П.АМГАЛАН

Хаягжилтыг сайжруулах хүрээнд  гэрийн хаягаа хурдан, зөв зааж өгөх боломжтой  "What3words" аппликейшны дагуу СБД-ийн 18 дугаар хороог бүрэн хаягжуулсан байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.  Тэрбээр  "Ертөнцийн зүгээр гэрийнхээ хаягийг заадаг улс дэлхийд үлдсэнгүй. Хаягжилтын хуулийг батлахаар БХБЯ, ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ялангуяа гэр хороололд хаягийг тодорхой болгох нь хугацаа тулсан ажил болчихлоо. Учир нь, хаягаа тодорхой болгож чадаагүйгээс болоод бид хүүхдээ хамгаалж чадахгүйд хүрч байна. Хүүхдүүд яаралтай үед хаягаа зааж өгөх гэхээр тодорхой зааж чаддаггүй.  Мөн энэ нь зөвхөн нийслэлийн асуудал биш. Хөдөө орон нутагт хаяг нь тодорхойгүй байршлууд бий. Жишээлбэл, Хөвсгөлийн Цаатангуудын амьдарч байгаа газар хаяггүй. Тиймээс гурван үгт хаягийг хэрэглэж хэвших хэрэгтэй байна.

“What3words” буюу гурван үгт хаягийн гол онцлог нь юу вэ гэхээр 60 гаруй орны хэлээр орчуулагдсан. 2012 онд Лондонд анх туршиж үзсэн дэлхийн хаяг. Бид нар энэ хаягийг монголдоо хэвшүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлын хашаан дээр гурван үгт хаягийг хадсан байна.  Хүн болгон гэрээсээ гарч ирээд “what3words” апплейкшн руу нэвтэрч, таны хаяган дээр тохиолдлын ямар гурван үг гарч ирж байгааг хараад хаягаа төвөггүй заах боломж бүрдэж байна. Энэ гурван үг "Emongolia-тай бүрэн холбогдсон. Хүүхдүүд яаралтай үед Ekids-ээрээ ороод ганцхан товчлуур дарахад энэ гурван үгт хаягаар  цагдаагийн байгууллага хурдан шуурхай мэдээллийг авах боломжтой" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn