Сүрнээгийн УЯНГА
Монголчууд бидний далай хэмээн нэрийдэж ирсэн Хөвсгөл нууран дээр хамгийн анхны усан онгоц тэртээх 113 жилийн өмнө хөвж, 1952 оноос эхлэн Монгол мэргэжилтнүүд усан замын тээвэрт бие даан явж эхэлсэн түүхтэй. Энэ цаг хугацааг Монгол Улсад үндэсний усан замын тээврийн салбар үүссэн гэж үздэг. Тухайн үед нэг чирэгч, гурван чиргүүл онгоцоор хойд хөршөөс өргөн хэрэглээний бараа, шатах тослох материал болон бусад ачааг Ханх, Хатгал боомтын хооронд тээвэрлэж баруун аймгуудыг хангаж байсан төдийгүй Сэлэнгэ мөрнөөр мод бэлтгэл, үр тариа тээвэрлэж байв. Үүнээс хойш усан замын тээврийн салбарын хөгжил зогсолтгүй урагшилж, гадаад их далайг ашиглах, түүн дээр үйл ажиллагаа явуулахад онцгой анхаарч ирсэн бөгөөд анх 1966 онд “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай конвенц”-д нэгдсэнээс хойш өдгөө далайн салбарын 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн ороод байна. Олон улсын далайн тээврийн гол баримт бичгүүдэд нэгдэж түүнийгээ хэрэгжүүлнэ, эргээд тайлагнана гэдэг ялангуяа манайх шиг далайд гарцгүй орнуудын хувьд том сорилт бас мэргэжлийн ур чадвар амжилт юм.
Харин дотооддоо 1999 онд Монгол Улс Далай ашиглах тухай бие даасан хуулиа соёрхож, 20-иод жилийн өмнөөс хөлөг онгоц бүртгэдэг болсноор 2007 онд Далайн захиргаа байгуулагдав. Урьд нь АТҮТ-ийн бүтцэд цөөн хүнтэй хавсарга байдлаар ажиллаж байсан энэхүү байгууллагын ач холбогдол, хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр өнөөдөр 30 гаруй хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, ажлаа Зам, тээврийн хөгжлийн яаманд тайлагнаж байна.
Далай бол хэний ч эзэмшил биш. Харин тэнд Монгол Улсын төрийн далбаа мандаж байна гэдэг тусгаар тогтносон орны хувьд нэр төрийн хэрэг. Тиймдээ ч дэлхийн худалдааны 90 гаруй хувийг эзэлсэн гол зангилаа болж байгаа далайн тээврийн үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож байна. Үүгээрээ нүүдэлчин соёлтой монголчуудад цоо шинэ салбар болох далайн тээвэрт хүч үзэх нь онцгой ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, манайх шиг далайд гарцгүй орны хувьд их далайд “зам” гаргаж бараа бүтээгдэхүүнээ экспортолж, импортлох нь нэн тэргүүний зорилт юм. Энэ том зорилтыг нуруун дээрээ үүрч яваа Далайн захиргааны хамт олныг “Тээврийн долоо хоног” тэмдэглэлт өдөртэй холбогдуулан “Зууны мэдээ” сонин сурвалжиллаа.
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ЗАНГИЛАА ДАЛАЙН ТЭЭВРИЙН САЛБАР МОНГОЛД
Далайн захиргаа өдгөө хөлөг онгоцны бүртгэл, хяналт, далайн тээвэр, боомт ашиглалт болон хуурай боомт, усан замын тээврийн бүртгэл, хяналтын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хэдийгээр далайд гарцгүй ч хөрш орнуудаараа дамжуулан далайн боомтуудыг ашиглан олон улсын худалдаанд оролцох, ачаа бараагаа илгээх боломж бий. Энэ боломжийг олон улсын гэрээ хэлэлцээрээр манай улсад олгосон. Энэ тал дээр идэвхтэй илүү их хүчин чармайлттай ажиллах үүргийг Далайн захиргааны газар хүлээдэг. Энэ чухал салбарыг удирдаж буй хүн бол Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн юм. Тэрбээр “Манай байгууллага далай ашиглах тухай олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Гуравдагч орнуудаас манай улс руу ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь далайн тээврээр дамждаг учраас далайн тээврийн салбар маш чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтэд, дэлхийн худалдааны салбарт далайн тээвэр гол орон зайг эзэлж цаашид ч эрчимтэй хөгжинө гэж үзэж байгаа. Манай хамт олон өнгөрсөн хугацаанд томоохон ажлуудыг амжилттай үр дүнтэй хэрэгжүүлсэн. Ололт, амжилтуудаасаа дурдвал, далайн тээвэр, боомт ашиглалтын чиглэлээр БНСУ-тай хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх талаар цогц судалгаануудыг хийлээ. БНХАУ-ын Жинжоу хотноо төлөөлөгчийн газраа байгуулсан. Цаашид олон улсын худалдааны эргэлтэд хувь нэмэр оруулсан үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болох, байгаль орчинд ээлтэй, зорчигчдод тав тухтай, аюулгүй дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, далайн тээвэр, боомт ашиглалтыг хөгжүүлэх, олон улсын тээвэр логистикийн төвийг байгуулах зэрэг томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийг Улаанбаатарт бие даан хийж байгаа нь олон улсад сайн жишиг болж байгаа. Нуур гол бүхий аймгуудад усан замын тээврийн бүртгэл, хяналт хийж жил бүр аюулгүй байдлыг нь хангахад анхаардаг. Ази Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комиссоос баталсан Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэж орсон. Энэ дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд хуурай боомт байгуулах ажлыг ахалж байгаа учраас Далайн захиргаа энэ ажлыг хариуцаж байна” гэлээ.
Монгол Улс зөвхөн Номхон далайгаар дамжуулж ачаа бараагаа илгээх, хүлээж авах биш баруун чиглэлд Энэтхэгийн далайгаар худалдаа наймаанд оролцох алсын хараатай байгаа аж. Далайд гарцтай болох нэг томоохон даваа нь боловсон хүчний асуудал. Ингэж далайн тээврийн “аварга” зах зээлд боловсон хүчин нийлүүлэх, хөлөг онгоцон дээр ажиллах баг бүрэлдэхүүнтэй болох нь хамгийн чухал юм. Тэгвэл манай улс далайн тээврийн чиглэлээр 20 орчим мэргэжилтэн бэлтгэсэн нь эх орондоо ажиллаж байна. Гэтэл өнөө хэр боловсон хүчин дутмаг, цаашид ч салбар хөгжихийн хэрээр эрэлт хэрэгцээ илүү их нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа аж. Энэ талаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ю.Өлзийжаргал “Байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байна. Солонгос, АНУ, Вьетнам, Хятад, Тайланд улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тэр дундаа БНСУ-тай боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, бодлогын баримт бичиг боловсруулахад туршлага судлах зэрэг хэд хэдэн чиглэлээр баримт бичиг байгуулаад байна. Салбарын боловсон хүчнийг шат дараатай бэлтгэж байгаа ч дутмаг тал бий. Далайн тээврийн салбар хөгжиж байгаа учраас ирээдүйд хүний нөөцийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ. Гэтэл салбарыг сонирхоод энэ чиглэлээр сурья, мэргэжил эзэмшие гэдэг нь цөөн. Тиймээс төгсөх ангийн сурагчдад боловсролын өдөрлөгөөр дамжуулан мэргэжлээ сурталчилж таниулж байна. Уг нь ШУТИС-ийн харьяа Механик тээврийн коллежид далайн тээвэр логистикийн чиглэлээр сонгоны анги нээсэн ч элсэлт төдийлөн хангалтгүй байна. Оюутан залуучууд маань манай салбарыг сонирхох юм бол гадны хамтын ажиллагаатай орнуудын тэтгэлэг санал болгох боломжтой” гэлээ.
Монгол Улс далайн салбарын олон улсын хурлыг зохион байгуулах, бусад орнуудын өмнө илтгэл хэлэлцүүлэх, санал солилцох зэргээр далайд гарцгүй орон хэрхэн үр дүнтэй ажиллаж болдог талаар бүс нутагтаа үнэлэгдэж, гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Үүний нэг жишээ нь их далай дээр аялж буй Монголын далбаатай хөлөг онгоцыг яаж хянаж олон улсын хориг зөрчихгүйгээр ажиллаж байна вэ гэдэг талаар Олон улсын далайн байгууллагын гишүүн орнууд манайд сайшаалтай ханддаг гэнэ. Ялангуяа, хөлөг онгоцны нээлттэй бүртгэл, хяналттай холбоотойгоор туршлага судлах санал хүсэлт ч иржээ. Эндээс харвал Монгол Улсын Далайн захиргааны үйл ажиллагаа ахиц дэвшилтэй, амжилттай өсөж яваа гэж ойлгож болно. Хөлөг онгоцны нээлттэй бүртгэл явуулахдаа олон улсын далайн байгууллагатай шууд холбогдож ажиллаж байна. Бид суралцсаар, олон улсын түвшинд дуу хоолойгоо хүргэсээр байна гэдгийг Захиргаа, удирдлагын хэлтсийнхэн хэлж байв.
Далайн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд Дэлхийн далайн их сургууль, Олон улсын далайн хуулийн институт болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскoйн нэрэмжит Тэнгисийн их сургууль, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНХАУ-ын Даляны Далайн их сургууль, Далайн шинжлэн ухаан, технологийн институтэд боловсон хүчнийг үе шаттай бэлтгэсээр ирсэн. Төгсөгчид нь салбартаа мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр тэтгэлгээр суралцаж байгаа хүмүүс бий. Гэсэн хэдий ч далайн салбар өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, далайн орчны хамгаалалт, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, далбааны эзэн улсын хяналт, шалгалт явуулах чиглэлээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчний нөөц дутмаг байдал нь Монгол Улсын тулгамдсан асуудал хэвээр байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛСАН 270 ГАРУЙ ХӨЛӨГ ОНГОЦ ИХ ДАЛАЙД АЯЛЖ БАЙНА
Харин өдгөө далайд гарцгүй ч манай улсын бүртгэсэн хѳлѳг онгоцны даац болон тоо далайд гарцтай зарим оронтой харьцуулахад хавь илүү байгаа юм. Мөн энэ жил болсон олон улсын томоохон хурал дээр нээлттэй хөлөг онгоцны бүртгэл хийдэг далайд гарцгүй ганцхан орон оролцсон нь Монгол Улс байв. Энэ мэтээр далайц гарцгүй орнууд төдийгүй далайд гарцтай зарим улс ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийдэг туршлагыг манайхаас судлах саналыг тавьсан нь олон улсын хурлын үеэр гадныхныг гайхшаруулжээ.
Хэдэн жилийн өмнөөс Сингапурт байрлах хамтарсан компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож бие даан Улаанбаатар хотод бүртгэж эхэлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид 4000 гаруй хөлөг онгоц бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 270 орчим хөлөг онгоц их далайд үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд бүртгэгдсэн хөлөг онгоцнууд ихэвчлэн Ази Номхон далайн бүс нутагтаар аялдаг байна. Хөлөг онгоц бүртгэлийн тарифын хувьд 500-аас бага даацтай нэг онгоцноос жилд 2300-аад ам.доллар авдаг. Ийм зарчмаар Далайн захиргааны газар улсын төсөвт ямар нэг дарамт, татаасгүйгээр төсвөө бүрдүүлж иржээ. Тодруулбал, хөлөг онгоцны бүртгэлээс жилд гурван тэрбум гаруй төгрөгийн орлого олж, түүнээсээ 250 гаруй саяыг улсын төсөвт төвлөрүүлдэг аж.
Хүмүүс төрийн далбаагаа ашиглууллаа, түрээслүүллээ гэж шүүмжилдэг. Гэтэл улс орны төрийн далбааг түрээслүүлэх тухай ойлголт хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ олгосны дагуу тус улсын онгоц далайд гарахдаа Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхээ авдаг. Олон улсын хууль журмаараа далайд далбаагүй онгоц явдаггүй. Заавал ямар нэг орны далбаан дор үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс аль нэг орны төрийн далбааг мандуулдаг юм байна. Монгол Улс бусад орны хөлөг онгоц дээр далбаагаа мандуулна гэдэг олон улсдаа цэвэр өрсөлдөөн. Үнэ тариф, тавьж байгаа шаардлага, стандартаараа далайд гарцтай орнуудтай ч өрсөлддөг.
Хөлөг онгоцны бүртгэл хяналтын багийнхан тусгай системээр их далай дээр аялж буй хөлөг онгоцыг өдөр тутамдаа алсын зайнаас хянаж байна. Ингэхдээ НҮБ-ын хоригтой улс руу ойртож байгаа онгоцуудыг харах, байршил тогтоогчоо салгасан эсэхийг давхар хянаж байдаг аж. Хэрэв унтраасан бол тухайн онгоцыг зуучилсан агенттай нь холбогдож мэдэгддэг. Хоёр удаа сануулах арга хэмжээ авах юм бол бүртгэлээ цуцлах арга хэмжээ авдаг юм байна. Сонирхуулахад, Монгол Улсын бүртгэлд Монгол Улсын болон бусад орны зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэгт харьяалагддаг хөлөг онгоц, мөн загас агнуурын хөлөг онгоц бүртгэдэггүй гагцхүү худалдааны далайн тээврийн хөлөг онгоцнуудыг бүртгэдэг ба хөлөг онгоцны бүртгэлд энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг. Одоогийн байдлаар Сингапур, Хятад, Турк, Солонгос, Вьетнам гэх мэт 10 гаруй агенттай хамтран ажилладаг байна. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээг 2024 оноос эхлэн цахимаар олгож эхлэхээр ажиллаж байгаа гэлээ.
НУУРУУДАД ХЯНАЛТЫН ПОСТ, ХӨВДӨГ УСАН ЗОГСООЛ БАЙГУУЛНА
Далайн захиргааны чиг үүргийн нэгэн чухал хэсэг ууган салбарын нэг нь Усан замын тээвэр. Өдгөө 110 гаруй жилийн түүхийг бичээд байна. Тэр дотроо усан замын тээврийг бие даан хийж гүйцэтгэж ирсний 70 жилийн ой өнгөрсөн жил тохиожээ. Манай улс Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд батлуулсан бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техник ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголд хамгийн том нь Сүхбаатар хөлөг онгоцоос эхлээд 200 гаруй усан онгоц, завь бий. Эдгээрийг бүртгэж хянах, жолоодож байгаа хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна байгаль орчноо хамгаалах, зорчигчдын аюулгүй байдалтай холбоотойгоор томоохон нуурууд дээр хяналтын пост, усан зогсоол байгуулж цэгцлэхээр ажиллаж байна. Энэ талаар Усан замын тээврийн бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр “Бүртгэлээ сайн хийвэл эргээд хангалттай хянаж чадна. Усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хянадаг. Мөн Увс, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий аймагт усан замын тээврийн хяналтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрх авсан хяналтын улсын байцаагчид ажилладаг. Тэдэнтэй хамтарч урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байна. Хөвсгөлд 2007 онд хяналтын пост байгуулсан. Тусгай зориулалтын хяналтын завиар эргүүл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Үүнтэй адил Өгий нуур, Хяргас, Ховд зэргээр бусад томоохон нууруудад хяналтын пост буюу усан зогсоол байгуулахаар ажиллаж байна. Хүний нөөц бололцоотой холбоотойгоор заримыг нь зөөврийн байдлаар байгуулахаас аргагүй. Мөн эдгээр газарт нэгдсэн усан зогсоолтой болгохоор төлөвлөж байна. Хөвсгөлд гэхэд Сүхбаатар хөлөг онгоцны зогсоолын ойролцоо болон Жанхайд усан зогсоол байгуулах боломжтой. Гэхдээ улирлын онцлог болоод өртөг зардлаа тооцохоор хөвдөг байдлаар шийдэх боломжтой гэж үзсэн. Зун ашиглаад өвөл хураагаад авчихна гэсэн үг. Зөвхөн зогсоол гээд орхихгүйгээр зорчигчид түр саатах ариун цэврийн өрөө бүхий байгууламжийг давхар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ жил зураг төсөл бэлэн болоод ирэх жил ажил хэрэг болно. Зөвхөн усан замын тээврийн хяналтаар хязгаарлахгүйгээр илүү өргөн хүрээнд ажиллаж байгаа. Стандартын бус хийлдэг завьтай холбоотойгоор хяналт шалгалтаа эрчимжүүлж, нөлөөллийн аян зохион байгуулж байна” гэлээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгслийн тоо 162 байсан бол энэ жил 206, тээвэрлэсэн зорчигчид 2022 онд 38.158, 2023 онд 64.672 болон нэмэгдэж орлого нь 639.288 төгрөг нь 1.513.906 болж өссөн байна.
