Сүрнээгийн УЯНГА

 

Монголчуудын өнөөдрөөс арай өмнөх үеийн сэтгэл зүй рүү өнгийж үзвэл уран хэмээх байгалийн баялгийг харах өнцөг “хадны мангаа”-наас ч аюултайгаар төсөөлөгдөж мэднэ.  Гэлээ ч нийгмийн зарим хэсэгт энэ байдал дээрдээгүй. Улаанбадрахын ургийн гажигаас эхлээд уран гэхээр битүүхэн айдаст автдаг сэтгэхүй одоо ч бөх бат хэвээр байна. Тэр хэрээр ураны талаарх ойлголт, аюулгүй байдал, үр өгөөж бидэнд цоо шинэ сорилт болж ирлээ. Нэг ёсондоо монголчууд 30 жил уранаас айж, эмээж, болгоомжилж явлаа. Харин одоо нүүр тулах цаг нэгэнт болжээ.

 

УРАНЫ УУРХАЙ ДЭЛХИЙН ШАЛГУУРТ ТЭНЦЭЭГҮЙ БОЛ...

Ураныг олборлохдоо газар доорх уусган олборлох технологи ашиглана. Маш товчхондоо, уран олборлохдоо газрыг ухахгүй. Монголын хөрс, байгалийн өгөгдөл газар доорх уусган олборлох технологийг ашиглах үндсэн шалгууруудыг хангасан учраас бусад орны адил илүү ухаалаг, аюулгүй байдлаар ажиллах боломж бүрджээ. 

Монгол, Францын ураны салбарын харилцаа цоо шинэ биш. 1997 оноос эхлэлтэй хамтрал 26 жилийн дараа хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх түвшинд  хүрч, дахиад таван жилийн дараа үндсэн олборлолт эхлэх товтой байгаа. Францчууд монголд орж ирсэн эхний арваад жил зөвхөн хайгуул хийсэн бол 2006 онд Дулаан-Уулын ордыг илрүүлж, 2010 онд Зөөвч-Овоог нээсэн нь сүүлийн 20 жилийн хугацаанд олдоогүй дэлхийн хамгийн том 10 ордын нэг болов. Монголын говийн хөрсөн дор дэлхийд гайхагдах баялаг байна гэж хэн төсөөлөх билээ. Энэ цаг үеэс хойш тусгай зөвшөөрөл, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн туршилт явагдсаар өнөөдөр Монгол, Франц хоёр улс уран салбарт эргэлт буцалтгүй хамтрахаар болсныг,  Францын "Орано" группын Монголын говиос олборлохоор төлөвлөж буй ураны баялаг ордуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг Монголын төрийн тэргүүний Парист үзэглэсэн протокол баталгаажуулж өгөв. Ингэснээр ураныг хэчнээн эсэргүүцэж элдэвлээд  нэмэргүй болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал нэгэнтээ харуулж, цэг тавьж өглөө. Төр засгийн бодлогын түвшинд ийм ойлголцолд хүрснээс хойш  Монголчуудыг ураны олборлолттой холбоотой ямар ирээдүй хүлээж байгааг харуулах зорилгоор амралтын өдөр  Дорноговь аймаг дахь “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо орд руу томилолт өвөртлөв.

Нэн тэргүүнд ойлгох нь “Бадрах Энержи” компани бол хоёр улсын төрийн өмчит компаниудын хамтарсан төслийг хэрэгжүүлэх гол баг. Түүхийг нь сонирхвол, ураны олборлолтоор 70 жилийн туршлагатай, дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг, Монголоос гадна арваад улсад үйл ажиллагаа явуулдаг гэж товчхон ойлгож болох аж. Өөрөөр хэлбэл, Монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг төвд буй ураны олборлолтыг ийм “CV”-тэй компани хариуцах нь.

Дараагийн анхаарал татах нь 100 мянган тонн нөөцтэй, 30-50 жилийн ирээдүй хүлээж буй ураныг Монголын говиос хэрхэн олборлох вэ. Үнэндээ, уул уурхайд байгалиа ухуулж сэндийчүүлж хаширсан бидэнд алтыг нь аваад авдрыг хаях вий гэсэн болгоомжлол бий. Болгоомжлох ч ёстой. Тэгвэл туршилтын үйлдвэр дээр очоод сонссон хамгийн чухал мэдээ бол газар доорх уусган олборлох технологи байв. Маш товчхондоо, уран олборлохдоо газрыг ухахгүй. Монголын хөрс, байгалийн өгөгдөл газар доорх уусган олборлох технологийг ашиглах үндсэн шалгууруудыг хангасан учраас бусад орны адил илүү ухаалаг, аюулгүй байдлаар ажиллах боломж бүрджээ. Уран агуулагч геологийн хурдас нь ихэвчлэн элсэн чулуун давхаргад байрлах бөгөөд уусгагч шингэн эрдэсжсэн давхаргаар эргэлдэхэд нэвчүүлэх шинж чанартай байна. Мөн дээд, доод уст давхаргуудаас үл нэвчих шавран давхаргуудаар тусгаарлагдсан нь газар оронд ээлтэй байх дэлхий нийтийн шалгуурыг хангасан нь азтай хэрэг гэдгийг Зөөвч-Овоо ордын монгол инженер хэлсэн юм. Хэрэв хөрсний давхарга, орон зайн эдгээр онцлог шинж бүрдээгүй бол наанадаж ухахаас аргагүй байсан биз.

М.Мелеард

Дэлхий дээр олборлож буй ураны 50 гаруй хувийг тэр дундаа Австрали, АНУ, ОХУ, Казахстан, Хятад зэрэг оронд ашигладаг газар доор уусган олборлох технологийг Монголд анх удаа ашиглах гэж байгаа талаар “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал М.Мелеард “Энэ арга нь ил нүх ухах, уурхайлан малтдаггүй. Хаягдлын далан овоолго, тоос шороо үүсгэдэггүй ба уурхайн хүнд машин механизм хэрэглэхгүй. Олборлолт явуулахад ус шавхдаггүй учраас гадаргын ус хөндөгдөхгүй гэж ойлгож болно.Тиймээс байгалийн унаган төрхийг хөндөхгүй. Газар доор уусган олборлох аргаар хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд шахагч цооногоор уусгагч шингэнийг орд руу шахдаг. Үүний дараа ураныг өөртөө уусгасан уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү дамжуулна. Үйлдвэрт ураныг уусмалаас салгаж цэвэршүүлж хатаагаад борлуулах бүтээгдэхүүн болгож энгийн үйлдвэрийн адил савладаг. Урангүй болсон уусгагч шингэнийг орд руу буцаан шахна. Ингэж битүү эргэлтээр явагддаг” гэлээ. Мэргэжлийн хэллэгээр ийм бол манайхны хэлдэг “хар” үгээр бол ойр тойрных нь эд эрхтнийг гэмтээхгүйгээр мэс заслын хамгийн дэвшилтэт арга буюу дурангийн хагалгааны аргаар ураныг олборлоно гэж ойлгож болохоор санагдав. Өөрөөр хэлбэл, олборлоно гэхээр ухна гэж ойлгодог цаг ард хоцорчээ. Энэ мэтээр ураныг хэрхэн олборлох, цацраг идэвхт бодисын аюулгүй байдлыг хангах, байгалийн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын талаар олон зүйлийг бичиж болох ч чухал хэсгээ аваад түр орхиё. Харин байгалийн уранаас ялгардаг цацраг бичгийн цаасыг ч нэвтэлдэггүй. Шар нунтагаас нэг метр зайд ямар нэг эрсдэлгүй гэдгийг харуулсан хэмжилт анхаарал татсаныг онцлох нь зүйтэй.

Хэвлэлийнхэн нэгэнт газар дээр нь очсоных уурхайн ойр орчимд амьдарч байгаа иргэд, малчдад ямар нэг хор хөнөөлтэй эсэхийг тодруулав.  “Казахстан улс бол ураны олборлолтоор тэргүүлдэг. Тэнд очиж багагүй туршлага судалсан. Гэтэл уурхайн бүсэд мал амьтан чөлөөтэй идээшилж байдаг юм билээ. Ард иргэд нүүхгүйгээр уурхайн дэргэд амьдрахад ямар нэг гэм хоргүй. Мал амьтны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг сүүлийн 10 гаруй жил судалсан. Ямар нэг өөрчлөлт гараагүй” гэсэн мэдээллийг өгөв.

