Т.БААСАНСҮРЭН

/УБЭИС-ийн Сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор /PhD/, профессор/

 

Түлхүүр үгс: Түүх, өв соёл, нийгэм ба шашин номлол ба ёс зүй. “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” бүтээлийн агуулга санаа, ач холбогдол, авах сургамж.  Уг зохиол “Диваажинд уулзья” эссетэй холбогдох нь, эдгээр бүтээлийн ур чадвар, бичлэгийн арга барил.

Эрдэмтэн, зохиолч, нийтлэлч Бадрахын Чимидийн өвөг дээдсээсээ өвлөж авч өндөг шиг дарж  хадгалсан шинэ нандин бүтээл уншигчдын гарт хүрэв. “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” нэртэй. Кирилл, төвд, тод монгол гурван үсгээр анх удаа хэвлэгдсэн нь энэ аж.

“Жарүн Хашорын суваргын тууж оршвой” судрыг Ойродын Зая бандида Намхайжамц /1599-1662/ өөрийн зохиосон “Тод монгол” бичигт орчуулан буулгасныг МУИС-ын докторант Хөхий овогт Бямбажав орчин цагийн кирилл монгол бичигт хөрвүүлжээ. Номын эхний хуудсан дээр “Увс аймгийн Малчин сумын төв Цалгарын Ганданраашдаржаалин хийдийг 1993 онд сэргээн босгож хурал номыг нь хуучны ёс жаягаар  эхлүүлсэн буянт буурал аав Бандийн Санж таныхаа гэгээн дурсгалд зориулав” гэж бичсэн байх агаад уг номын төвд эх, тод бичиг дээрх болон кирилл монгол орчуулгыг тулган үзэж нэр томьёоны тайлбар хийж, номын оршил үг бичсэн Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор /ScD/, профессор Л.Тэрбиш 1969 онд МУИС-ийн физик математикийн факультетын Математикийн ангид газар газраас ирсэн “гавал” хэмээх чимэг нэр авсан 20 хөвгүүн, 5 охины дотор “так так” гэсэн баяд аялгуугаар түргэн түргэн ярьдаг Бадрахын Чимид гэдэг хүү байсныг, түүнтэй ойртон танилцаж нөхөрлөснөө эргэж нэгэнтээ дурсаад “Миний андын төрсөн эцэг нь Баядын Санж гэвш хэмээх нэгэн их номт мэргэн асан бөгөөд тэрбээр тухайн цагтаа Баруун Ойродын Их хийд орон Цалгарын хийдийн шавь асан ажээ. Тэр их гэвштэн цагийн хатуу хар угалзыг халз сөрөн, хамаг номоо хадгалан ламаа бодож, Ламримаа бясалгаж, Лянхуат нуурнаа галуудын чуулган чуулах мэт далай номын ачлалаар даамгай олон хүмүүний зам мөрийг зөв заан, нэн ялангуяатайд Тэжээхүй ухааны аймаг савд эм шинжлэлийн эрдмээр хүн зоны хүслийг ханган, хүнд өвчнөөр илаарь болгосоор, алжаахуй хөх орчлонг ариун бясалгал самодигаар орхиж, суугаагаар саатан морилж, саарал орчлонг орхисон жинхэнэ дээд төрөлхтний төр ёстон байсныг “Диваажинд уулзъя” хэмээх нэрт эцгийн хөрөг цадигт анд маань андуу эндүүгүй бичиж олны хүртээл болгосон”[1] гэж дурдаад “Босгож болох хэмээн үг алдсан” буюу төвдөөр “Жарүн хашор” хэмээн алдаршсан суварганы цадиг түүхийн нэгэн хувь төрсөн эцэг Санжид хадгалагдаж байгаад Б.Чимидэд шилжин иржээ. Эл эрдэнэ мэт ховор судрыг... кирилл монгол болгохдоо эх сурвалжийн ойрад аман аялгууг тэр чигээр нь буулгав. Номыг эс эвдэхийн учирт болой.”Чингэх нь чин үнэнээ хэлэхүлэ чидалтай дээдсийн мутрын авц аа! Гэм эс болно хэмээн мунхаглана”[2] хэмээн тэмдэглэсэн байна.

“Босгож болох хэмээн үг алдсан” буюу “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”  судар 6 бүлэгтэй бөгөөд эрт дээр цагт шувуу тэжээж амь зогоогч нэгэн эм адуу адуулагчаас нэгэн хөвүүн, түүний хойно нохой адуулагчаас нэгэн хөвүүн, түүний хойно гахай адуулагчаас нэгэн хөвүүн, түүний хойно шувуу адуулагчаас мөн нэгэн хөвүүн төрүүлж дөрвөн хүүтэй болжээ. Шувуу тэжээж маллаж олсон орлогоороо дөрвөн хүүгээ тэжээж амь зууж, хойш хурааж хуримтлуулсаар тус бүрт нь гэр авч өгч хүмүүн болгожээ.

