Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв.  Хуралдааны эхэнд  УИХ-ын дарга Г.Занданшатар  хэлэлцэх асуудлыг танилцуулсан.  Чуулганаар 2024 оны Төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуулийн төсөл, УИХ-ын долоон тогтоолын төслийн талаар гишүүд хэлэлцүүлэг өрнүүлэв.  2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе.

 

Хуулийг гууль болгож байна

 

Хуралдааны дэгийн дагуу асуудал нэмэх, дараалал өөрчлөх горимын саналыг  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар гаргажээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Би гурван санал хэлье. Нэгдүгээрт,  НӨАТ-ын урамшуулал. Би түүх хэлье.  2014 оны есдүгээр сарын 4-ний өдөр НӨАТ-ын урамшууллын нэгжийн төслийн нэгжийг байгуулах тухай Ч.Улаан сайд болон миний гарын үсэгтэй хоёр хувийг буцаан олгоё гэдэг системийг эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын дарга  Батмагнай "Их зөв юм байна" гээд эхэлсэн юм. Одоо энэ буцаан олголтыг таван хувь болгохыг Сангийн сайд Б.Жавхлан та нар дэмжмээр байна. Тэр үед далд эдийн засгийг ил болгож, бүгд НӨАТ төлдөг болъё гэсэн. Энэ бол зөв бодлого. ААН-үүд дээр ямар их дарамт очдог гэж бодож байна. Хоёрдугаарт, Ч.Хүрэлбаатар сайд дээр телевизээр худлаа ярьсан.  Нүүрсний үнэ унаж, төсвийн орлого доошоо буурвал энэ НӨАТ-ын урамшууллыг нэмж болохгүй гэж худлаа ярьж байна.  Энэ яагаад худлаа гэхээр Сангийн сайд Б.Жавхлан та нар Төсвийн тогтворжуулалтын санг идсэн байхгүй юу.  Энэ сан нь түүхий эдийн үнэ нэмэгдсэн үед төсвийн орлогыг авч хадгалдаг.  Буурсан үед нь нөгөө мөнгөө гаргаж нийлүүлдэг ийм сан юм.  Энэ санг Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газар,  дараа нь Ч.Хүрэлбаатарын үеэс эхлээд зүгээр төсвийн цоорхойг нөхдөг болчихсон.  Энэ бол маш их мөнгө устгасан.  2019 оноос эхлээд нэг их наяд 309 тэрбум төгрөгөөр зүгээр л цоорхойгоо нөхсөн. Ингэж болохгүй.   Тэгэхээр энэ сангаа эргэж сэргээх хэрэгтэй.  Тэгэхээр түүхий эдийн үнэ буурч өсөх нь НӨАТ-тай ямар ч холбоогүй. Гуравдугаарт нь,  Ирээдүйн өв сан.  Энэ санг бас алаад идчихсэн.  Болиоч дээ.  Б.Жавхлаан. Хуульдаа 2030 он хүртэл энэ сангаас нэг ч төгрөг зарцуулж болохгүй гээд заасныг та нар хүчиндэж байгаад зарцуулчихсан. Уг нь ирээдүйдээ нөөцөлсөн сан юм.   Тогтворжуулалтын сангаа идчихсэн, Ирээдүйн өв сангаа идсэн.  Тэгээд НӨАТ нэмье гэхээр үгүй гээд байна.  Одоо төсвийн зарлага маш өндөр хоёр дахин өсч орж ирж байна.  Ийм айл дэлхийд байхгүй. Энэ төсвийн зарлагаа багасга.  Ерөнхий сайдыг хэлмээргүй байна. Сангийн сайд Б.Жавхлан,  Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш буруу бодлого явуулж байна.  Хууль Монголд гууль боллоо. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор үг хэлье.  Энэ  хуулийн хэрэгжилттэй холбоотой Ажлын хэсгийг парламент байгуулсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлж, 69 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн.  Гэтэл хэрэгжилт хангагдахгүй байна. Уг нь маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулж өгсөн хууль.  Тэр ч утгаараа аж ахуй нэгж иргэдийн эрхийг хангасан ийм хууль болсон.   Гэхдээ энэ хууль дээр хэд хэдэн асуудал үүсээд байна.  Нэгдүгээрт энэ хуульд ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг маш тодорхой оруулж өгсөн. Мөн хуулийн 8.1 болон 8.2 заалтад яг ийм ийм зөвшөөрлүүд байна гэдгийг хуульчилж нэрлээд хэн олгох вэ гэж заасан. Гэтэл И-Монголиа платформ дээр И-Бизнес гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмсэн байна. Мухлаг, найман нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар гээд байж болох бүх зөвшөөрөл байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн.  Тухайлбал,  нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ, хуулиар өөрчлөхөөр зааж өгсөн.  Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэнд баахан зөвшөөрлийг шинээр өгч байна. Бидний баталсан хуулийг яаж гууль болгож байна гэдгийг нүдээрээ хараад сууж байна. Иргэдээс олон гомдол ирж байна. Энэ асуудлаар Засгийн газарт удаа дараа хүсэлт өгч байна. Өнөөдөр хариултаа авмаар байна.  Мөн дунд шатны авлигын асуудал замаа алдлаа. Бид 35, 69 дүгээр тогтоолоор аль аль хуулийг нийцүүлэх үү гэдгийг маш тодорхой зааж өгсөн.  Витаминтай холбоотой асуудал дээр гэхэд зөвшөөрөл шаардлагагүй гэж заачихаад дунд шатанд буюу ЭМЯ-ны дунд шатны албан тушаалтнууд зөвшөөрөл нэхсэн хэвээрээ л байна.  Тэгэхээр хуулийг гууль болгомооргүй байна. 

 

Г.Занданшатар: Монголбанкийг мөнгө хэвлээд байдаг юм шиг ярьдгаа боль, Сангийн сайд аа

 

Үүний дараа 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдтэй холбоотой гол хэлэлцүүлэг эхэллээ. Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай,  Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж нарын хүмүүс багтжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Дагаж орж ирсэн хууль дээр орон сууцны ипотекийн зээлийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн байна.  Бид ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлнэ гэж яриад эдийн засаг хүндрэлтэй өмнөх жилүүдэд санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж, тохиролцсон зүйлүүд байгаа.  Дэлхий дээр ипотек өгдөг Төвбанк гэж байхгүй. Энэ буруу бодлогыг үргэлжлүүлээд яваад байдгаа хэзээ болих вэ.  Хэзээ Засгийн газар нь авах юм.  Хоёрдугаарт, агуулга нь яах юм. Мөнгө хэвлэх гээд байгаа юм уу. Төвбанк нь мөнгө хэвлээд орон нутагт, нийслэлд зээлийн эх үүсгэврийг нь өг гээд байгаа юм уу.   Ингэж уншигдаад байна. Төсвөө маш их  тэлсэн, мөнгөний бодлого дээр ямар ч орон зай байхгүй ийм үед мөнгө хэвлэж, тараавал бид инфляцаа дийлэхгүй шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ер нь тантай санал нийлж байна.  Ирэх жил төсөв, мөнгөний бодлогоо Төвбанкны зорилтот бодлоготой нийцүүлж ажиллана.  Гэхдээ энэ асуудалд  Төвбанкны үүрэг оролцоог илүү тодруулж оруулах нь зөв байх.  Одоо бол хаанаас ч нэмж мөнгө хэвлэх ямар ч шаардлагагүй болсон. 10 гаруй жилийн хугацаанд дөрөв гаруй их наяд төгрөгийн нийлүүлэлт үүсчихсэн. Сар болгон 30-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирдэг.  Үүнийгээ эргээд гаргаад байхад жилдээ 400-500 тэрбум төгрөгийн эргэлт бий болчихсон.  Одоо шууд Засгийн газарт авчих гэхээр боловсон хүчин, техникийн нөхцөл байдлын хувьд боломжгүй байгаад байна, бидэнд ядаж нэг жилийн хугацаа хэрэгтэй.  Бид Дэлхийн банкны нэг төсөл авсан.  Засгийн газар ямар бүтцээр ямар үүрэгтэйгээр ипотекийн зах зээлийг тогтвортой явч явах уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.  Энэ асуудалд мөнгө хэвлэх, нийлүүлэх хийх ямар ч шаардлагагүй болсон гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Мөнгө хэвлэнэ гэдэг ойлголт байхгүй гэдгийг Сангийн сайд та маш тодорхой хэллээ шүү. Гэтэл зарим гишүүд мөнгө хэвлэх ёстой гэсэн санал санаачлага гаргаад яваад байгаа юм билээ шүү.  Мөнгө хэвлээд бодит орлого өсөхгүй, эдийн засгаа чирнэ.  Ипотекийн асуудлыг Сангийн яам дээр авах гээд байгаа юм уу, Эрчим хүчний яам дээр авах гээд байгаа юм уу.  Үүнийг бас тодруулчихъя.

