Б.ГАРЬД
АН-ыг “...Эвлээсэй” гэж олон нийт хүсдэг. Энэ намын эзлэх учиртай сөрөг хүчний байр суурь эзэнгүй хэвээр л байна. Гэвч фракцуудынх нь ашиг сонирхол АН-даа багтаж шингэхгүй л байгаа бололтой. Наанаа эвлэж буй мэт ч эвдрэлцээд байгаа нь нуух аргагүй л болоод байна. Ингэсээр байтал нь “халаасны нам” гэгддэг ХҮН-ын рейтинг зарим газарт АН-ын дээр гарчихсан тууж явна. Энэ бол тэдэнд тааруухан явдал юм.
Гэхдээ АН-д сонгууль болтол учраа олчих боломж ч, хугацаа ч бий. Ерөөсөө их ойлгомжтой. АН-ын Улс төрийн зөвлөл гэж бий. Толгой байгууллага нь л даа. Улс төрийн зөвлөлд нь АН-ын дарга асан С.Эрдэнэ, МҮАН-ын дарга асан Да.Ганболд, АН-ын генсек асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Д.Ганбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн асан Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнх, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж, Н.Жавзанпагма, Л.Даваасүрэн, Н.Пунцаг, Э.Тамир нарын 22 хүн байдаг. Гэхдээ энэ Улс төрийн зөвлөл нь өнгөрсөн зун болсон Шангри Ла-гийн уулзалт, Grand meeting зэргийн дараа байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл, өмнөх уулзалтуудаар тодорчихсон гэсэн үг. Шулуухан хэлэхэд, АН-ын Улс төрийн зөвлөлийг дөрөв дэх Ерөнхийлөгчийн удирддаг, намынхан нь болоод улс төрийн хүрээнд “бүлэглэл” гэж алдаршсан нөхдүүд атгачихсан. АН-ын дарга Лу.Гантөмөр ч энэ бүлэглэлд эргэлт буцалтгүйгээр зүтгээд эхэлжээ. Харин улс төрийн намууд “хөл” гэж нэрлээд байдаг, АН-ын хувьд анхан, дунд шат нь тав дахь Ерөнхийлөгчийн мэдэлд очоод байгаа юм. Чухамдаа эндээс л АН-ын “хөл” ийшээ, “толгой” тийшээ гэж яригдах болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)