Тэгээд шувуу адуулагч тэр эх олсон орлого, хураасан эд агуурсаараа нэгэн их суварга босгож буян үйлдсү хэмээн сэтгэж Их хаандаа очиж гурвантаа сөгдөн мөргөж “Их хаан аа! Би гуйланч шувуу хадгалагч эм бөлгөө. Шувуу хадгалсан үнэ хурааж эцэг өөртэй дөрвөн хөвгүүддээ гэр авч өгөөд хүмүүний зэргэд оруулав. Олсон эд таваар минь олон бөлгөө... нэг их суварга босгосу би! Айлдан соёрх” хэмээн айлтгасанд Их хаан анхаарал үгүй зарлиг үл болгон суугаад сэтгэлдээ тэгш агуулан үзэж “Гуйланч шувуу адуулагч эм гагцаар шувууны үнэ хурааж өөр эцэгтэй дөрвөн хөвгүүдийг хүн болгоод олсон эдээр агуу их суварга босгох энэ ямар гайхамшигтай буй” хэмээн сэтгэлдээ санаад “Тэр мэт үйлдхүлэ болох” хэмээн зарлиг соёрхов. Тэнд тэр эм үлэмж их баясаад Их хаанд олонтоо мөргөн эргээд, өөрөөн гэртээ харив.

Эх дөрвөн хөвүүн лүгээ тав, нэг боол бүгдээрт нэг их заан, нэг илжиг буй бөлгөө. Тэр хоёроор шороо чулуу ачиж зөөгөөд, тэнд их суварганы ендр дэлдээд / суурь тавиад хэмээсэн утга Т.Б/ суварганы гурван үе барьсан”[3] цагт Балбын орны хамаг хүн ам үг нэгдэж энэ гуйлгачин эм ганцаараа суварга барьж байна. Ингүүлж болохгүй. Тэгвэл хаан, түшмэл, баяд, ноёд, сайдууд бидний нэр төрд хортой. Муухай юм болно гэж хэлэлцээд Их хаандаа учирлан ятгахад хариуд нь “Би босго хэмээн үг алдсан /мөний/ төлөө би хаан хүн нэг зарлигтай буй заа” хэмээгээд бусад хүмүүн хорьтол эс болж босгуулав. Тэр суварганы нэр “Босгож болох хэмээн үг алдсан суварга хэмээн алдаршивай”[4] хэмээн эл сударт өгүүлжээ.

Ингээд суварга барих ажил сааталгүй цааш үргэлжилжээ. Эхийн ачийг хариулахын тулд ариун буянт үйлсийг нь эцэг өөр дөрвөн хүүхэд нь үргэлжлүүлэн 3 жилийн дотор дуусгажээ. Их буян үйлдсэн Эх Тангаргын охин тэнгэр Брамсоха хэмээх бурханы  оронд бурхан болж, дөрвөн хүвүүн нь бүгдээрээ сайны мөрөөр  орж адуу адуулагчийн их хөвүүн цэвдэг хүйтэн мөсний хязгаар оронд ном тэтгэгч их хаан, гахай адуулагчийн хөвүүн ахынхаа тэр оронд хамба, нохой адуулагчийн хөвүүн мөн тэнд буюу цэвдэг хүйтэн мөсний хязгаар орон дахь тэнгэр, чөтгөр, хүмүүн гурвын хортон бүгдийг номхотгогч хүчит нэгэн, шувуу  адуулагчийн хөвүүн болохоор цэвдэг хүйтэн мөсний хязгаар оронд гурван ах нь бурханы шашинд орж төр баригч хаан, шажин баригч хамба, хортон бүгдийг номхотгогч богд болох цагт ах нараасаа хагацалгүй тэрхүү орны их түшмэл болж сайн төрөлд эргэн төрж байна.

Ингэж эцэг өөр ч эх нэгтэй ах дүү дөрвөн хөвүүн буяныг аривжуулж бузрыг ариусгах зам мөрд шуудран орох агаад тэдний нигүүлсэнгүй сэтгэлийг жишээ нь уг туужид “адуу адуулагчийн хөвүүний зүүн гүрээнээс нэг хөх түрүү ирж хазахад тэсэн ядаад, алгаараа илэхэд хөх түрүү үхсэнийг үзээд агуу нигүүлсэхүй сэтгэл төрж ерөөл талбисан нь: “Би цэвдэг хүйтэн мөсний хязгаар оронд ном тэтгэгч их хаан болон төрөх цагт энэ хөх түрүү миний үр болон төрөөд номоор явах болтугай” хэмээн ерөөл талибав”[5] гэх зэргээр содон сонин шигтгээгээр сонирхлыг улам нэмэгдүүлж уран бөгөөд яруу сайхнаар хүүрнэн өгүүлжээ.

Энэ бүх зүйлийг харж үзэж, сонсож сонжиж, басхүү тэрүүхэндээ горьдож хүлээж байсан, эх болоод  ах дүү дөрвийн ажил үйлсэд хөлс асгаруулж хүчин зүтгэлцсэн илжиг “Надад нэгэн сайн ерөөл талбимуй за” хэмээн сэтгэж байтал, ерөөл юугаар эс ерөөсөнд илжиг урин /уур хилэн/ төрж “цэвдэг хүйтэн мөсний хязгаар оронд чи ном тэтгэгч хаан болж төрөөд чи бурханы шашинд орох тэр цагт би номд үл баясагч зарлигийн нэгэн түшмэл болон төрөөд хаан чиний юу ч үйлдэх үйлс чинь эрхгүй түйдэхүй болон төрөх минь болтугай!”  хэмээн ерөөл талбив. Тэр мэт өгүүлэхийг нь боол сонсож “Чи тэр мэт шулмас түшмэл болон төрөөд номд дургүй /болж/ үйлдэх цагт чиний хуурмаг арга хүчин бүгдийг хариулан эвдэн үйлдэгч номын түшмэл болон уран аргат нэгэнд төрөх минь болтугай!” хэмээн ерөөл талибав. Бас их заан ийн хэмээн сэтгэн “Надад  нэгэн сайн ерөөл талбимуй за” хэмээн сэтгэж байтал, ерөөл юугаар эс ерөөсөнд тэр уурлан: “Би өдий чинээ шороо чулуу ачиж хүргэвч надад ерөөл өчүүхэн ч эс хүртээв. Та бүгдийн үйлдсэн шажин түүнийг би хааны хөвүүн буюу эс бөгөөс ач болон төрж би таны шажиныг эвдэн сөнөөх болтугай!” хэмээн ерөөл талибав”[6] хэмээн тууж цааш үргэлжилж, үйл явдал нь улам сонирхолтой болно.

