Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал гаргав.  Тэрбээр "Энэ өвөл нийслэлд утааны асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ.  Салбарын сайд нь  кокс энэ тэр гэж яриад чимээгүй болсон.  Өнгөрсөн өвөл мидлинг гэдэг юм туршаад сүүлдээ хүхрээ дийлэхээ болиод тэр түлшээ хаяж байгаа юм шиг байна.  Үүнтэй холбоотойгоор би нэг зүйл хэлье. Би цаас харуулъя.  Тэгэхгүй бол энэ танхимд худал ярьдаг гүтгэдэг хүмүүс их болчихоод байна.  Утааны асуудлыг шийдэхэд урт хугацаандаа орон сууцжуулах хэрэгтэй. Ойрын хугацаанд хагас кокс юм.  Надад 2010 оны гэрээ байна.  Энэ гэрээнд Дулааны цахилгаан станц-2-ыг түшиглэж 210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх ийм цогцолбор байгуулахаар заасан байна. "Амори интернэшнл" гэдэг компанитай гэрээ хийгээд  энэ үйлдвэрээ 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна гэжээ.  Тэрнээс хойш хэдэн жил болж байна. 11 жилийн өмнө Монголд хагас коксын үйлдвэр ашиглалтад ороод өнөөдөр монголчууд утаанаас салах боломж байсан.  Энэ компани 17 тэрбумаа аваад хийх юм аа хийж чадаагүй.  Манай Засгийн газар 2014 онд тогтоол гаргасан.  Тогтоолд энэ компани ажлаа хийж чадаагүй байна. Барьсан байшинг нь дуудлага худалдаагаар худалдаалахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.  Дулааны цахилгаан станц-2-ын тавдугаар зуухны технологийн горимыг  "Аморе интернэшнл" компани өөрчилснийг буцаагаад эрчим хүчний горимд шилжүүлэх. Энэ компаниас өгсөн хөрөнгөө нөхөн төлүүлэх арга хэмжээ ав гэсэн.  Харамсалтай нь удахгүй манай Засгийн газар огцорсон.  Түүнээс хойш 11 жил өнгөрчээ.  Тэр компани төрийн 17 тэрбум төгрөгийг аваад ДЦС-ын зуухыг буруу горимд шилжүүлж хаяад явсан шүү.  Монголд ер нь эзэн байна уу.  Тэр компанид хариуцлага хүлээлгэдэг хүн байхгүй юм уу" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn