Ч.БЯМБАХАЖИД
Манай улс эрс тэс уур амьсгалтайн дээр хуурайшлын бүсэд хамаардаг. Тэр ч утгаараа нийт газар нутгийн 77 орчим хувь нь бодитойгоор цөлжилт болон газрын доройтлын нөлөөнд тодорхой хэмжээнд автсан дүр зурагтай байгааг судлаачид хэлдэг. Цөлжилт, газрын доройтлын асуудлыг манай улс дангаараа даван туулахад бэрхшээлтэй учир тодорхой хэмжээний хөрөнгө, мэдлэг туршлага, цаашлаад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгаа аж.
Энэ хүрээнд Монгол Улсад 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг өчигдөр зохион байгуулж, холбогдох асуудлуудыг хэлэлцсэн юм.
“Цөлжилт, газрын доройтолтой холбоотой асуудлуудыг олон улсын анхааралд хүргэх нэн шаардлагатай байна”
Зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.
Энэ үеэр БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван “Бид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг олон улсын анхааралд өртүүлэх нэн шаардлагатай байна. Өнөөдөр Засгийн газрын төлөөлөл, олон улсын эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшил, газар ашиглалт, газрын доройтлыг бууруулах чиглэлийн компаниуд оролцож байгаа томоохон хэмжээний чуулган болж байна. Энэ хурлыг зохион байгуулсаны үр дүнд өөрсдөд тулгарч буй асуудлыг олон улсын түвшинд хүргэх, санхүүжилт босгох зэрэг гарц, шийдэлд хүрэх боломж бий болно хэмээн харж байна” гэв.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)