Өөрөөр хэлбэл хорвоо ертөнцийн юм бүхэн өөр хоорондоо шүтэн барилдлагатай, нэгээс нөгөөд шилжиж төгсгөлгүй үргэлжилнэ. Нэг нь нөгөөг үүсгэн нөхцөлдүүлнэ. Юуг ч мартаж, юуг ч тоомсорлолгүй орхиж үл болно, бүгдийг уялдаа холбоо, уламжлал шинэчлэл, хөгжил хөдөлгөөн дунд нь авч үзвэл зохино гэдгийг номложээ. Ариун суваргыг эх болоод ах дүү дөрвөн хөвүүн бүтээхэд боол, илжиг болоод заан хүртэл бүгдээрээ хүчин зүтгэлцэж идэвхийлэн оролцсон. Түүнийг мартаж болохгүй, мартсанаас болоод ирээдүйн их зөрчил, тэмцлийн үүд хаалга нээгдэж байна гэдгийг “Жарүн Хашорын тууж”-д сургамжлан өгүүлж ийнхүү сэрэмжлүүлсэн байна.

Ер нь “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” судрын эрхэм нандин эрмэлзэл, эгээрэх чухаг ухаарал, ерөөс уг бүтээлийг туурвин бүтээж, гэрээслэж үлдээх болсны уг сурвалж, ул үндэс нь үүнд байгаа бололтой. Тухайлбал “Жарүн Хашор” хэмээн алдаршсанаар суварганд эргэл мөргөл, тахил барьсны ач тус номлосон дөтгөөр бүлэг”-т сайн үйлийн 79 жишээг нэгд нэгэнгүй ширхэгчлэн нэрлэж дурдсан бол уг туужийн ““Жарүн Хашор” хэмээх их суваргыг тахин, насны цаг үед таван цөвүүн цаг болох цагт эвдэрснийг сэлбэх хэрэг үйлд, билэг хийгээд цаг мөч үзүүлсэн тавдугаар бүлэг”-т болохоор цөвүүн цаг үе ирж буйн үндсэн шинж тэмдгийг тодорхойлох 119 өнгө тэмдгийг хураангуйлан өгүүлсэн байх аж.

Хэдийгээр уг судар бичгийг Огторгуйн далай хэмээгдэх Монгол туургатны аугаа их багштан Ойрадын Зая бандида Намхайжамц хэдэн зуун жилийн тэртээд төвд хэлнээс өөрийн зохиосон тод монгол бичигт хөрвүүлж Батмөнх даян хааны угсаат Халхын долоон хошуу хийгээд бүх даяар монголчуудын хүртээл болгосон ч орчин цагийн крилл үсэгт буулгасан нь эдүгээ анх удаа мөн тул судрын агуулгаас зарим нэг зүйлийг эрхэм хүндэт уншигч танд ишлэн сонирхуулахад огтхон ч илүүдэхгүй буй заа хэмээн сэтгэв.

“Жарүн Хашор” хэмээн алдаршсанаар суварганд эргэл мөргөл, тахил барьсны ач тус номлосон дөтгөөр бүлэгт гэхэд “Хэн алгаа хамтатган мөргөгч бүгд үнэхээр ариун мөрд орох болъюу. Түүнд мөргөл хэн үйлдсэн бүгд мянган хүрд орчуулагч Загарварьди  хаан болон төрьюү. Хэн эргэн үйлдэгч бүгд дээд төрлийн долоон эрдэм лүгээ төгсөх болъюу”[7] хэмээжээ. Энэ мэтээр эргэл мөргөл, тахил барьсны 79 ач тусыг эгнүүлэн жагсааж дурдсан ажгуу.

“Жарүн Хашор” хэмээх их суваргыг тахин, насны цаг үед таван цөвүүн цаг болох цагт эвдэрснийг сэлбэх үйлд, билиг хийгээд цаг мөч үзүүлсэн” тавдугаар бүлэгт цөвүүн цаг ирж буйг ямар ямар шинж тэмдгээр мэдэж мэдэрч болохыг номын их багштан Бадамсамбава Ширээ сахигч их хаанд нэгд нэгэнгүй айлтган өгүүлж анхааруулан сэрэмжлүүлжээ. Эдгээрийг арай ахиу дэлгэрэнгүй өгүүлсү.

“...Аглаг хийд бүгдэд эгэл гэргийтэн дүүрэх буй.

Сүм хийд бүгд байдал нь хороо шивээ болох.

Хуврагын орд харш бүгд алаач зандалчид гэрлэх.

Аглаг агуйн дияанч нь дүйвэр /хөл үймээн/ таалан талд буух.

Их бясалгагч нь тариа тарин ертөнц эдлэх.

Сэжиг алдрагсад эд таваар амраглан үйлдэх.

Гэлэн нүгүүд гэргий аван ертөнц эдлэх.

Банди нар бүгд дээрэм хулгайд мэргэжин алах тэргүүтэн арван хар үйлд шажины дээрэмч болох.

Аймаг улс бүгдийн зүрхэнд атааны салхин орон, эвдрэл хий мэт үйлдэх буй....

Хийд сүмийн зарим нь малын хашаа болох.

Тахил сүм нүгүүд шороонд дарагдмуй.

Тэр цагт тойдын зүрхэнд хан ад орох.

Тарничийн зүрхэнд албин орох.

Эрийн зүрхэнд биднэр /хөлчин/ орох.

Хүүхдийн зүрхэнд элээ чөтгөр орох.

Эмсийн зүрхэнд охин ад орох.

Чавганц нарын зүрхэнд тангаргийн ад орох.

Охидын зүрхэнд дүүлэх ад орох.

Ер ч хүмүүн бүгдийн зүрхэнд нэжээд чөтгөр оршмуй.

Тийм муу ёр ирсний бэлгэ нь биед хувцас өөр олон зүйлийг өмсөх болъюу.

Тойд хэрэг гайс хийх дуртай болно.

Чавганц нар нүүрээ толинд үзэн өнгө засан мэсээр сахих.

Ер хүмүүнд хар санаа олон болно...

Улс аймгийн ноён бүгд сэтгэлийн эзэн үл болно.

Хорт эвдрэл тэмцэлд дуртай болох.

Эр хүн хуурмаг аргатай болно.

Ичүүр жигшүүр үгүй болон хулгай дээрэмд дуртай болох.

Эм хүн биеийн эзэн үл болох.

Эгэл хар хүн ном номлох.

Түшмэлийн ам нь бардам болох.

Засдаг абшиг ном хөтөлбөр өгөгч олон болох.

Хуурамч хүмүүн их бясалгагчийн дүр барих.

Хурц сайраг /уран цовоо үгтэй хүн/ хэлтэй хүмүүнийг цэцэнд тоох.

Тангаргаа эвдсэн бүгд омогтой болох.

Хааны орныг харц хүмүүн эзлэх.

Хаан хүмүүн албат болон буурах.

Яргач зандалчин хүмүүний түрүү болох.

Их хилэнцэтийг баатар сайн эрд тоох.

Нууц тарнийн гүн увидас үзүүлэгч дээд ламыг нохой мэт үзэх.

Сэтгэлээс урвасан шавь нар бүгд арслан мэт омгорхох болъюу.

Шулмасын хувилгаан урвуулсан буруу үзэлд орох болъюу.

Лам юугаа нуугаад өөрөө мэргэлэн үйлдэх.

Шидтэн мэргэд сайн тойдууд бурханы дээд номын ёсоор явагчийг элдэв зүйлээр муутган доромжлох...

Арван хар нүгэл бүрийг үйлдэгч хүмүүн бүгд эл шар номт дээл өмсөн аль бүгдийг хууран үйлдэх мэт хараал хийгээд нүгэлт тарни сураач олон болох.

Муу санаатай тойдууд олон болох.

Идээнд хор холин үйлдэх болъюу.

Ер хүмүүн хуурмаг аргын худалдаа эрхлэх болъюу...

Эртний хамаг үйлсийг орхин элдэв муу үйлсийг шинээр эрхлэх...

Зуд турхан, мөндөр хяруу болоод тариа төмс үл ургамуй. Урьдын эзэд хийгээд арван хоёр охин тэнгэр нар хилэгнэж, хүмүүн адуусанд гэнэтбүрийн /гэнэтийн/ үхэл хийгээд үл танигдахуй /үл хүссэн өвчин/ тахал түймэр мэт ирэх.

Гэнэт газар хөдлөн ус оргин үер болоод шороо гал болон түймэр шатах болъюу.

Их хий салхин хөдлөөд хийд сүм суварга, хот балгад гэр тэргүүтнийг нэгэн агшин зуур эвдрэх болъюу. Тэр цагт энэ их суварга эвдрэн гав гарах болъюу...

Номлохуй бүтээхүй шажин хэсэг тасрахуй цаг...

Шар хувцаст чоно дуу дуулах цаг...

Бурханы ном хэвийн зангиа мэт алдрах цаг.

Хүмүүний ном өвсний боодол мэт алдрахуй цаг.

Хааны засаг сулдан нуур мэт хатахуй цаг.

Аймаг улсын засаг жаргалангийн мод хугарахуй цаг.

Өөр өөрөө засаг ичих ёсон алдрахуй цаг.

Ном айлдагч хүмүүний эрх хүчин мөхөхүй цаг.

Ном үгүй ичгүүргүй хүмүүн тэргүүлэн номлох цаг...

Эгэл хүмүүн ном номлон, абшиг өгөх цаг.

Махч галзуу хүмүүн олныг тэргүүлэх цаг...

Тангараг үл сахин цаазгүй хийгээд эхгүй болохуй цаг.

Өөр өөрөө дураар явж үйл явдал хохирох цаг.

Тэр мэт хамаг муу ёр цаг ертөнцөд болхула энэ их суварга эвдэрсний гэмээс болмуй”[8] хэмээжээ.

Цөвүүн цагийн шинж тэмдгийн илрэл болсон ийм юм бүгд 120 ажгуу. Юм юм л бодогдуулж байна. Аглаг хийд эгэл гэргийтнээр дүүрээд сүм хийд бүгдээр шороонд дарагдаж хороо шивээ, зарим нь малын хашаа болох, аглаг агуйн дияанч нь хөл үймээнээр талд бууж, гэлэн санваартнууд гэргий авч шашны ёсоо умартаад банди нар нь бүгдээрээ хулгай дээрэмд мэргэжээд гэж айлтгасан нь нэг их танил бидний мэдэх дүр зураг мэт бодогдоод, аймаг улсыг захирагчдын зүрхэнд атааны салхин орж эвдрэл хий үйлдэх энүүхэнд, улс аймгийн ноёд хэлсэн, хийсэн үйлсдээ буюу сэтгэлдээ эзэн эс болно гэсэн нь нүдэнд тун тод тусч байна.

Хүн бүрийн, тухайлбал тойдын зүрхэнд ад, тарничийн зүрхэнд албин, эрийн зүрхэнд хөлчин орж хуурмаг аргатай болно, эмс хүүхэн, чавганцын зүрхэнд хүртэл ад орж биесээ эзэмшиж эс чадна, хүүхдүүдийн зүрхийг чөтгөр эзэгнэнэ, хар санаатай хүн олон болно гэжээ.

Ном эрдэмгүй хүн ном номлож, худал номлогчид олширч, түшмэдүүд ам бардам дээрэнгүй болно. Хуурамч хүн их бясалгагчийн дүрд хувилж, уран цовоо үгээр чалчагсад хурц сийрэг ухаантан, цэцэн мэргэнд тооцогдоно. Хаан болоод харц хүмүүн байраа сольж, ам тангаргаа мартагсад бүгдээрээ дийлдэшгүйеэ омогтой болж, яргачин зандалчин нь хүмүүний тэргүүн болно. Их нүгэл үйлдэгч хилэнцэт хүмүүс баатар сайн эрд тооцогдож, ном тарнийн увидастангууд нь нохой мэт дорд үзэгдэнэ гэжээ. Ном үгүй ичгүүргүй хүмүүн тэргүүлэн номлох цаг ирнэ. Номтой нь дордож эрх хүчин мөхөсдөнө. Эгэл хүн ном номлогч болж хувираад абшиг өгдөг цаг ирнэ. Тэр цагт махчин галзуу хүмүүн түмэн олныг тэргүүлдэг болно хэмээжээ.

Арван хар нүгэл үйлдэгчид ариун номт бүхнийг хуурч мэхлэн үгүйрүүлж хараал хийгээд нүгэлт тарни судлаач олширно. Хуурмаг худалдаа эрхлэгчид олон болно. Урьдын зан үйл мартагдаж, шинэ ёс заншил дэлгэрэхүй цагт эртний хамаг үйлсийг орхиод элдэв муу муухай үйлсийг шинээр эрхлэж эхэлнэ гэсэн аж.

Зуд турхан, мөндөр хяруу унаж тариа төмс ургахаа больж, тэнгэр газар хилэгнэн хүмүүн төрөлхтөн болоод амьтан адгуусны ертөнцөд үл мэдэгдэх өвчин эмгэг тахал түймэр мэт тархана. Гэнэт газар хөдөлж, ус оргилж гал, усны гашуун зовлон нөмөрнө. Эдгээр нь нэгэн агшин төдийд бүгдийг эвдэлж сүйдэлнэ. Тэр цагт энэ Жарүн Хашорын суварга эвдрэн гав гарч цуурна гэжээ.

1599-1662 оны хооронд аж төрж, бүтээж туурвиж байсан Огторгуйн далай хэмээгдэх Монгол туургатны аугаа их номын багштан Ойрадын Зая бандида Намхайжамцтаны төвд хэлнээс өөрийн зохиосон тод монгол бичиг рүү хөрвүүлж түмний хүртээл болгосон “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” хэмээх үлэмжийн үнэт ховор нандин судар эл бүтээлийг түмэн олонд өргөн баригчийн   эцэг их гэвштэн Бандийн Санжид хадгалагдаж, улмаар хүүд дамжин уламжлагдаж эдүгээг хүргэсэн байх агаад Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн уран бүтээлийн шагналт, Данзанравжаагийн яруу найргийн наадмын тэргүүн байрын “Мөнгөн цом”-ын эзэн зохиолч, сэтгүүлч Б.Чимид  ийнхүү орчин цагийн кирилл бичигт хөрвүүлүүлэн буулгуулсан нь юутай бахархалтай, бас юутай бахдалтай сайхан үйл явдал билээ гэж сэтгэл ихэд уясан баяснам. Тэгэх тэгэхдээ гурван хэл дээр буюу төвд, тод монгол, орчин цагийн кирилл бичиг үсэг дээр нэгэн зэрэг гэдгийг бүр ч олзуурхан онцлууштай. Түм буман хүн уншиж сонирхож санаж сэднэ. Судлагдахууны чухал хэрэглэгдэхүүн болж ашиглагдана. Буурал аавынхаа гэгээн дурсгалд зориулсан хамгийн үнэт номон суварга болж үнэхээр чадсан байна.

Зохиолч, нийтлэлч Бадрахын Чимид бол уншигчиддаа нэгэнт танигдсан туршлагатай уран бүтээлч. Тэр “Үүрийн мөнгөн шүүдэр” /1996/, “Уул усны заяа”/1997/, “Сэтгэлийн хамаатан”/2000/, “Өргөмөл заяа”/2006/, “Сэтгэлийн орчлон”/2010/ зэрэг яруу найргийн номууд, “Диваажинд уулзья” /1998/, “Миний хотын өнгө” /2002/, “Хүний орчлон”/2010/, “Ижий бурхан” /2014/ зэрэг үргэлжилсэн үг, нийтлэлийн олон ном зохиол хэвлүүлжээ. Тэрбээр нийтлэлийн бүтээлүүдээрээ “Нарны навч”/2019/, “Бургасны самар”/2019/, “Чулуужсан мод”/2019/, “Элсний үнэр”/2019/, “Цэв цэнхэр”/2021/, “Сарны бидэр”/2022/, “Час улаан”/2023/ хэмээх цуврал найман дэвтэр хэвлүүлсэн нь утга зохиол, сэтгүүлзүйн судлаач шинжээчдийн анхаарлыг ихэд татсан байдаг юм.

Тэднээс нийтийн дунд алдаршиж түгсэн нь “Диваажинд уулзья” эсээ дурсамж нь. Үүнийгээ зохиогч мөн л өөрийн эцэг Бандийн Санжид зориулж туурвисан ба эдүгээ 15 дахь удаагаа хэвлэгдээд байгаа болно. “Диваажинд уулзья” эсээ дурсамжид зохиогч Монголд цөвүүн цаг ирж байгаа тухай буюу Увс аймгийн Малчин сумын төв дэх Цалгарын хийдийн сүйрэл мөхөл, тэнд шавилан сууж байсан эцэг Бандийн Санжид тохиолдсон үнэн бодит үйл явдал, үр хүүхдүүддээ үлдээсэн захиас даалгаврын тухай өгүүлжээ.

“Тэр нэгэн намрын дунд сарын хуйсгануур салхитай өдөр Цалгарын хийдийн төв дуганы үүдэнд хэн нэгэнд үл ойлгогдох бяцхан ёслол эхэлж төдөлгүй өндөрлөв. Эсэргүүн хэмээгдэж эрдэм номт багш нар нь баригдаж ойрноос хурал ном хурахаа больж, шон дээр багшран байсан сүсэгтэн мөргөлчдийн тэр олон морь малаас нэг нь ч үл үзэгдэнэ. Ташуу энгэрт дээлээ өмсч орхимжоо ёс төдий эгэлдэргэлэсэн гурван залуу лам юунд бэлтгэж юу аялуулаад байгаа нь үл ойлгогдоно.

-За шашин номын сайхан цаг өнгөрч цөвүүн цаг ирлээ. “Гурвуулаа диваажинд уулзацгаая” гэж хоолойгоо чичрүүлэн хэлсэн тэр хүн энэхүү дурсамжийн эзэн, бидний хайрт эцэг Бандийн Санж байв аа. Аавыг ингэж хэлэхэд нөгөө хоёр болох Чоноохны бор Ёндон... нар үл мэдэг толгой дохин шүүрс алджээ”[9] гэсэн үг өгүүлбэрээр уг эсээ дурсамж эхэлж байна. Өнгөрсөн зууны гучаад онд Монгол оронд хэлмэгдүүлэлтийн хуй салхин дэгдэж 700 гаруй сүм хийдийг эвдлэн сүйтгэж, эрдэм номтой лам нарыг нь баривчилж хоморголон хэлмэгдүүлсэн аймшигт үйл явдлын тухай өгүүлж байна. Тэр үед зохиогчийн эцэг Бандийн Санж цэл залуухнаараа, урьд өмнө нь лам нарынхаа ам, гар хоёрыг харж явснаас биш хэзээ нэгэн цагт бүх юм өөрийн толгой дээр бууж яахаа мэдэхгүй гэмших, балмагдах зэрэгцэх өдөр ирнэ гэж зүүдлээ ч үгүй явжээ.

Газар, тэнгэр нийлж ганцхан өдөр бүх юм орвонгоороо эргэсэн болохоор Бандийн Санж хар болж хатуу хөтүү амьдралыг туулан зүтгэжээ. Нэг насаараа мужаан хийж нутаг усныхандаа дархан хүн бурхан ухаантай гэж гайхагдан хүндлэгдэх болсон байна. Тэгэхдээ ном судраа хаяж гээгдүүлсэнгүй, хадгалж хямгадаж үр хүүхэддээ цээжлүүлж нүдлүүлж өсгөсөн гэнэ.

“Бурхан дээр ном тавьж болно. Ном дээр бурхан ч тавьж болохгүй” гэж  байнга сургадаг эцэг нь үр хүүхдүүддээ:

-Эрхэм баян эрдэм ном

Удаах баян үр хүүхэд

Адаг баян адуу мал

 

-Том толгойт, хүнийг зарна

Том хөлт хүнд зарагдана

 

-Ном бол бидний багш

Номын утга гэж далай далай

 

Том голоос том загас барьж болдог бол

Том далайгаас  халим барина

Харин горхинооос жараахай л  барина биз дээ.