Дэлгэр цаг болохоор монголчууд нийтээрээ аялаж зугаалж гол ус барааддаг. Гэтэл сүүлийн жилүүдэд усан онгоц, хийлдэг завьтай холбоотой аюулгүй байдал хөндөгдөх болсон. Тиймээс хувийн завинуудыг хэрхэн хянадаг, аюулгүй байдлыг хангадаг талаар сонирхвол “Усан замын тээврийн техникийн хяналтын үзлэгийг жил бүр хийдэг. Техник ашиглалтын аюулгүй байдал, аврах хэрэгслээс эхлээд нарийн шалгана. Усан замын тээврийн жолоочийг сургаж бэлтгэж үнэмлэх олгох чиг үүргийг гүйцэтгэдэг. Өнгөрсөн зун 30 хүнийг шалгалтад хамруулж 24-д нь үнэмлэх олголоо. Ингэснээр манай улсад 100 гаруй хүн усан замын тээвэр жолоодож байна” гэлээ.
Далайн захиргаа нь тусгай зориулалтын эргүүл, хяналтын 3-4 завьтай. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс завиныхаа заримыг нь орон нутагт шаардлагатай газруудад нь ашиглуулж байгаа аж. Тухайлбал, нэг дор олон нуур байдаг учраас энэ жил Ховд аймагт хяналтын завь өгсөн бол хэрэгцээтэй газруудад гэрээгээр ашиглуулах нээлттэй байдаг аж. Салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол хяналт тавих алба хаагчдын хүрэлцээ. Тиймээс энэ тал дээр орон нутагт түшиглэх, гэрээгээр авч ажиллуулах байдлаар ажиллаж байна. Энэ жил Хөвсгөл, Өгий нуур дээр орон нутгаас оюутнуудыг авч ажиллуулсан нь шинэлэг ажил болжээ.
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХ НЭГ ГАРЦ НЬ ДАЛАЙН БООМТЫН ШУУД ҮРГЭЛЖЛЭЛ ХУУРАЙ БООМТ
Сүүлийн үед далайн тээврийн үнэ, боомтын ачаалал нэмэгдэхийн хэрээр нийтээрээ чингэлэг тээвэр рүү шилжиж байна. Монголд ирж байгаа ачаанууд далайн тээврээр дамжих, боомтууд дээр хоног хугацаа алдаж торгууль тавигдсанаас зардал нэмэгдэж ачаа барааны үнэ өсөх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгож байгаа. Үүнээс сэргийлэх үнэ өртгийг бууруулах нэг гарц нь далайгаар тээвэрлэх хугацааг богиносгох бөгөөд энэ хүрээнд далайн боомтын шууд үргэлжлэл хуурай боомтыг Монголд байгуулах юм. НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг нийгмийн комиссын хэлэлцээрт хуурай боомт байгуулах найман байршлыг тусгаж өгчээ. Энэ дагуу Замын-Үүдэд бүс нутгийн тээвэр логистикийн төвийг байгуулж хамгийн анхны хуурай боомтоор зарлахаар бэлтгэл ажил хангаж байгаа аж. Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-ын дунд байрладаг геополитик, Ази болон Европыг холбосон хамгийн дөт зам, газарзүйн байршлын хувьд давуу талтай. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол Улс газар зүйн байршлын давуу талууддаа түшиглэн олон улсын хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах, үүний тулд олон улсын хуурай боомтуудын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого зохицуулалттайгаар хөгжүүлэх цаг үеийн шаардлага бий болоод байна.
Тэгвэл далайн боомтын шууд үргэлжлэл хуурай боомт байгуулснаар олон эерэг үр дүн гарна гэж тооцоолж буй юм. Тухайлбал, гуравдагч орнуудаас илгээж буй ачаа Тяньжин боомт дээр “гацаж” барааны чингэлэгүүд 70-90 хонож байж Улаанбаатар, Эрээн рүү гардаг. Жинжоу боомтыг нээснээр энэ ачаалал хэд дахин багасна. Чингэлэг буцах хугацаа 7-14 хоногоор тооцоход өдөрт 10-100 ам.долларын торгуультай. Энэ торгуулийн үнэ Монгол руу ирэх ачааны үнэд шингэдэг. Харин Монгол хуурай боомттой болчихвол гуравдагч орноос ирж буй ачаа шууд хуурай боомт дээр ирэх боломжтой. Ингэснээр ачаа тээврийн үнэ буурна. Энэ ч үүднээс 2023 онд Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг байгуулаад байна.
