч кампаниуд нь харьцангуй мэдлэг мэдээлэлтэй, пестицидийн үр нөлөө, ашигт байдлыг мэддэг. Гэтэл хувиараа тариалан эрхлэгч, жижиг талбай эзэмшигчид мэдлэг тааруу байна. Хуучин Мэргэжлийн хяналтын байгууллага нь татан буугдаж, хүнсний аюулгүй байдал хяналтгүй намирч байгаагийн нэг жишээ нь энэ юм.

 

Бид баталгаат хүнс хэрэглэж чадаж байна уу

 

Хятадаас хувь хүмүүс нууцаар, албан ёсны зөвшөөрөлгүй, юу гэдэг нь мэдэгдэхгүй бодис оруулж ирдэг. Үүнд юу агуулагдсан эсэх, хэрхэн хэрэглэх зааваргүй бодис бичил худалдаа эрхлэгчид худалдаалдаг. Тариалан эрхлэгчид үнэ хямд, олдоц сайтай учир эдгээр бодсыг худалдан авч нэгнээс нэгэнд ам дамжсан байдлаар тогтсон заавар, зөвлөмжгүйгээр хэрэглэх байдал их байна. Гэтэл бидний ойлгодог өрхийн тариалангийн “Эко бүтээгдэхүүн ” гэх нэршил дор хяналт шалгалт хийгдээгүй, ямар бодис агуулсан нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгдэж байна уу гэх хардлага төрөхөөс аргагүй юм.

Тухайлбал тариалан эрхлэлт эхлэх цагаар Дарханы ногооны зах дээр очоод үзвэл жижигхэн савтай төрөл бүрийн ургамал тариалалтад зориулсан гэх бодисууд зарж байдаг. Очоод “Энэ юу вэ” гэхээр ногооны болцыг түргэсгэж, хурдан ургуулах зориулалттай хэмээдэг. Тариалан эрхлэгч нар ам дамжсан яриагаар сайн гэсэн бодисыг авч хэрэглэж байгаа нь асуудал дагуулж байна. Мөн Зүүнхараа дээр пестицидийн төрлийн бодис зориулалтын савнаас өөр ундааны саванд граммаар, литрээр зарж байна. Хаяг шошго, заавар, зөвлөмж гэх зүйлгүйгээр химийн хортой бодисыг дэлгүүрийн лангуун дээр дур мэдэн зардаг. Гэтэл химийн хорт болон аюултай бодис нь зориулалтын сав,баглаа боодол, стандартын шаардлага хангасан хаяг, шошготой байна гэж заасан байдаг. Пестицидийн тухай ийм л ойлголттой хүмүүс бидний эрүүл мэндэд өнөөдөр заналхийлж байна. Үүнийг өрхийн тариалангийн эко бүтээгдэхүүн гээд зараад байдаг.

Тариалан эрхлэлтэд пестицидийн төрлийн бодис хэрэглэсэн бол 14 хоногийн дараа хураах ёстой гэсэн ерөнхий дүрэм байдаг ч баримталдаггүй. Нэг га талбайд тогтсон хэмжээ тунг тааруулахгүй, пестицидийн төрлийн бодис хэрэглэх давтамж ойр зэрэг бидний мэдэхгүй  хууль бус асуудал олон байна. Эцсийн үр дүн хэрэглэгч ард түмэнд нөлөөлж хорт хавдрын олон шалтгаант өвчлөлийг бий болгож байна. Хяналт маш сул байна. Тариалан эрхлэгч нар сайн дураар пестицидийн шинжилгээнд хамрагдахаас бусдаар ямар ч хяналгүй яваад байна” гэдгийг  Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн ч ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)