 

100 ГРАММ НЬ ВАГОН НҮҮРСТЭЙ ТЭНЦДЭГ ШАР НУНТАГААС МОНГОЛЧУУД ЯМАР АШИГ ХҮРТЭХ ВЭ

100 грамм уран 60 тонн буюу бүхэл бүтэн нэг вагон нүүрс шатаах хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг.

Монгол Улс уран олборлоно гэдгээ олон улсын өмнө зарласан учраас Монголчуудад ирэх үр өгөөжийг ярихаас аргагүй. Тэр тусмаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээний шатандаа яваа энэ үед Монголыг 50 гаруй жил “тэтгэх” энэ ордод хариуцлагатай хандах учиртай.

Өнөөдөр болон маргааш “шидэт” шар нунтаг гэгдэг уранаас ямар ашиг хүртэх вэ гэдгийг ярихын тулд хүч чадлынх нь талаар энгийн ойлголтоор жишээ татвал 100 грамм уран 60 тонн буюу бүхэл бүтэн нэг вагон нүүрс шатаах хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг ийм л “аварга” эд байх юм. Мөн кг уран 140 ам.долларын ханштай. Манай улсын эдийн засгийн тулгуур “багана” болоод байгаа нүүрсээ түүхийгээр нь гаргахад 5-6 жилийн л цонх хугацаа үлдсэн энэ үед ураныг улам ч анхаармаар.

Төсөл хэрэгжүүлэгч компанийн тооцооллоор, өнөөдрийн байдлаар орон нутагт газар ашигласны төлбөрт 3.5 тэрбум төгрөг төлжээ. Орон нутгийн хөгжилд 7.8 тэрбум, тусгай зөвшөөрлийн төлбөр жилд нэг тэрбумыг төлдөг гэнэ. Бас нэг дурдууштай онцлог нь компанийн нийт 100 гаруй ажилчны 96 хувь нь Монгол, гурав нь гадаад. Ханган нийлүүлэгчдийн 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бүрдүүлж байгаа гэлээ. Харин цаашид буюу уурхайн олборлолт эхлэхээр 1600 орчим ажлын байр бий болгоно. Хоёр тэрбум ам.долларыг төсөл хэрэгжих хугацаанд улс орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлөхөөс гадна 1.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал М.Мелеард хэлсэн.

Хэлэлцээний ширээний ард сууж буй энэ цаг үед Монгол Улс ямар байр суурьтай байгаа талаар “Эрдэнэс-Монгол” компанийн захирал С.Наранцогт “Бүтээгдэхүүний үнээс их зүйл хамаарна. Бид хоёр зүйл дээр давуу эрхтэй ажиллаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр үндсэн хэд хэдэн нөхцөл дээр протокол зурсан. Хамгийн өндөр буюу 10-19 хувийн АМНАТ авна. Мөн арван хувийн давуу эрхийн хувьцаа маань Монгол Улсын үр ашгийг Үндсэн хуульд заасан илүү байлгах механизм болгож хэрэглэх нөхцлийг бүрдүүлж байна. Ямар ч тохиолдолд төслөөс орж ирэх үр ашгийн ихэнх нь Монголд хуваарилагдана. Анх ТЭЗҮ хийж байхад ураны ислийн үнэ 53 ам.доллар байсан бол өнөөдөр 72 ам.доллар байна. Дундажлаад үзэхэд төслөөс орж ирэх борлуулалтын орлого 12 тэрбум ам.доллар болно. Үүний татвар хураамж 3.2, хөрөнгө оруулагчийн хувьцааны ноогдол ашиг 3.4 тэрбум ам.доллар болж байна. Үлдсэн нь явцын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болно. Мөн ажиллах боловсон хүчин, бэлтгэн нийлүүлэлт ихэнх нь Монгол байна” гэлээ. Энэ мэтээр эдийн засгийн үр өгөөжийг тооцох тусам анхаарал татаж хөрөнгө оруулагчдыг Монголын говь тийш эрхгүй хөтлөх нь аргагүй эд юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)