Баруун Европын судлаачдын 560 гаруй боомт хотуудад хийсэн судалгаагаар “Нэг сая тонн ачаа тээвэрлэх, дамжин өнгөрүүлэхэд тухайн бүс нутагт 400-600 ажлын байр бий болдог бөгөөд боомтын дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээ 10 хувиар нэмэгдэх тутамд тухайн бүс нутгийн ДНБ 6-20 хувь өссөнөөс гадна хил залгаа бүс нутгийн хөгжилд 5-8 хувь эерэг нөлөө үзүүлж байгааг” тодорхойлжээ. Дээрх судалгаанаас үзэхэд транзит тээврийн гарцыг нээж хуурай газрын боомт хотыг хөгжүүлэх нь тухайн бүс нутаг эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүч болох чухал ач холбогдолтой юм. Олон улсын хуурай боомтуудыг хөгжүүлснээр Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэлхийн түвшний үйлчилгээний салбар болон хөгжиж валюын шинэ нөөцийг бий болгох юм.
Энэ ажил ямар явцтай байгаа талаар Хуурай боомт, далайн тээврийн хэлтсийн дарга Б. Өлзийбаяр “Олон улсын хуурай боомт нь ачаа барааг нэгтгэж, олон төрөлт хуурай замын тээврээр далайн боомтуудтай холбох замаар алслагдсан бүс нутаг болон далайд гарцгүй улсын далайд гарах гарцыг хөнгөвчлөх үүрэгтэй. Олон улсын худалдаанд гарах нийт зардлын 10 хүртэл хувь нь тариф, 60-90 хувь нь тарифын бус саад тотгор байдаг. Энэхүү буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, худалдаа болон гаалийн дурэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай, тоггвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үндсэн үүргийг хуурай боомт гүйцэтгэж байгаа олон улсын туршлагууд харуулж байна.
Монгол Улсад хуурай боомтыг хэрхэн байгуулж болох талаарх судалгаанд үндэслэн далайд гарцгүй, хуурай боомтыг байгуулан амжилттай ажиллаж байгаа Казахстан улсын Хоргос хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Мөн сургалт, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж байна. Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсан байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа, төлөвлөлтийг хийх хүрээнд нэн тэргүүнд Замын-Үүд байршилд худалдаа, тээврийн UN/LOCODE авах зорилт тавин ажиллаж байна. Бид Монгол Улсад дэлхийн түвшний үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндсийг тавьж, олон улсын хуурай боомтуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад олон улсын хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Ийнхүү Монгол Улс их далайн худалдаанд нэгдэх, гадаад ертөнцөд гарах гол гарц, амбицыг тээж яваа далайн тээврийн салбар эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, Монголд хуурай боомт байгуулах ажлыг эрчимжүүлж ойрын үед бодит болгож чадвал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхээс эхлээд улс орны хөгжлийн чухал шийдэл болох нь. Тиймээс далайд гарцгүй гэх үгээр ганцхан үгээр хязгаарлагдаж, өнгөц дүгнэж харалгүйгээр нийтээрээ далайн тээврийн салбарын ач холбогдол, өнөөдрийн болоод ирээдүйн үр өгөөжийг ойлгох нь чухал юм.
Далайн захиргааны газрын он цагийн товчоон
1996 он: Монгол Улс Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элссэн.
1966 он: “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай” конвенцод нэгдсэн.
1976 он: “Далайд гарцгүй орнуудын далбаагаа мандуулах эрхийн тухай” Барселоны тунхаглалд нэгдсэн.
1996 он: Монгол Улсын Засгийн газраас “Их далайг ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” 316 дугаар тогтоолыг баталсан.
1999 он: Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийг УИХ-аар баталсан.
2001 он: Засгийн газрын хуралдаанаар хөлөг онгоцны бүртгэлийг эхлүүлэх хэлэлцээр эхэлсэн.
2003 он: “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийг байгуулснаар хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаа эхэлсэн.
2003 он: Усан замын тээврийн тухай хуулийг баталсан.
2007 он: Далайн захиргааны газрыг бие даан байгуулсан.
2017 он: Усан замын тээврийн тухай хуулийг шинэчилсэн.
2018 он: Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраар батлуулсан.
2022 он: Далай ашиглах тухай хуулийн шинэчлэн баталсан.
Үндсэн чиглэл
-Хөлөг онгоцны бүртгэл, хяналт.
-Хуурай боомт, далайн тээвэр.
-Усан замын тээврийн бүртгэл, хяналт.
-Салбарын боловсон хүчин бэлтгэх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)