Сангийн сайд Б.Жавхлан:

-НОСК шиг байгууллага байгуулж таарах байх. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хоёрын аль нэг нь оролцоотой, хяналт тавьдаг байдлаар явна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Сангийн сайд Б.Жавхлан Т.Доржханд гишүүний саналыг дэмжиж байгаа юм байна.  Хуулиараа ч гэсэн  Төсвийн шинж чанартай үйл ажиллагааг Монголбанк санхүүжүүлэх ёсгүй.  Тэгэхээр дагалдах хуульд байгаа тэр заалтыг хасна гэж ойлголоо.  Монголбанк  санхүүжүүлж болохгүй, мөнгө хэвлэхгүй.  Б.Жавхлан сайд банкинд байсан мөртлөө Монголбанк доороо хэвлэх машинтай, мөнгө хэвлээд байдаг юм шиг юм яриад байх юм.  Ард түмний чинь амьжиргаа үнийн өсөлтөд хэлмэгдэж байна.  Ипотекийн зээл ханшид шууд нөлөөлнө.  Үүнийг нэмэгдүүлээд төсвийг тэлээд байж болохгүй.  Ард иргэдийг хамгийн их туйлдуулж байгаа үнийн өсөлтөд Сангийн сайд яагаад анхаардаггүй юм.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Засгийн газар  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хүний хөгжлийг дэмжих ийм том зорилтыг тусгасан.  Энэ чиглэлийн бодлогыг боловсруулахад төсөв дээр ямар асуудлыг оруулж ирсэн бэ. Салбар хариуцсан яам нь энэ асуудал дээр тодорхой хариулт өгч чадахгүй байна.  Хоёрдугаарт, Зам тээвэр, хөгжлийн сайдаас асуумаар байна.  Завхан аймаг энэ жил Азийн хөгжлийн банкны зээлээр Алтай чиглэлд автозам барина. Мөн  Арцсуурь-Нөмрөг чиглэлд 167 км автозамыг концессоор хийхээр шийдвэрлэгдсэн.  Харин төсвийн хөрөнгөөр ганцхан Идэр сумаас Төв зам хүртэлх 12-хон км замыг барих ажил бий.   Хаврын чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр салбарын сайд нь энэ ажлыг хийнэ гэж хэлсэн.  Энэ хэвээрээ юу гэдгийг асуумаар байна.  Дараагийн нэг асуудал нь Л.Халтар сайд салбарын сайдаар ажиллаж байхдаа Тосонцэнгэлийн нисэх онгоцны буудлыг засварлаж, Тосонцэнгэл болоод хойд аймаг, сумдын иргэдийг онгоцоор нисэх боломжийг хангана гэж төсвөөс 280 сая төгрөг авч, онгоцны буудлаа засварласан. Ирэх жил Тосонцэнгэл рүү шууд онгоц нисэх үү. Ганцхан, Завханыхан биш Увс, Хөвсгөл, Архангайн иргэд энэ нислэгийг хүлээж байдаг. Завхан аймагт хоёр удаа онгоц нисдэг. Энэ нислэгт аймаг дахь уул уурхайн ажилчид захиалга өгдөг учраас иргэдэд билет нь олддоггүй. УИХ-ын гишүүн надад ч мөн нислэг олддоггүй хүндрэлтэй байдаг. Тиймээс Завханы нислэг дээр С.Бямбацогт сайд хариулт өгөөч. Мөн Донойн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох зорилт тавьсан гэдгийг сануулмаар байна. 

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Идэр сумын 12 км замыг сайжруулах асуудлыг Зам, тээвэр хөгжлийн яамнаас Сангийн яам руу саналаа явуулсан.  Тэнд нэгтгэхдээ тодорхой баримтлах шаардлагад нийцэхгүй байгаа учраас хасагдсан юм билээ.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед та саналаа оруулах боломжтой.  Нислэгийн тухайд бид энэ жил нэлээд ярьж, хөөрч, хэл ам таталж байж, орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлж чадсан.  Одоогоор есөн аймагт нислэг хийж байна.  Билетийн үнэ бас тодорхой хэмжээнд буурсан.  Дорнод, Говь-Алтай, Өмнөговь аймагт нислэгийн суудал дүүргэлт багатай байна.  Алдагдалгүй нисэх ёстой учраас тодорхой арга хэмжээнүүд авч байгаа. Улиастай руу онгоц нисч байгаа ч уул уурхайн ажилчид нисдэг учраас нислэг олдохгүй байна гэдэгт бид анхааръя. Тосонцэнгэл руу шууд нисэх бололцоогүй.  Яагаад гэхээр"МИАТ" компани ганцхан онгоцтой. Ганцхан онгоцоор есөн аймаг руу нислэг үйлдэж байна.  Завхан аймаг хамгийн сүүлд хатуу хучилттай замаар холбогдсон.  Гэхдээ сүүлийн үед зам тээврийн салбарын бодлогын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Ази, Европ, Орос, Хятадыг холбосон гурав дахь босоо коридорыг Завхан Улиастай, Говь-Алтай хотоор дамжуулан барих ийм бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, Арцсуурь-Нөмрөг-Улиастай-Бургатай гэсэн боомтоор Ази, Европ, Орос, Хятадыг холбосон зам барих ийм бодлогыг хэрэгжүүлж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ирэх оны төсөв өрхийн орлогыг нэмсэн.  Хувийн хэвшлээ дэмжсэн.  Бүтээн байгуулалтыг  дэмжсэн ийм төсөв болсон.  Н.Алтанхуяг гишүүн Тогтворжуулалтын санг бараг л Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар зарцуулаад дуусч байгаа юм шиг ярилаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн.  Хэрэв би буруу санаагүй бол тэр үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Энэ Тогтворжуулалтын санг өөрөө адилхан л хуулийн дагуу зохицуулаад л явж байсан. Тэгчихээд одоо болохоор бусад руу дайрдаг доромжилдог байдал нь хэрээс хэтэрлээ.  Хоёр үгнийх нь нэг нь Ч.Хүрэлбаатар боллоо. Микрофон олдсон боломж дээр улс орон даяар хүн гүтгэж болохгүй. Өнөөдөр эдийн засаг тогтворжоод явж байна.  Гэхдээ энэ тогтворжилт эмзэг байгаа шүү гэдгийг хэлье.  Тэгэхээр бүгдээрээ эдийн засгийн асуудлыг улстөржүүлж хүн гүтгэхээ больё. Тэрбум төгрөг зарцуулж, телевизийн олон ангит урт нэвтрүүлгүүд хийж, дайрч доромжилмооргүй байна.  Н.Алтанхуяг аа,  Ирэх сонгуулиар Увсын тойрогт өрсөлдөх гэж байгаа бол зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь хүн битгий доромжлоод гүтгээд байгаарай.

 

“Төсвийн Ерөнхийлөн захирагч өөрчлөгдөж байгаа учраас Газрын хуулийг оруулж ирсэн”

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2024 оны төсөв өргөн барьсантай холбоотойгоор хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, Газрын тухай хуулийн төсөл орж иржээ.  Өнгөрсөн жил улсын төсөв хэлэлцэхийн хажуугаар Ашигт малтмалын тухай хуульд хулгайн заалт оруулсан. Иргэдийнхээ эрхийг боомилсон, авлигыг өөхшүүлсэн ийм хуулийг баталсан.  Одоо ямар хулгай оруулж ирсэн юм бэ. Газрын тухай хуульд ямар заалт оруулж ирж байгаа юм.  Газрын хуулийг нэг хоёрхон сард багтаагаад баталчих хууль мөн үү. Газартай холбоотой асуудал бол өнөөдөр Монголын хамгийн эмзэг цэг болчихоод байна.  Төсөв батлуулах үеэр нэг хулгай орж ирээд гишүүд төсөв рүү анхаарч байхад хооронд нөгөө хуулиа хэлэлцээд баталчихдаг ийм байдлаа хэзээ болих вэ. Газартай холбоотой асуудал бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.

