Н.Жаргалмаа
“Монголын хүний төлөө” намын тэргүүн Х.Бат-Ялалтыг өнгөрсөн сарын 30-нд Цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн саатуулжээ. Хуулийн байгууллагаас гаргасан энэхүү үйлдэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд түүнийг олон нийтийн сүлжээнд “Эрэн сурвалжлагдаж байгаа оргодол” хэмээн тараасан нь иргэн Х.Бат-Ялалтын нэр хүндэд халдсан, гүтгэсэн доромжилсон мэдээлэл тул “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр намын гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.
“Монголын хүний төлөө” намын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ “2023.10.30-ны өдөр намайг цагдаагийн байгууллагаас прокуророос хүргүүлсэн мэдэгдэл хариу өгөөгүй, дуудсан цагт очоогүй гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байгаа хэмээн хүчээр баривчилсан. Энэ бол үндсэндээ хууль бусаар миний эрхэнд халдаж буй үйлдэл. Хуулийн байгууллага зохих ёсны дагуу үйл ажиллагаа явуулаагүй.
Надтай холбогдож мэдэгдэл өгсөн, дуудсан тохиолдол байхгүй. Иймд намайг олон нийтийн сүлжээнд оргодол хэмээн зарлаж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой, миний нэрийг харлуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна.
Анх хэрэг үүссэнээс хойш жилийн хугацаанд ямар ч үйлдэл хийгээгүй байж, хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхсөн энэ үед намайг хүчээр барьж хорьсон. Ийм учраас миний бие энэ хэрэгт холбогдох хуулийн байгууллага болох цагдаа, прокурорын байгууллагыг АТГ-д мэдүүлэх болно” гэв.
Эх сурвалж: www.zms.mn