Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:- Улаанбаатар хотын есөн дүүргээс хэд нь ерөнхий төлөвлөгөөтэй байна вэ.  Ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг дүгнэж үзсэн үү.  Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол бүх салбарынхны  асар их тооцоо судалгаан дээр суурилж гарах учиртай. Харамсалтай нь Ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаж, мөрдөгдөж чаддаггүй.  Үе үеийн Хотын дарга нар тэр төлөвлөгөөг барьж ажиллаагүйгээс өнөөдөр Улаанбаатарт эмх замбараагүй байдал бий болсон.  Цаашид ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллаагүй бол ямар хариуцлага тооцох юм.  Үүнийг хуульд яаж тусгасан бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байгаа юм байна. Гэвч хотын эрчим хүч, дулаанаа хэрэглээ хангамж чинь хүрэх үү?

Хотын дарга Х.Нямбаатар: -Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд дэд бүтцийн асуудал дээр урьдын барьж ирсэн бодлогодоо зарчмын өөрчлөлт гаргах ёстой гэж үзсэн. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад дулаан үйлдвэрлээд хэдэн арван км явж, 13 дугаар хороолол хүрээд буцаж ирж байна.  Энэ бол хуучин үеийн төлөвлөлт. Одоо бид зургаан дэд төвийг барилгажуулах ажил эхлэхэд дэд бүтцийн асуудал дээр арай өөр бодлого яригдана. Сэлбэ дэд төв дээр дулааны 28 мгавт-ын дэд станц ажиллаж байна. 15 хувийг нь л бид хэрэглэж байгаа. 2025 оны эхээр дахиад 63 мгаваттын дэд станц ашиглалтад орно.  Тэгэхээр  тухайн чиглэлд байгаа айл өрхүүдийг орон сууцжуулахад дулааны хүрэлцээ хангалттай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд өгсөн.  Усан хангамжийн асуудлыг мөн Сэлбэ дэд төвийн хувьд шийдсэн.  Эрчим хүчний асуудлыг салбарын сайд нар нарийн мэдээлэл өгөх байх.  Ирэх жил Бөөрөлжүүтийн 150 мгавттын цахилгаан станц Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлэх асуудал яригдана. Цаашид эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хэд хэдэн төслүүд Засгийн газрын түвшинд яригдаж байна.  Тэгэхээр бид эрчим хүчний асуудлыг өмнөх шигээ хэт төвлөрсөн байдлаар шийдэхгүй, хэсэгчилсэн байдлаар явна. 2025 онд Дэнжийн 1000 орчимд газаар ажиллах дэд станцын ажил эхэлнэ. 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барьж байгаа барилга дээр ямар хариуцлага тооцох вэ гэж байна.  Өнөөдөр ч гэсэн хуультай. Албан тушаалын гэмт хэргээр хариуцлагын асуудал яригдана.  Сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодорхой байгууллага дээр гарсан зөрчил дутагдлуудыг шалгуулахаар ажиллаж байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn