Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

Зууны мэдээ сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Лайк фарм” компанийн гүйцэтгэх захирал, Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн, зөвлөх Г.Батжаргалыг урьж, ярилцлаа.

 

-Зам дагуух үйлчилгээ гэдэг манай улсын хувьд шинэ тутам ойлголт. Ялангуяа бизнесийнхэнд нэлээд хүч шаардах салбар гэх юм. Танай компани хэзээнээс энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ?

-Манай компани Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хамтран ажилласан. Бид эм, эмнэлгийн хэрэгслийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Замын дагуух үйлчилгээний салбар руу орох болсон шалтгаан маш энгийн.

Нэгэнт төр бодлогоор дэмжин аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт тавьж байгаа бол бизнесийнхэн ч ялгаагүй гар бие оролцох хэрэгтэй. Тиймээс л зам дагуух үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хүргэхээр зорьж байгаа залуустай хамтарч ажиллахаар болсон юм.

Олон улсад зам дагуух үйлчилгээний газруудад эм ханган нийлүүлэх байгууллагын үйлчилгээ байдаг. Үүнийг хийхэд тусгай зөвшөөрөл болоод зориулалтын байгууламж шаардагдахгүй. Мэдээж энд тодорхой дүрэм, журмыг мөрддөг. Тухайлбал, жоргүйгээр олгодог эмийн бүтээгдэхүүнийг зам дагуух үйлчилгээний цогцолборуудаар дамжуулан борлуулдаг. Тухайн бүс нутгийнхан болоод зам зуурын зорчигчид өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай эмийг авч хэрэглэдэг соёлтой юм билээ. Манай улсын хувьд эмийн сангийн үйлчилгээ үзүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл шаардагдана. Мөн мэргэжлийн эмзүйч ажиллах шаардлага ч тавигдана.

Тэгэхээр бид Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран бусад улс орнуудад байдаг жоргүй эмийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх соёлыг нэвтрүүлэхийг зорьсон. Нөгөөтэйгүүр замын дагуух үйлчилгээний цогцолборууд дэлхийн жишигт нийцэхийн хэрээр үйлчилгээ ч мөн олон улсын жишигт нийцсэн байх шаардлагатай гэж хардаг. Үүний тулд бид өөрсдийн хийж чадах бүхий л зүйлийг хийхийг зорьж байна.

-Тэгвэл зам дагуух үйлчилгээний цогцолборуудад эмийн сан гэхээс илүүтэй жоргүйгээр олгогддог эм, эмнэлгийн хэрэгслийг супермаркетаар дамжуулан борлуулах боломжтой гэсэн үг үү?

-Нэг үгээр хэлбэл, тийм. Жоргүйгээр олгодог эмийг супермаркетаар дамжуулан борлуулах, түүнийг авч хэрэглэх соёлд суралцах зайлшгүй шаардлага бий. Учир нь Япон, Солонгос, Хятад орнуудын зам дагуух үйлчилгээний цогцолборуудад байрлах дэлгүүрт жоргүйгээр үйлчилдэг эмийг борлуулдаг. Бусад улс орны хүмүүс эмийн соёлтой хэрэглээтэй байж болж байна шүү дээ. Монголчууд ч эмийн зөв зохистой хэрэглээнд суралцаж, дадал болгох цаг нь болсон.

Магадгүй зам дагуух цогцолборууд олон улсын жуулчдад таалагдах хэмжээний үйлчилгээтэй болох тэр цагт эм, эмийн бүтээгдэхүүний борлуулалт нь мөн ялгаагүй олон улсын жишигт нийцсэн байх нь чухал. Тиймээс жоргүй эмээр үйлчлүүлэх соёлд суралцуулах нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийнхний хийх нэг ажил юм.

-Манай улсын бүхий л салбарт боловсон хүчний дутагдал тулгамдаж байна. Тэгэхээр зам дагуух цогцолборуудад үйлчилгээ эрхлэхийн тулд мэргэжлийн ажилтан, ажлын нөхцөл гээд шийдвэрлэх асуудлууд тулгарч байна уу?

-Хамгийн гол нь зам дагуух цогцолбор ямар түвшинд ажиллах боломжтой вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Үүний тулд цогцолборт бүхий үйлчилгээ багтсан байх учиртай.

Цогцолборуудад эмийн сан ажиллуулахын тулд улсынхаа стандарт шаардлагад нийцсэн байрнаас гадна эмийг худалдан борлуулах эмзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллах мэргэжлийн боловсон хүчний хомсдол бизнесийнхний “толгойн өвчин” гэж болно.

Нөгөөтэйгүүр, зам дагуу ямар эмийг худалдаалж болох вэ. Цаашид ямар байдлаар ажиллах вэ гэдгийг тодорхойлох шаардлага үүсч багаа юм. Түүнчлэн эмийн сангийн үйлчилгээний стандартад нийцсэн барилга байгууламж байх уу. Эсвэл тухайн цогцолборын барилгаас үйлчилгээний талбай авч ажиллах уу гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй.

-Эм, эмийн бүтээгдэхүүнүүд бүгд тодорхой хугацаатай байдаг. Нэн ялангуяа хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой учраас хадгалалт, хамгаалалт гээд зайлшгүй анхаарах зүйлс бий болов уу?

-Зам дагуух үйлчилгээ гэдэг шинэ тутам үүсч байгаа учраас бид өөрсдийн нөөц бололцоогоор эмийн сангийн үйлчилгээг нэвтгүүлэхээр ажиллаж байгаа. Мэдээж онцгой бүтээгдэхүүн учраас хадгалалт, хамгаалалт гээд байнга хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн. Үүнд эмийн хугацаа дуусах асуудал ч хамаарна. Зам дагуух цогцолборт үйлчилгээ эрхлэх нь манай салбарынхны хувьд нэлээд эрсдэл дагуулсан ажил. Нэгэнт бизнес эрхэлж байгаа бол эрсдэлээ даах чадвартай байх ёстой гэж боддог. Тиймээс хугацаа дууссан эмийг эргүүлэн татаж устгалд оруулах ажлыг ч бид хийнэ.

Хэдийгээр шинэ тутам салбар боловч үйлчилгээг нэвтрүүлэх нь бизнесийнхний нийгмийн хариуцлага гэж болно. Тэгэхээр бид эрсдэлтэй хугацаагаа даван туулсны дараа цогцолборын үйл ажиллагаа тогтмол эргэлттэй болох боломж бий.

-Замын дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой байр суурийг эзэлнэ. Үүний тулд төрийн болоод бизнесийн оролцоо ямар түвшинд байх хэрэгтэй вэ?

-Шинэ тутам үйлчилгээ эрхлэх бизнесийнхний хувьд хөрөнгийн эх үүсвэрээс эхлээд тулгарах асуудал бий. Тиймээс төр бодлогын шийдвэр гаргахын сацуу бизнесийн зээл олгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Мэдээж энэ нь тодорхой цаг хугацаатай бөгөөд замын дагуух үйлчилгээний салбар хөгжих суурь гэж болно. Нэгэнт хөгжил нь тодорхой түвшинд хүрч, хүмүүсийн байнгын үйлчлүүлдэг цэг болохын зэрэгцээ тэнд үйлчилгээ үзүүлэгчдийн бараа, үйлчилгээний эргэлт сайжрах нь бизнесийн дараагийн шат руу алхаж байгаа гэсэн үг. Үүний тулд нь энэ салбарт ажиллагсад хичээж байгаа юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)