 

-Эрдэм оройгоороо тодордог

Эрдэмтэй хүн үгээрээ танигддаг

 

-Дуслыг хураавал далай болно

Дуулсныг хураавал эрдэм болно

 

-Эрдэмтэй хүн номхон

Их мөрөн дөлгөөн

 

-Ухаант хүн нэг заагаад сурсныг

Усан тэнэг нэг насаараа үзээд ч сурахгүй гэж хэлж захиж сургамжилдаг байж.

Намайг үхэхэд энэ их судар ном та нарт нэг их хэрэг болохгүй. Та нар ч хадгалж явж чадахгүй гээд хүү Жамцаад “Жадамба” судар, хүү Жамьянд “Алтангэрэл” судар, хүү Чимидэд “Алтан Доржзодов” судар гэх зэргээр айл болгонд нэг нэг ном өгчээ. Бусдыг хүрээ хийдэд, насны эцэст буюу 83 настайдаа 1993 онд тэртээ 1930-аад онд хааж хаалга үүдийг нь цоожлоод явсан Цалгарын хийдээ арай багасгасан хувилбараар эргэж шинээр сэргээн бариулахдаа нийлүүлж санаагаа амраажээ. Тэр ухаант хөгшин хүүхдүүддээ бас “Сайн морины:

 

Тасдах

Зажлах

Залгих гурав зэрэг байдаг. Үүн лүгээ адил сайн хүний

 

Сэтгэх

Хэлэх

Хийх гурав нь зэрэг байдаг юм. Үүнийг битгий мартацгаа гэж захиж

үлдээжээ.

 

Муу юм ертөнцөд олон боловчиг

Муу хүнтэй адил аюулт юм ер үгүй

Муу эд, малыг  зарж арилжиж болном заа

Муу хүнийг захиран засах тусам улам дордъюу хэмээн тэрбээр

“Субашид”-аас иш татан сургамжлаад

Өмхий баас идэгч нохой, гахайд сайн үнэр юун хэрэг

Үл үзэх сохор хүнд зулын хэрэг юун хэрэг

Үл шингэх бадгана өвчтөнд сайн идээ юун хэрэг

Үй балай тэнэгүүдэд дээдийн ном юун хэрэг гэж нэмж хэлдэг байсан байна.

 

Үр хүүхдүүдэд энэ нь өнө мөнхийн захиас гэрээс болж сэтгэлд нь хоногшин үлджээ. Эцгийнхээ эрхэмлэн захиж өвлүүлэн үлдээсэн “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” судрын талаар ч зохиогч бас “Диваажинд уулзъя” дурсамждаа дэлгэрэнгүйгээр иш татаж өгүүлээд цөвүүн цаг ирэхэд:

 

Өнгө, мөнгө хоёр хавчиж хууль үгүй болно

Хавар, намар хоёр хавчиж зун үгүй болно гэсэн өөрийн үнэлгээ дүгнэлтийг хийсэн байна.

Бадрахын Чимидийн унаган мэргэжил нь ойн аж ахуйн инженер. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1977 онд уг мэргэжлээр төгсч улмаар 2005 онд  МУИС-д “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын экологийн нөхцлийг сайжруулах арга зам” сэдвээр биологийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалжээ.  “Эко Ази” дээд сургуулийн профессор. Үндсэн мэргэжлээрээ буюу нийслэл Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор тасралтгүй 21 жил ажиллажээ. Эдүгээ ч эл ажлаа үргэлжлүүлж зөвлөхийн албыг хашсаар яваа.

Өнгөрсөн хугацаанд яруу найраг, уран нийтлэлийн цөөнгүй ном бүтээсэн бол түүнээсээ ч олон олон номыг мэргэжлийн сэдвээрээ туурвижээ. Зах зухаас нь дурдвал “Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс”/2000/, “Хотын тохижилтын ажилд шаардагдах шаардлага, стандарт”/2006/, “Орчноо цэцэрлэгжүүлье”/2004/, “Ландшафтын архитектур”/2004/, Хотын ногоон байгууламж, бага ландшафт, дендрологийн үндэс/2009,2014/, “Гэр хорооллын цэцэрлэг”/2007/, “Мөөг”/2013/... гээд үргэлжилнэ. Ийм ном, эрдэм шинжилгээний бүтээл 24 байгаа юм.

Тэр олон сайхан шүлэгтэй. Шүлгийнх нь талаар цөөнгүй зүйл хэлж болно. Тэгэхийг энэ удаад азнан хойш тавиад зөвхөн ганц ширхэгийг иш татья. Энэ бол түүний Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом”-ын тэргүүн шагнал хүртсэн номонд нь орсон бүтээл нь болно.

