Пүрэвдашийн Амгаланбаяр

 

“Зууны мэдээ” сонин салбар,  салбарын  тэргүүлэгчид, шинийг  санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл  санаануудыг  уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа  охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрахыг урьж, ярилцлаа.

 

ТАВАН ОХИН ТУТМЫН НЭГ НЬ  ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ

Блиц

Боловсрол: 
-2004 онд: МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн.
-2012 онд: Австралийн  “University Of South Wales” сургуулийг  Хүний эрхийн  хууль бодлогын мастер хамгаалсан

Ажлын туршлага:
-2003 оноос хойш охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажиллаж байна.
-ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрхийг хамгаалагчийн хорооны гишүүн. 

-“Гүнж” төв Япон улсын хүүхдийг ивээх сантай хамтран нийслэлийн тодорхой дүүргийн  өсвөр насны  охидын дунд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Уг нөхцөл байдлын үнэлгээгээр охидын аюулгүй байдал хэр хангагдаж байна, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл байна уу, хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах  мэдлэг боловсрол  байгаа эсэхийг гаргахыг зорьсон юм. Гэвч  нөхцөл байдлын үнэлгээнээс сайн дүр зураг гараагүй. Автобус, гэрээсээ сургууль хүртэл алхаж  явдаг тохиодолд  гудамж эрсдэлтэй хэвээр байна.  Мөн гэр бүлийн хүчирхийллийн  тохиолдол олон  байсан. Таван охин тутмын нэг нь  ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн дүр зураг  гарч байна. Мөн охидууд том болох тусмаа  өөрт тохиолдсон зүйлээ эцэг эх, багшдаа хэлэхгүй нуух, өөрсдөө шийдэх гэж оролддог нь харагдсан.

Амьдралын нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн харилцаанд нөлөөлж байна. Тухайлбал, орон сууцанд амьдарч байгаа хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцах харилцаа хөндий  байна. Харин эсрэгээрээ гэр хорооллын хүүхдүүд гэр бүлтэйгээ ойр байж, итгэдэг гэдгээ хэлсэн.  Түүнчлэн  өсвөр насны  охид сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид  итгэхгүй байна. Яагаад гэвэл, өөрт тохиолдсон асуудлаа нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид хэлээд, ярилцаад шийдвэрлэх боломж байгааг  тэр бүр  мэддэггүй. Хоёрдугаарт, тэдгээр хүмүүст хандсан ч надад туслахгүй  гэсэн үл итгэх байдал үүссэн  байна.  Тиймээс яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэдэг асуудал гарч ирнэ. Энэ нь нийгмийн ажилтан, сэтгэлзүйчийн сургууль дээр хийж гүйцэтгэж байгаа ажлын хуваарьтай холбоотой. Тэдний ажил үүргийн чиглэл бол сурагчдад ямар нэгэн бэрхшээл тулгарвал багш, эцэг эх, сурагчтай ажиллаж асуудлыг шийдвэрлэх, гарцыг эрэлхийлэх үүрэгтэй. Гэвч манай улсын өнөөгийн нөхцөл байдалд сургуулийн нийгмийн ажилтан цэвэрлэгээ үйлчилгээ,  тэмцээн зохион  байгуулах зэрэг  өөр ажил давхар  ажиллаад, үндсэн  ажилдаа төвлөрч чаддаггүй хүндрэл байна.

Мөн манай улс хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлээд  нэлээд хугацаа өнгөрсөн. Гэвч энэ загвар нь нийгэм эдийн засгийн байдал, соёл уламжлалтай уялдуулаад харахад  зарим талаараа тохирохгүй  зүйл анзаарагддаг. Хамтарсан багт ажиллаж байгаа хүмүүс ажил мэргэжлийн  өөр өөр чиг үүрэгтэй. Гэтэл хүүхэд хамгааллын нэг кейс гарлаа гэхэд тухайн хүмүүс ажлынхаа хажуугаар  эсвэл илүү цагаар давхар ажиллах нөхцөл байдал тулгарна. Манай улсын хувьд ийм нөхцөлд ажиллах цаг хугацаа, цалин урамшуулал  тогтолцоо нь ойлгомжгүй. Хүүхэд хамгааллын чиглэлд ажилладаг,  мэргэжлийн хүмүүс, алба, байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй хүүхэд хамгааллын хамтарсан багийн загвар нь  эдийн засгийн болон үндсэн ажилтайгаа уялдуулж ажиллах боломжтой улс оронд илүү тохирох байх.

