П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон “Габо паблишинг”-ээс хамтран “Мишеле лицейн монгол сурагчид” (1926-1930) сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн “Норфей Арт” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд МУИС-ийн Европ орон судлалын тэнхимийн багш, судлаачид, түүхийн гэрч болсон тэдгээр монгол сурагчдын үр хүүхэд хүрэлцэн ирсэн юм.

Түүхийн хуудас сөхвөл, БНМАУ-ын төр засгийн бодлогоор дунд сургуулийн боловсролтой 35 хүүхдийг 1926-1930 онд Герман, Франц улсад сургахаар илгээжээ. Тэдгээр хүүхэд хожим Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон билээ.

Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны долоодугаар сараас Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. Мөн оны намар тэдгээр сурагч дээр Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар нэмэгдэж Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцсан байна.

Гэвч тус оюутнуудыг өрнийн соёлтой танилцаж, боловсрол эзэмшиж байхад нь ЗХУ болон Коминтерний шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эргүүлэн татсан түүхтэй.

 

Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг давж, алдраа мөнхөлсөн Мишеле лицейн монгол сурагчид

 

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон оюутнууд улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирчээ. Тухайлбал, сурагч Ж.Дүгэрсүрэн 1945 онд хилс хэргээр шоронд хоригдож, 1946-1948 онд нутаг заагдан амьдарч байсан бол сурагч Л.Намсрайд “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул” хэмээх гүжир ял тулгаж, давж заалдах эрхгүйгээр таслан шийтгэж цаазаар авсан байна. Түүнчлэн тэдгээр сурагчдыг Франц улсад суралцах хугацаанд нь удирдан чиглүүлж байсан ихэнх багш нарыг “Хувьсгалын эсэргүү” гэх хилс хэргээр цаазаар авчээ. Мөн М.Гомбожав шоронд нас барж, Ц.Бадамжавын хувь заяа орвонгоороо эргэн эмгэнэлтэйгээр төгссөн гэдэг. Харин хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсэж үлдсэн сурагч Т.Аюурзана хожим төрийн шагналт, гавьяат мал зүйч, академич болсон бол сурагч Ж.Дүгэрсүрэн газар зүй, эрдэм судлалын шинжлэх ухааны анхны доктор болж алдраа мөнхөлсөн байна.

“Мишеле лицейн монгол сурагчид” гэрэл зургийн үзэсгэлэнд Франц улсад сурч байсан тэр сурагчдын гадаад паспорт, виз мэдүүлсэн хуудас, хувийн хэрэг, дурсгалын дэвтэр зэрэг архивын баримт, түүх өгүүлсэн гэрэл зургийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22.  МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)