 

Будаг ч үгүй, энгэсэг ч үгүй чиний арван зургаахан нас

      

Будаг ч үгүй, энгэсэг ч үгүй чиний арван зургаахан насан

Булчин ч үгүй, шөрмөс ч үгүй миний арай яданхан насанд

Буцах ч үгүй, эргэх ч үгүй алаг хорвоогийн жамаар

Буруу ч үгүй зөв ч үгүй би анхны хайртай учирсым

 

Гоё сайхан гэдгийг анх би чамаасай мэдэрч

Голт зүрхээ шимширтэл дурлан хайрлаж явсым

Гоо тансаг бүгдийг чамаарай би хэмжиж

Гуалиг төрсөн биеийг чинь түшиж  налаж суусым

 

Ангир цээжинд чинь тэгэхэд хос ногтруу өдөлж гүйцээгүй байсым

Айлын жаахан хархүү танайд  үдэлж амжаагүй явсым

Салаа хоёр гэзэг чинь цагаан туузан цэцэгтэй байсым

Сарнайн улаан уруул дээр чинь балын эрвээхэй суугаагүй явсым

 

Одож өнгөрсөн жилүүд галын цуваа шиг алславч

Онгон зүрхний гүнд чи арван зургаатай л үлдсийм

Хонгор хоёр биесээ анхны харцаар олоогүй бол

Хорвоогийн уудамд чи бид хоёр тэнэж төөрөх байсым

 

Одтой тэнгэрийн дор бие биесээрээ дутаж                                       

Олдошгүй хайрын галаа бадрааж чадахгүй явахым

Түмэн хүний дунд зүг чигээ алдаж

Түнэр харанхуйн уудамд өнчин саран шиг   ганцаардахым

Энэ дэлхийд хүн болж төрөөд хүзүүн дээр толгой хөдөлгөж яваа бол үр хүүхэд төрүүлж үндэс угсаагаа үлдээх, ном зохиол туурвиж түмэн олныг соён гэгээрүүлэх, мод тарьж ургуулан байгаль дэлхийгээ энхрийлэх  гэсэн гурван ариун үйлсийг хийсэн байх ёстой юм гэдэг. Тэгвэл энэ талаар Бадрахын Чимидийг үлгэр жишээ үзүүлэгч гэж бардам хэлж болно. Байгаль эхийн гавьяат ажилтан энэ хүн бүх насаа мод тарих  буянтай сайхан үйлсэд бүрэн зориулж, нийслэл Улаанбаатар хотноо  арван жилийн 23 дугаар сургуулийн өмнө Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит үзэсгэлэнт сайхан цэцэрлэгт хүрээлэнг хүртэл санаачлан байгуулсан байдаг юм.

Монгол Улсын хот тосгодод нийтдээ 20 сая гаруй мод тарьж ургуулах ажлыг гардан удирдаж ажил хэрэг болгосон төдийгүй 2-3 сая мод, бут, сөөгийг өөрийн гараар тарьж ургуулжээ. Эл үзүүлэлтээр түүнтэй өрсөлдөх, зэрэгцэж очих хүн Монголд байхгүй. Хашаанд нь л гэхэд хайлаас голдуу хэдэн зуун  мод, бут найган ганхаж байдаг юм. Тарьсан модны тоо толгой хэд хүрснийг тоймлон хэлэхэд үнэхээр  төвөгтэй гээд тэрбээр үнэн сэтгэлээсээ инээж байв.

Олон сайхан хүүхэдтэй, хориод ач зээтэй. Үр хүүхдүүд нь бүгдээрээ номонд дуртай, модонд хайртай хүмүүс болж өсч хөгжиж байна. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод үржиж нахиалдаг гэдэг билээ. Тийм айл гэр бүл бол Бадрахын Чимидийнхэн буюу “Жарүн Хашорын суваргын тууж оршвой” судрыг өвлөн хадгалж, үргэлжлүүлэн түгээж, түмэн олныг соён гэгээрүүлэгчид мөн болой.

 

Ашигласан ном зохиол ба ишлэлүүд

“Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ.2023

“Монголын шилдэг нийтлэл”. Бадрахын Чимэд 63 дугаар боть. УБ.2015

Бадрахын Чимэд. Диваажинд уулзья /эссе дурсамж/ УБ. 1998

Бадрахын Чимэд. Сэтгэлийн орчлон. /Шүлгийн түүвэр/ УБ.2010

 

РЕЗЮМЕ

Выдающийся ойратский просветитель Зая-Бандид Намхайжамц /1599-1662/ перевёл бесценную сутру «История ступы Жарун Хашора» с тибетского на монгольский язык на письменности “тод-бичиг” или ясном письме, которое он сам создал. Учёный,  писатель Бадрахын Чимед опубликовал данное произведение на кириллице, тибетском и ясном письмах в Улан-Баторе в 2023 году. Данную сутру он унаследовал от своего отца - Баядина Сандж Гевше.

Книга эссе и мемуаров Чимеда «Встретимся в раю», где он описывает данную сутру и судьбу своего отца, не раз издавалась в Монголии.

Исследователь теории и практики монгольской литературы и журналистики д-р Т.Баасансурэн в статье «История ступы Жарун Хашора» представляет читателям анализ содержания и мастерства вышеназванных произведений.

 


[1] “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ. 2023. Уялга үг, 5-6 дахь тал

[2] Мөн номын 15 дахь тал

[3]  “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ. 2023. Уялга үг, 5-6 дахь тал

4 Мөн номын 15 дахь тал

[5]  “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ. 2023. 35 дахь тал

[6] Мөн номын 35-36 дахь тал

[7] “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ. 2023. 48 дахь тал. Дээд төрлийн долоон эрдэм нь сайн язгуурын, үзэсгэлэнт дүрийн, урт насны, өвчингүйн, сайн заяаны, эд баялгийн, их билгийн долоон эрдэм бөлгөө

[8] “Жарүн Хашорын суваргын тууж оршвой”. УБ. 2023. 60-68 дахь тал

[9] Монголын шилдэг нийтлэл. Бадрахын Чимид. 63 дугаар боть. УБ. 2015. 9-10 дахь тал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)