Барилга,хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Газрын тухай хуулийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өргөн барьсан.  Гэхдээ одоохондоо манайд байгаа мэдээллийн хүрээнд асуултад хариулъя.  Газрын хууль дээр иргэний нийгмийнхэн, орон нутгийн иргэдийн зүгээс тавьж байгаа саналыг нарийвчлан судалж тусгаж байгаа. Тухайлбал, бэлчээрийг тусгай хэрэгжээнд авдаг байсан орон нутгийн эрхийг байхгүй болгосон байсныг эргэн сэргээж байна. Газар олголтыг олон газар эрх мэдлийн хүрээнд өгч байгаа энэ асуудлыг журамлах ийм хууль байх юм.  Ер нь газрыг дуртай субъект нь олгоод байж болохгүй.  Төлөвлөлтийн дагуу газар олгох дүрэм журам манайд хангалттай бий. Гэтэл төлөвлөлтөд гажуудал үүсгээд байна гэдэг нь манай бүтцийн асуудал байна л гэсэн үг.  Тиймээс эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Одоо төсвийн ерөнхийлөн захирагч нь Барилга, хот байгуулалтын яам дээр байдаг.  Төсөв дагуулж өргөн барьж байгаа нь одоо Ерөнхий сайдын доор очиж байгаа юм.  Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч өөрчлөгдөж учраас дээр асуудал нь орж ирж байгаа нь ийм учиртай. Ер нь төсвийн аливаа асуудалд нууж хаах зүйл байхгүй.  Есдүгээр сарын 22-нд бид өргөн барьсан.  Үүнээс хойш бид олон нийтэд ил тод байдлаар хэлэлцүүлэг хийсэн.  Ашигт малтмалын тухай хууль бол төсөвтэй огт хамаагүй тусдаа явж байгаа гэдгийг хэлье.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хууль тогтоомжийн хуулиар Төсвийн хуулийг өргөн барьсан хойноо биш өргөн барихаасаа нэг сарын өмнө хэлэлцүүлэг хийх ёстой байдаг шүү.  УИХ-д ч гэсэн ярьдаг танилцуулдаг байсан. Гэтэл сая төсөв шууд л ороод ирсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Ашигт малтмалын хууль 2006 онд батлагдсан.  Үүнээс хойш маш олон удаагийн өөрчлөлт орсон.  Урт нэртэй хууль, Түгээмэл тархацын хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Бичилын журам нь энэ хуулийг олон тийш нь татаж, салгасан.  Үүнийг эрх зүйн хувьд нэгтгээд 2023 оны гуравдугаар сарын 1-нд хуулийн төсөл бэлэн болсон.  Гэхдээ өнөөдөр арай өргөн баригдаагүй байна.   Тэгэхээр гишүүд маань саналаа өгөх боломжтой шүү.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ж.Ганбаатар сайдад баярлалаа. Энэ хууль батлуулахад их зүйл хийж байгааг чинь ойлгож байна.  Гэхдээ 2023 оны төсөв батлах үед энэ хуульд хулгайн заалт оруулсан. Ард иргэдийн мэдэх эрх, олон нийт хэлэлцдэг асуудлыг байхгүй болгосон. Тухайн нутаг дэвсгэрт уул уурхай эрхэлж байгаа компаниуд хандив өгөхийг, орон нутгийн иргэдийн лоббидохыг дэмжсэн ийм хууль баталсан.  Та бол санаж  л байгаа. Одоо орж ирж байгаа хууль нь сайжирч орж ирээсэй.

 

“Зэсийн АМНАТ олон улсын дунджаас өндөр байна”

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хоёр асуулт байна. Төсөв дагаж орж ирдэг АМНАТ-ийн асуудлыг яах вэ.  АМНАТ-ийн орлого дээр бодлогын маргаантай асуудлууд гарч ирдэг. Давхардуулж авдаг, давхардуулж аваагүй суутгах зарчмаар авдаг гэж бас ярьж байна.Тэгэхээр одоогийн энэ тогтолцоогоор уул уурхай дагасан түүхий эд боловсруулах үйлдвэр хөгжихгүй байна.  Тэр салбарынхантай уулзахаар ярьдаг. Өөрийн уурхайгүй бүхий л боловсруулах үйлдвэрүүд бүгдээрээ дампуурсан. Үүнээс гадна цаашдаа Монголд энэ хууль тогтолцоогоор боловсруулах үйлдвэр хөгжихгүй гэдэг. Яагаад гэвэл, төмөр, жонш, хүдрийн анхны боловсруулалтууд урд хилийн цаана хийгдэж байна.  Манайхан тайлбарлахдаа үүнийг давхардуулж аваагүй гэсэн үндэслэлүүд хэлдэг.  Тэгэхээр ирэх жил уул уурхайн боловсруулах үйлдвэрийг дэмжих АМНАТ-тай холбоотой асуудлыг ямар байдлаар төлөвлөөд байна.  Хэдэн тонн нүүрсээ урагшаа гаргаад үүнийгээ хөгжил дэвшил гэж яриад яваад байх юм уу. Мөн НӨАТ систем гааль дээр яаж ажиллаж байгаа вэ. Монголд ирсэн жуулчин буцаад гарахдаа худалдан авалтынхаа буцаан олголтыг буцаан авах ёстой.  Үүний цаана аялал жуулчлалыг дэмжих том бодлого явж байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Цаашид боловсруулах үйлдвэрүүдэд Б зөвшөөрөл олгож эхэлнэ. Энэ зөвшөөрлийн хүрээнд уурхайгүй, экспорт хийхийг зорьж байгаа тэр хэсгийг төр дэмжих бодлого барьж байна.  Тэдгээр үйлдвэрийг хуулийн зохицуулалттай байлгахын тулд Б зөвшөөрлийг нэмж гаргаж байгаа. Гол зорилго нь боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилго агуулж байгаа. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд оруулсан. Цаашдаа биржээр зарагдсан бүтээгдэхүүн бол тухайн биржийн үнээр л АМНАТ тооцно.  Бүх бүтээгдэхүүнээ биржээр зарна.  Зэсийн АМНАТ олон улсын дунджаас өндөр байна.  Тэгэхээр зэсийн АМНАТ-ийг шинээр орж ирж байгаа компаниудад олон улсын түвшинд хүргэж авна.  Оюутолгой, Эрдэнэт бол өөр бодлоготой.

Сангийн сайд Б.Жавхлан:

-АМНАТ гэхээр бид эрдэс баялгийн эцсийн бүтээгдэхүүн гэдэг ойлголт байдаг. Эцсийн бүтээгдэхүүн хүртэл шат шатанд нь АМНАТ-ийг цэвэрлэх байдлаар авдаг суурь зарчимтай. Энэ бол татвараас өөр зүйл шүү. Ашигтай, ашиггүй ажиллаж байгаа нь хамаагүй. Ард түмэнд төлөх ёстой гэдэг Үндсэн хуулийн суурь ойлголтоор төлж байгаа төлбөр юм. Тиймээс АМНАТ дээр ойрын хугацаанд өөрчлөлт хийх бодлого байхгүй. Ирэх 2024 оны төсөв дээр ч өөрчлөлтгүй орж ирж байгаа. Жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өгч эхэлж байгаа. Хуулиа баталчихсан.   Уул уурхайн боловсруулах шатыг дэмжих нь бидний хувьд тусгамдсан асуудал гэдэгтэй санал нэг байна.  Ялангуяа нүүрсэн дээр түүхийгээр нь гаргах 5-10 жилийн цонх байна.  Түүнээс цаашаа тултал нь боловсруулалт хийж гаргахгүй бол бидэнд зах зээл хумигдана.  Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-нээс боловсруулах шатанд технологийн тоног төхөөрөмж орж ирвэл гаалийг нь бүрэн чөлөөлж байна.  НӨАТ-ыг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хойшлуулах ийм шинэ зохицуулалт хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Тэр “Б” зөвшөөрөл энэ тэрийг нь сайн мэдэхгүй байна.  Тийм шаардлага байдаг ч юм уу, үгүй юу.  Уул уурхайн салбарынхан хоёр л зүйлийг хэлдэг.  АМНАТ-ийн татвар, жишиг үнэ хоёрыг л ярьдаг.  Өнөөдөр боловсруулах үйлдвэр байхгүй байгаа нь өөрөө бодлогын том өөрчлөлт биднээс шаардаж байна.