 

ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХ ТУСАМ ЯРИЛЦАЖ,  ХАМТ ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Би 20-иод жил охидын эрхийг хамгаалах чиглэлээр ажиллалаа. Энэ хугацаанд охидтой ярилцаж,  тэдний эрхийг хамгаалах,  хөгжүүлэх тал дээр ажилласан байна. Ингээд харахад монголчууд хүүхдэдээ бага насанд нь их анхаарал хандуулдаг мөртлөө том болох  тусам анхаарал нь сулардаг. Гэтэл эсрэгээрээ хүүхдээ том болох тусам ярилцаж,  хамт цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, миний хүү, охин том болчихлоо гэж  анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдэд  том болох тусам нь харилцааны, сэтгэлзүйн, оюун санааны хэрэгцээ гарч ирдэг.  Анхаарал суларч, харилцаа хөндийрөх тусам  хүүхдийн нээлттэй байдал багасна. Тиймээс өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой, яаж илүү найз нөхөд байх  вэ, хэрхэн сэтгэлзүй болоод харилцааны хэрэгцээг нь хангах хэрэгтэй вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.  Зарим  улс оронд “Эцэг эх байх тухай сургууль” байдаг. Уг сургууль нь эцэг эхчүүдэд хүүхдийнх нь насанд тохирсон хичээлийг зааж өгнө гэсэн үг.

 Тухайлбал, өсвөр насны хүүхдэд ямар өөрчлөлт гардаг тухай, хүүхэдтэйгээ  хэрхэн зөв харилцах ёстой вэ  гэдгийг хүртэл зааж өгдөг. Хэрэв  эцэг эх нь хүүхдээ загнах,  буруу харилцаж байгаа тохиолдолд тодорхой арга хэмжээнүүдийг авч хүүхэдтэйгээ зөв харилцах дадалд сургах хөтөлбөр хүртэл байдаг.

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ПРАКТИК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТҮВШИНД ТУСГАХ ЁСТОЙ

 

-Дорноговь аймагт гарсан 12 настай охины хэрэгт харамсаж байна. Охидын аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдсөн учраас  байгууллагынхаа зүгээс эцэг эхчүүд  хүүхэд хамгааллын  талаар    зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд  саналаа хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн хүүхэд хамгаалалттай холбоотой хуулийн зохицуулалтыг дэмжиж  байгаа.  Олон улсын конвенцийн хүрээнд 18 нас хүртэлх хүнийг хүүхэд хэмээн заасан байдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудлыг  хууль эрх зүй, практик үйл ажиллагааны түвшинд тусгах хэрэгтэй.

Дорноговь аймагт  гарсан кейсийн хувьд тухайн охины гэр нь сургууль хүртлээ  дөрвөн км-ийн зайтай байсан. Хүүхэд гэрээсээ сургуульдаа аюулгүй очих нь  50 хувь нь гэр бүл, 50 хувь нь сургуулиас хамаарч байдаг. Хэрэв энэ замд хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдсон бол аль аль тал хариуцлага  хүлээх ёстой. Хэрэв хүүхдүүд сургуулиасаа хол гэртэй бол нэгдсэн байдлаар автобус явуулж хүүхдүүдийг  сургууль, гэрт нь хүргэж өгдөг тохиолдол бий. Харин нөгөө талаас эцэг, эх хүүхдээ сургуульд аюулгүй хүргэж өгөх үүрэгтэй. Тиймээс аймгийн төвийн хэмжээнд сургуулийн автобустай болох  хэрэгтэй. Эсвэл сургуулийн зүгээс эцэг эхчүүдэд хүүхдээ сургуульд хүргэж өгч, авах шаардлага тавих хэрэгтэй. Энэ мэтчилэн  жижиг  институцын түвшинд  арга хэмжээ авахгүй бол том зурагаар одоо хүртэл шийдэх  гээд  чадахгүй л байна.  Мөн камержуулалтын  асуудал хөндөгдсөн. Тиймээс камержуулалтаа нэмэгдүүлж аймаг, аймгийнхаа  түвшинд  шийдээд  явах хэрэгтэй.

Хүүхэд хамгааллын салбарыг дахиж баллуурдаж байгаад  шинээр зураглах хэрэгцээ шаардлага байгаа ч үүнд их  цаг хугацаа хэрэгтэй. Хамтарсан баг ажиллаж байна уу, манай улсын нөхцөл байдалд тохирч байгаа эсэх, одоо тавигдаж буй санхүү нь хүрэлцээтэй байна уу гээд  багадаа бидэнд 50 жил хэрэгтэй болно. Хүүхэд  хамгааллын салбар хүн дээр тогтож байдаг. Хичнээн хөрөнгө  мөнгө  байлаа хүний сэтгэл байхгүй бол урагшлахгүй.  Тиймээс   одоо дахиж ийм тохиолдол гаргахгүйн тулд  яах вэ  гэдэг дээр  илүү төвлөрч кейс бүрт шийдэл эрэлхийлж ажиллах  нь илүү үр дүнтэй. Өмнө гаргасан шийдэл дараагийн тохиолдлыг хамгаалж чадахгүй бол дахиж боловсруулаад  ажиллах  хэрэгтэй. Барууны улс орнууд ч ийм загвараар ажилладаг. Тухайлбал,  Дорноговь аймагт гарсан тохиолдолд   нэгдүгээрт хүүхдийг тийм нөхцөл байдалд оруулахгүйн тулд яаж урьдчилан сэргийлэх ёстой байсан бэ.  Хүүхэд аюулгүй сургуульдаа очихын тулд яах ёстой гэсэн асуудал гарна. Эцэг эх нь  сургуульд хүүхдээ хүргэж өгөх эсвэл, нийтийн унаа, сургуулийн автобустай болох хэрэгтэй юу  гээд  тохиолдол бүрт  хэдэн хувь хамгаалж чадах вэ дүн шинжилгээ хийх хэрэгтэй.  Хоёрдугаарт, хүүхэд эрсдэлт орлоо гэхэд өөрийгөө хэрхэн хамгаалах шийдэл хэрэгтэй.  Гуравдугаарт, хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэвэл шуурхай ямар арга хэмжээ авах вэ. Дараагийн түвшний үзүүлэх үйлчилгээ ямар байх ёстой гээд  ажиллах хэрэгтэй.   Сургуулийн  автобусны  төсвийг   аймгаасаа шийдэх боломжгүй бол  өөр ямар эх сурвалжаар шийдэх  вэ гэдэг  шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй. Тухайлбал, үүнийг эцэг эхийн оролцоотой шийдэх, хүүхдийн нэг удаа сургуульд явах төлбөрийг тогтоох  боломжтой юм. Мөн хүүхэд сургуульдаа очоод, эсвэл тарахдаа карт уншуулахад мэдээлэл нь гэр бүлд нь очдог байдлаар  шийдсэн сургууль ч бий. Энэ мэтчилэн олон шийдлүүд байж болно. Мөн камержуулалтын асуудал дээр хувийн хэвшлийн компани,  байгууллагуудыг татан оролцуулах боломжтой.

