Н.ЖАРГАЛМАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНСВУ-ын ерөнхийлөгчийн урилгаар хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан энэ удаагийн олон улсын тоймоор Вьетнам улсыг онцлон хүргэж байна. Манай хоёр орон гадаад харилцаа хамтын ажиллагааны өргөн их түүхтэй. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал нь сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдэж буй төрийн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж буйгаараа онцлог билээ.

Вьетнам улс энэ жил дэлхийн дахинд бүс нутгийн томоохон тоглогч гэдгээ батлахаар зорьж буй бололтой. Үүнийг цар тахлын дараа хурдацтай сэргэж буй эдийн засаг, ДНБ-ний өсөлт, хүн амын бодлогоос харж болно. 1995 онд АСЕАН-ы бүлэгт элссэнээсээ хойш 28 жилийн турш бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд голлон анхаарсаар ирсэн. Түүнчлэн Лаос, Мьянмар, Камбожийг АСЕАН-д элсүүлэхээр дэмжлэг үзүүлж арлын орнуудыг эх газрын орнуудтай холбож бүлэг доторх байр сууриа баталгаажуулсаар иржээ. Мөн Европын холбоо, Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудтай олон талт дипломат харилцааг хэрэгжүүлэхэд голлох оролцогч байж бүс нутгийн ашиг сонирхол, ирээдүйн бодлогыг тодорхойлогч юм. Энэ жилийн хувьд Вьетнамын гадаад бодлогод хийгдсэн олон ажлуудын хамгийн онцлог нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Бейдэн есдүгээр сард хийсэн айлчлал зүй ёсоор бичигдэнэ. Энэтхэг улсад зохион байгуулагдсан “Их-20”-ийн уулзалтаас буцах үеэрээ хийсэн энэхүү айлчлалдаа Жо Бейдэн Америк-Вьетнамын харилцааг “Иж бүрэн стратеги”-ийн түншлэл хүргэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Дээрх мэдэгдлээрээ АНУ, Вьетнамын өөрийн холбоотон улс гэдгийг зарлаж цаашлан эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Өөрөөр хэлбэл Вьетнам нь АНУ-ын Зүүн Өмнөд Ази дахь тулах цэг нь болж байна.

Үүнийг дараагаар тус улсын ерөнхийлөгч Во Ван Тыөнг Монгол Улсын Ерөнхийлөгчид урилга илгээснээр энэ сарын 1-5-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамтаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлжилж байна. Айлчлалаар эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, зам тээвэр, аялал жуулчлалын салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцэж, хоёр улсын иргэд визагүй зорчих нөхцлийг бүрдүүлэв. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол-Вьетнамын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэхэд санал нэгджээ. Вьетнам улсын эдийн засаг өнгөрсөн онд найман хувиар өсч гадаад худалдаа 730 гаруй тэрбум ам.долларыг давснаар хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болсон. Энэ жил тус улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түншлэлүүдийг бий болгож, бүс нутгийн тогтвортой байдал уур амьсгалын өөрчлөлтөд голлон анхаарч, дэлхийн тавцанд идэвхтэй дуу хоолойгоо хүргэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)