 

“Гашуунсухайтад 10-аад жил гацсан төмөр замыг холбоно”

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Төсөв хэлэлцэх далимаар хуулиудад өөрчлөлт хийдэг байдлыг хэзээ болих вэ. Дагалдах хууль тогтоол гээд хэд хэдэн асуудал байна. Эдийн засгийн байнгын хороон дээр орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Зээлийн санхүүжилтийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцна гэж санал оруулаад хасуулсан. УИХ, Засгийн газар Монголбанкны асуудлыг оруулж ирэхдээ өөрсдөөс нь санал авахгүй байгаа нь зарчмын хувьд том алдаа болж байгаа. Цаашлаад маш олон асуудлыг хөндсөн асуудлууд байна. Худалдан авах ажиллагааны хуульд нэг том заалт орж ирснийг уншиж танилцуулъя. "Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын Олон улсын гэрээ, эсвэл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорлигоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлж жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер, сонгон шалгаруулалт зарлаж болно" гэсэн энэ заалт ямар учиртайг Уул уурхайн сайдаас асуумаар байна. Ер нь энэ хууль дэндүү их сэглүүллээ. "Эрдэнэс тавантолгой" компани дээр л гэхэд 17 их наяд төгрөгийн оффтейк гэрээг төрийн нууцад оруулаад хийчихсэн. Одоог хүртэл учир шалтгааныг нь хэн ч тогтоогоогүй байна. Дээр нь Засгийн газар 10 жил гэрээ хийх эрх олж авах гэж байна. Хэрэв алдаатай байвал, үүний хариуцлагыг хэн үүрэх вэ.  Нэг компанид давуу эрх олгох гээд байгаа юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Долдугаар сард УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоол дээр Биржийн тухай болон Худалдан авах ажиллагааны хуульд нэмэлт орохоос өөр аргагүй болж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Гашуунсухайт дээр 10-аад жил гацсан ажлыг хөдөлгөх юм. Цаад талаасаа Хятадын төрийн өмчит компани төмөр замаа тавьчихсан. Гэтэл бид юу ч хийгээгүй. Одоо манай зам наана нь оччихсон. Холболт хийх дутуу байгаа. Энэ бүтээн байгуулалттай холбоотой. Цаад тал үүргээ биелүүлэхийг шаарддаг. Бүтээн байгуулалт хийж байх хугацаанд жил бүр 5 сая, тэрнээс цааш жил бүр 20 сая тонн нүүрс худалдан авах шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой өөрчлөлт орж ирсэн.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-"10 жил хүртэлх хугацаатай гэрээг хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах этгээдтэй" гэсэн байна шүү дээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 

-Төмөр замын холболтын асуудал л байгаа. Үүнийг сайжруулахын тулд энэ өөрчлөлт орж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Тэгвэл төмөр замын холболтын асуудлыг заавал энэ хуультай холбох ямар шаардлага байгаа юм. Хайгуул, олборлолтын асуудал стратегийн ордод зөвхөн Тавантолгойгоор хязгаарлагдахгүй. Бусад ордуудыг эзэмшигчдэд бас эрх нээж өгөх гээд байна. Тиймээс яг ямар асуудлыг шийдвэрлэх гэж энэ асуудлыг оруулж ирж байгаа вэ.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-"Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этггээд нь хил дамнасан бүтээн байгуулалтын ажилтай холбоотой УИХ-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагааны тасралтгүй үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг хамтад нь гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулахад тендер зарлаж болно" гэсэн нэмэлт оруулж байгаа. 