Үүний  хажуугаар хууль эрх зүйн  орчин  хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт  боловсролыг  нэмэгдүүлэх урт хугацааны бодлогыг алсуур хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ялын бодлогыг чангатгаад эсвэл хүүхдийг хянадаг аппликейшнтай  болчихвол  болох юм байна гэсэн өнгөц байдлаар хандаж болохгүй. Энэ бол урт хугацааны ажил. Богино, дунд, урт хугацааны шийдэл юу байж болох  вэ  гэдэг дээр нарийн  системтэй ажиллах хэрэгтэй.  Манай улсад хүүхэд хамгааллаар мэргэшсэн мэргэжилтнүүд бий. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийн бодлого тодорхойлох баг байгуулж, зөв стратеги гаргах хэрэгтэй.

 

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ХИЛ ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 

 -Төрөлтийн нас залуужиж байгаа дүр зураг анзаарагдаж байна. Сүүлийн 3-4 жил 13-14 настай хүүхэд, хүүхэд төрүүлэх нийтлэг үзэгдэл болжээ. Үүний нэг шалтгаан нь мөн л эцэг эх хүүхдүүдтэйгээ  ярилцдаггүй байдал. Тиймээс  төрөлтийн нас яагаад улам залуужиж, түгээмэл болоод байна гэдгийг судлах хэрэгтэй. Бэлгийн боловсрол  гэдэг   зайлшгүй мэдэж байх ёстой зүйл. Манай байгууллагын зүгээс  хүүхдүүдэд бэлгийн боловсролын тухай  ойлголтыг  өгөхийн тулд  монгол хүүхдүүдийнхээ онцлогт тохирсон аргачлал боловсруулаад явж байна. GEN Z үеийнхэнтэй  өөр  зүйл ярьж, өөр ойлголт өгөх хэрэгтэй болсон байна. Тухайлбал, үерхэл нөхөрлөлийн хил хязгаарын тухай ярьж өгөх хэрэгтэй. Энэ сэдвийн хүрээнд тэдэнтэй ярилцахад төдийлөн мэддэггүй. Тиймээс үүнийг  хүүхдүүдэд дадал болгож, мөн эцэг эхчүүдэд зааж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, насны тухай ярих хэрэгтэй.  Бид хүүхдүүддээ  бэлгийн харилцаанд орж болохгүй насны талаар ярьдаггүй. Мөн ЕБС-ийн хичээлийн  хөтөлбөрт ч байдаггүй. Тиймээс бэлгийн боловсролын тухай хичээлийг  ЕБС-д  заах хэрэгтэй.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 16 нас хүрээгүй хүнтэй  бэлгийн харьцаанд орж болохгүй гээд заасан байдаг.  Гэтэл үүнтэй тэрсэлдэж байгаа зүйл нь Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрээд хүнтэй сууж,  хүүхэд  төрүүлж болно гэж заасан байдаг.  Гэтэл зарим улс оронд хүн хэдэн настай бэлгийн харьцаанд орж болох вэ гэдгийг  хуульчилсан байдаг. 

Мөн үерхэлийн насны тухай ойлголт байна.  Хэдэн настай хүнтэй үерхэх ёстой вэ, насны хязгаар хэдий хугацаатай байвал зүгээр вэ гэдгийг заах хэрэгтэй.  Үүн дээр кейс дурдахад 16 настай охин 19 настай  хөвгүүнтэй үерхсэн. Тэд  хэн хэн нь зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон ч  хуулиараа насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэсэн үндэслэлээр ял авсан тохиолдлууд бий. Тиймээс насны хязгаараа мэдэх шаардлага тулгарч байна гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)