 

“Улсын зургаан эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан байна”

 

УИХ-ын гишүүд Ш.Раднаасэд:

-Эмнэлгүүд дээр чанарт үндэслэсэн худалдан авалттай холбоотой дүрэм журмаа баталсан уу. Мөн баригдаж байгаа барилгуудын төсөв өсөөд байгаа асуудал. Ингээд харахад, улсын эмнэлгийн газрыг хувийн эмнэлгүүд, сургуулийн газрыг нь хувийн сургуулиуд, цэцэрлэг ч ялгаагүй газрыг нь авчихсан байна. Үүнээс хамаараад эмнэлэг сургуулийн төсөвт өртөг өсөөд байна. Өөр газар барих гэхээр төсөвт өртөг нь өснө. Уг нь одоо байгаа эмнэлэг, сургуулийн газруудад өргөтгөл хийх боломжтой байдаг. Улсын зургаан эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан байна. Анх захирлууд нь ажилчдын орон сууц барих нэрийдлээр аваад хувийн эмнэлэг болгосон. Одоо хавдрын эмнэлгийн төсөв сараар өсөж байна. Хавар дөрөвдүгээр сард 90 сая ам.долларын өртөгтэй гэж байсан хавдрын эмнэлгийн барилга одоо 178 сая ам.доллар болж орж ирсэн байна. Бариулахгүй байх сонирхол байгаа юм уу. Эсвэл нэг мөсөн сайн чанарын юм хийе гээд байгаа юм уу. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өртөг ингэж өдрөөр өөрчлөгддөг болсон юм уу. Хавдрын эмнэлгийн газрын зураг гурван жилийн өмнө гарсан гэж байгаа. Одоо дахиад нэг сараар хойшилж байна. Ингэж төсөвт өртгөө өсгөдөг. Газар олголттой заалт оруулъя гэдгийг гишүүд дэмжээд өгөөрэй.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Хавдрын эмнэлгийн зураг төслийг 2021 онд Барилга, хот байгуулалтын сайдын багц дээрээс 960 төгрөгөөр гэрээ хийсэн ч одоог хүртэл дуусаагүй явж байгаа. Цаанаасаа нэмэлт санхүүжилт нэхээд байна гэж надад тайлагнасан. Одоогоор 476 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Одоогийн хуульд хууль бусаар олгосон газарт барьсан барилгыг буулгах эрх зүйн зохицуулалт байгаа. "Авлига хороолол" дээр яг энэ асуудал байна. Яг буулгах шийдвэр гаргахаар шүүх рүү өгчихдөг. Шүүх нь түдгэлзүүлдэг. Төсөвт өртөг нэмэгдсэн дээр COVID-19 цар тахалтай холбоотой асуудлууд бий. Төсвийг нь 2-3 жил дамнуулаад тавихаар өртөг өсөж байгаа.  

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Манай яамнаас Хавдрын эмнэлгийн зураг төслийн ажлын даалгаврыг өөрчлөх санал огт өгөөгүй. Яагаад ингээд үнээ нэмчисэн юм бэ, манайх зургийн даалгавраа өөрчилсөн юм уу гэдгийг холбогдох хүмүүсээс нь тодруулсан. Тийм даалгавар өгөөгүй. Гэтэл гүйцэтгэгч компани нь 2.9 тэрбум төгрөг нэмж өгвөл зургийн ажлыг чинь дуусгаж өгнө гээд сууж байгаа юм билээ. Одоо зөвхөн хар эскиз зураг нь л гарсан юм билээ. Хар зургийг нь аваад энэ компаниас салах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай яамнаас зургийн даалгаврыг нь өөрчилчихсөн юм шиг ярьж болохгүй. Барилга хот, байгуулалтын яам ийм худлаа мэдээлэл өгч болохгүй шүү.

-Барилга хот, байгуулалын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат:

-Миний хариулт буруу ойлголт төрүүлчих шиг боллоо. Зураг төслийн ажлын даалгавраас болсон гэж хэлээгүй. Зураг төсөл боловсруулах шатанд гүйцэтгэгч компани "Эмнэлгийн стандартын дагуу нийтдээ таван блок байх шаардлагатай байна. Тиймээс стандартынх нь дагуу эскиз зургаа боловсрууллаа. Цаашид энэ дагуу зураг төслийг нь хийвэл өртөг нь нэмэгдэх нь" гэсэн. Хэрэв энэ дагуу хийх боломжгүй гэвэл гэрээ цуцлах саналтай байна гэдгээ хэлсэн гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)